Манайхан пауэрлифтингийн спортыг хүндийн өргөлттэй андуурдаг
2015-07-28

Олон улсын хэмжээний мастер М.ГалсайханМанай улсын Пауэрлифтингийн спортын шигшээ багийн тамирчид Азийн аваргаас 22 медаль хүртжээ. Тэд өнөөдөр Спортын төв ордонд мэдээлэл хийсэн юм. Энэ талаар 2014 оны азийн аварга, Олон улсын хэмжээний мастер М.Галсайхантай ярилцлаа.

 

 

-Юуны өмнө Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн танай багийн бүх гишүүдэд баяр хүргэе. Ямар төрөлд хэдэн тамирчин медальтай ирсэн бэ?

 

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сарын 21-26-ны хооронд Хонг Конгт Пауэрлифтингийн азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ тэмцээнд нийт 17 орны тамирчид өрсөлдснөөс манай улсын тамирчид 22 медальтай эх орондоо ирлээ.  Тухайлбал, мастер-1 ангилалд багаараа түрүүллээ. Насан хүрэгчдийн ангилалд явсан бүх тамирчид медальтай ирсэн.

 

-Хэд хэдэн килограмд, хэн хэн гэж тамирчин өрсөлдөв?

 

-Пауэрлифтингийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж 30-иад тамирчин оролцсон байгаа. Тухайлбал, 66 кг Б.Баярбаатар. 74кг Б.Амарбат, 83 кг М.Галсайхан, 93 кг Т.Амарзаяа,  105 кг Ш.Батзул,  120 кг Т.Сайфолла, 120 кг Б.Гантулга, 57кг Т.Даваа нар насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн.

 

Харин өсвөрийн ангилалд 59 кг Б.Сүхбат, 66 кг .Г.Мөнхтэмүүлэн, 66 кг П.Лундааноров нар, залуучуудын ангилалд  66 кг Б.Лхагвахүү, 105 кг А.Нямдорж, 57 кг Б.Булган нар оролцлоо. Үүнээс  гадна мастер ангилал буюу ахмадын ангилалд 74 кг С.Энхбат, 93  кг Б.Наранбаатар, 93 кг Ю.Сүх-Очир,  105 кг Д.Тэмүүлэн, 105 кг Л.Ариунжаргал, 120 кг Л.Жаргалсайхан, 120 кг П.Отгонмөнх,  +120 кг П.Моломжамц, 74 кг Д.Намжилдорж нар өрсөлдсөн.

 

 

-Таны хувьд өнгөрсөн жил Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан. Харин энэ жил ямар медаль хүртсэн бэ. Аль улсын тамирчид сайн байна?

 

-Өрсөлдөгчид ширүүн байлаа. Миний жинд дэлхийн аварга  хоёр ч хүн өрсөлдсөн. Тэдэнтэй өрсөлдөөд энэ жил хүрэл медаль хүртлээ. Казахстан пауэрлифтингээр дэлхийд тэргүүлдэг. Олон дэлхийн аваргатай. Мөн Иран, Тайванийн тамирчид жигд юм билээ.

 

 

-Хувийн рекордоо шинэчлэн тогтоосон гэж сонссон.

 

-Тиймээ. 790 кг жин өргөдөг байсныгаа 810 болгож, хувийн рекордоо шинэчлэн тогтоосондоо баяртай байна.

 

2015 он. Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр

 

-Таны хувьд хэддэх жилдээ энэ спортоор хичээллэж байна вэ?

 

-Зургаа дахь жилдээ хичээллэж байна. 2010 оноос улсын чанартай тэмцээнүүдэд орж эхэлсэн.

 

 

-Сая оролцсон Азийн АШТ-ээс бусад орны тамирчидтай харьцуулан өөртөө дүгнэлт хийсэн байх. Юун дээр алдаж байна, давуу тал чинь юу вэ?

 

-Монголчууд цээжиндээ бяртай байдаг юм уу, хэвтээ шахалтад илүү амжилт гаргадаг. Мөн газраас таталтад амжилт үзүүлж байгаа. Ерөнхийдөө техникээ төгс болгох хэрэгтэй. Бэлтгэлээ сайн хийвэл болох биз дээ.

