7 дугаар хорооллын усны асуудлыг шийдэх бололцоо нээгджээ
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг Ус сувгийн удирдах газрын ажил байдалтай танилцжээ. Нийслэлийн 1 сая 200 мянган иргэнийг ундны усаар хангаж буй тус газрын үүх түүх 1959 оноос эхэлдэг. Хоногт 150-160 мянган куб метр ус газрын гүнээс олборлож байна гэдэг яриагаар Ус сувгийн удирдах газрын дарга Б. Пүрэвжав танилцуулгаа нээв. Ус сувгийн удирдах газрынхан орон сууцны оршин суугчдыг төдийгүй гэр хорооллын иргэдийг ундны усаар хангах үүрэг хүлээдэг юм.
Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын оршин суугчдын бохир усыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг гол асуудал байжээ. Тэгвэл өнгөрсөн онд Дэлхийн банкны санхүүгийн тусламжтайгаар Дамбадаржаагийн гэр хорооллын цэвэр, бохир усны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсанаа танилцууллаа. Мөн ирээдүй рүү чиглэсэн хэд хэдэн ажил хийж гүйцэтгэжээ. Тухайлбал хоногт 24 куб метр усыг Гацууртаас олборлохоор болсон байна.
Ингэснээр шинээр баригдах орон сууцны 7 дугаар хорооллын усны асуудлыг шийдэх бололцоо нээгджээ. Солонгосын буцалтгүй тусламжаар Койкатай хамтран Нисэх, Яармагт баригдах орон сууцны шинэ хорооллын усны асуудлыг ч шийдэхээр судалж байгаа аж. Энэ бүхэн зөвхөн өнөөдрөөрөө амьдрах биш ирээдүйн ундны усны хэрэгцээний төлөө ажиллаж буйн нотолгоо гэж тэрбээр хэллээ.
Шинэ оны ажлыг Ус сувгийн удирдах газраас эхлүүлж буй нь санамсаргүй хэрэг биш гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг онцоллоо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1200 гаруй аж ахуй нэгж байгууллага бий. Ус сувгийн удирдах газрыг сонгосны учир нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг энэ хамт олон амин чухал хэрэгцээ болсон усыг та бидэнд түгээж байна. Ус чандмань эрдэнэ гэж манай өвөг дээдэс эртнээс дээдэлж хүндэлж ирсэн. Усыг рашаантай зүйрлэх нь ч бий.
Хүний биеийн 80 хувь нь уснаас бүрддэг гээд дурьдаад байвал ус шиг чухал зүйл байхгүй. Ус сувгийн удирдах газар ирэх онд та бидний амин чухал хэрэгцээ ундны цэвэр усыг түгээхийн зэрэгцээ өөр олон ажил хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн орон сууцны иргэд хоногт 204 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын иргэн 7 литр ус хэрэглэж байна. Гэр хорооллын усны хэрэглээг өсгөж, орон сууцанд амьдарч буй иргэний усны хэрэглээг бууруулах бодлого барьж буй юм байна. Нийслэлийн өрх бүр, хүн бүхэнд хүрч ажилладаг энэ байгууллагыг нийслэлийн зүгээс бүхий л бололцоогоор дэмжиж тусална гэж хэлэв. Улмаар, тус байгууллагын ажил байдалтай танилцсныхаа дараа нийслэлчүүдийн ундны усны стандарт, аюулгүй байдлыг хянаж байдаг усны лабарторийн тоног төхөөрөмжийг үзэж сонирхов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