 

 

-Хүндийн өргөлтийг манайхан сайн ойлгодоггүй. Пауэрлифтинг, хүндийн өргөлт хоёр юугаараа ялгаатай юм бэ?

 

-Манайхан пауэрлифтингийн спортыг хүндийн өргөлттэй андуурдаг. Энэ спорт нь штанктай суулт, цээжний шахалт, газраас таталт, нийлбэр дүнгээр дөрвөн медаль авах боломжтой. Харин хүндийн өргөлтийн спорт нь олимпийн төрөлд ордог. Огцом, түлхэлттэй.

 

 

-Тамирчин хүнд бэлтгэл, сургуулилт чухал байдаг. Та бэлтгэлээ хаана хийдэг вэ?

 

-Би пауэрлифтингийн Монголын холбооны шигшээ багийн тамирчин гэж явдаг. “Алагтай цэцэн” клубт бэлтгэлээ хийдэг.

 

-Дэлхийн болон олимпийн тэмцээнд оролцож эхний гурван байранд орсон тамирчдад улсаас тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлдэг. Пауэрлифтингийн дэлхийн аварга болоход чинь улсаас тэтгэмж өгсөн үү?

 

-Манай энэ спорт олимпийн төрлийн бус гэдэг болохоор улсаас харж үзэх тал дээр тааруу байдаг.  Пауэрлифтинг спорт 2016 онд Олимпийн төрөлд орно гэж ярьж байсан ч чадаагүй. Олимпийн төрөлд ороход нэг тэмцээнд 75 орноос дээш орны тамирчин орох, жилд ямар тэмцээн зохион байгуулж байна гэсэн шаардлагыг хангаж ордог юм билээ. 2020 оны олимт орох болов уу гэсэн итгэлтэй байна.

 

 

-Пауэрлифтингийн тамирчдын техник хэрэгсэл бэлтгэл хийхэд хэр хүрэлцээтэй байдаг юм бэ?

 

-Пауэрлифтингийн спортын хувцас, хэрэглэл нь бэртэл гэмтлээс хамгаалсан зориулалтын байдаг. Тухайлбал, нуруундаа  юм оруулахгүйн тулд бүс бүсэлж, өвдгөө бооно. Манайд байдаггүй. Гадаадад үйлдвэрлэдэг болохоор өндөр үнэтэй байдаг болохоор өөрийнхөө мөнгөөр авдаг.

 

-Улсаас энэ спортыг хэр дэмждэг юм бол?

 

-Миний бодлоор ялгавартай ханддаг юм шиг санагддаг. Олимпийн, олимпийн бус гэдэг болохоор олимпийн төрлөө топ спорт гээд жүдо, бокс, буудлагаа дэмжээд явчихдаг. Бусад сайн спорт байдаг ч тэднийгээ дэмждэггүй. Хэрэв улсаас сайн дэмжээд өгвөл хөгжих боломжтой.

 

-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Эцэст нь таны хэлэхийг хүссэн зүйлийг асуулгүй орхисон бол хэлнэ үү.

-Тусалж дэмждэг хүмүүстээ талархал илэрхийлэх нь зүйтэй байх аа. Мөн багшийнхаа тухай дурьдалгүй өнгөрч болохгүй. Х.Энхболд багшийнхаа ачаар би өдий зэргийн тамирчин болсон. Багш маань Азийн АШТ-д олон удаа оролцоод бүгдээс нь медаль авсан. Өөрийнх нь жин яг дундаж болохоор оролцогч олон, өрсөлдөөн ширүүн болдог юм билээ. Манай улсын пауэрлифтингийн спортын оргил амжилтыг үзүүлсэн гарцаагүй манлай тамирчин даа.

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Наран

Shuud.mn
Сонин хачин
gogo:
Hezee ch olimpod orohguiee.bohir sport.delhiid hogjoogui.bas ervvl mendiin esreg.ternii orond bodybuilding hamaagui deer shvvdee.erthen amidralaa bodood oor zvil hii
2015-07-29