Адуутай, айрагтай нутгаар

img

Гэрэл зургийг MPA.MN

Адуутай, айрагтай нутгаар аялаад ирлээ. Үдийн наранд гүүн зэлнээ унага үүрэглэж, холгүй орших дугариг нууранд ялаархсан адуу хурж зогсоно. Гэрийн баруун хатавчинд өлгөсөн том хөхүүрт айраг шуугин иснэ. Хүүхэд, багачууд айраг бүлэх хуваарьт ажилтай.   Жижигхэн бор хүү модон сандал дээр зогсоод айрагны бүлүүрээ дааж ядан, хуваарьт ажлаа гүйцэтгэж, хөдөлмөрт суралцана. Энэ завсар хоймроо "Дэмбээ мэдэх үү, чи? Ганган ганцаа Хоёрын холбоо Гунан гурваа...” гээд л уран дэмбээний аялгуу уянгалж, дэмбээ наадна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ бол адуутай, айрагтай нутгийн зуны дэлгэр цагийн амьдралын нэгээхэн хэсэг нь. Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн их Даншиг наадмын үеэр “Хөхүүрийн шилдэг айрагны дээжээр мялаалга өргөмүй” уралдаан, айраг сурталчлах өдөрлөгийг “Айрагны нутгаар”, “Байгаль хамгаалах сан” ТББ-уудаас санаачлан зохион байгуулсан юм. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

Энэхүү ажиллагаанд дөрвөн аймгийн 20-иод сумын 30-аад өрх оролцож хэний хөхүүрийн айраг хамгийн сайхан, ямар хүний хийсэн хөхүүр шилдэг нь, хэн нь сайн дэмбээчин гэдгийгээ шалгаруулж, адуутай, айрагтай нутгийнхан өрсөлдлөө.

 

Тэднээс хөхүүрийн хамгийн сайхан айрагтай өрхөөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн малчин Д.Энхбаярынх шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнуулсан. Харин Булган аймгийн Могод сумын малчин н.Лхагвасайхан, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын н.Ганболд нарын хөхүүрийн айраг удаах байрт шалгарч тус бүр 500 мянган төгрөг гардлаа. Гутгаар байранд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын н.Шаарав, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын П.Жаргалсайхан, Сантын М.Чулуун, Бүрдийн Б.Ганзул, Есөнзүйлийн н.Мягмарсүрэн нарын хөхүүрийн айраг шалгарч, тус бүр 250 мянган төгрөгийн шагналыг хүртсэн билээ. Хөхүүрийн сайхан айргийг шалгаруулахдаа шүүгчид айргийн дээжийг амсаж, дугаарлаж нарийн журмаар дүгнэсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан.   

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гүүний сүүг хөрөнгөлөн бүлж, айраг исгэх өв, соёл, уламжлал халх монголчуудад хадгалагдан үлджээ. Нутаг, нутгийн цаг уурын онцлог, өвс ургамлын бүтэц, гарцаас шалтгаалаад айраг исдэг, исдэггүй нутаг гэж байдаг байна. “Айрагны нутгаар” ТББ-аас ажиглалт судалгаа явуулсны үндсэн дээр айраг исгэдэг бүс нутгийг тодорхойлжээ. Түшээ хан аймгаар айргийн хүрээ хязгаарлагдаж байгаа гэнэ. Энэ нь Булган, Өвөрхангай, Архангайн хойд талын сумд, Төв аймаг, Дундговийн хойд талын сумд гэсэн үг аж. Мөн Баянхонгор, Хэнтий аймаг, баруун аймгийн зарим суманд айраг исгэдэг байна. 

 

“Айрагны нутгаар” ТББ-ын тэргүүн Ч.Сосорбарам “Өндөр гэгээн олон талын авьяаст хүн байсан. Монгол наадам, Даншиг наадам, найр “Түмэн эх” дуугаар эхэлдэг. Энэ дууны түүх ч энэ хүнтэй холбоотой байдаг. Тиймдээ ч Өндөр гэгээний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадмаар айргийн мялаалга өргөх арга хэмжээ зохион байгуулж байна.  Нүүдэлчдийн түүний дотор монголчуудын хувьд идээ ундаа амьдрал, ахуйд байдаг нэгэн чухад идээ ундаа бол айраг. Монголын нууц товчоонд хүртэл энэ тухай дурдагдсан байдаг. Энэ их соёлоо одоогийн малчид ямар түвшинд, яаж авч явж байна вэ. Монголын  уламжлалт соёлын нандин өв гэж нэрлэгдэх хөхүүрийн айргийн ач холбогдлыг залуу үе маань яаж ойлгож байна вэ. Экологийн энэ цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүмүүс нь яаж хэрэглэдэг юм бэ гэдгийг таньж, таниулах нь чухал. Бид эрдэмтэд, малчид, сумдын дарга нартай уулзлаа. Хөхүүрээ сэргээе гэдэг үйл ажиллагаа зохион байгуулсан нь амжилттай явж байна. Өвөрхангайн Өлзийтынхөн идшинд хэрэглэсэн үхрийнхээ ширийг зарах бус хөхүүр хийгээд ашигладаг болсон гэж ярьж байна. Хөхүүрийн айраг, хөх савны айраг хоёрын ялгааг хүмүүс мэддэг болжээ” хэмээн ярьсан.

 

 

Мөн айрагтай холбоотой хэд хэдэн шинэ технологийн туршилт, судалгааны ажил хийгдэж байгааг ч хэлсэн. Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Францын холбодох хүмүүстэй хамтраад айргийг хуурай сүүний маягтай хэрхэн хадгалах вэ гэдэг судалгааг хийж байгаа. Түүнчлэн манай холбогдох компаниуд айргийг гадаадад яаж хуурайгаар гаргах талаар судалж буй гэсэн. Айраг үйлдвэрлэлийн талаар эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэд ч цөөнгүй байдаг юм байна.

 

 

“Хөхүүрийн шилдэг айрагны дээжээр мялаалга өргөмүй” үйл ажиллагаанд оролцсон Өвөрхангайн Сант, Өлзийт, Хужирт сумдын иргэд хамгийн сайн, сайхан хөхүүртэй шагналын эзэд болсон. Харин уран аялгуу, хурц хараа, сэтгэхүйн бяр сорьсон уран дэмбээ наадсан хүмүүсийг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын малчин н.Тогтохбаатар тэргүүлж, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун дэд, Өвөрхангай аймгийн Сант сумын малчин Ц.Далхаа гутгаар байрт шалгарсан юм.

 

Эцэст нь энэхүү үйл ажиллагаанд өргөн хүрээтэй, идэвх санаачлагатай оролцогчдыг шалгаруулж, шагнаж урамшуулахад Өвөрхангай аймгийн Өлзийт сумынхан манлайлж, Төв аймгийн Дэлгэрхаан сумын олон удаалж, Өвөрхангайн Хужирт, Сант, Бүрд сумынхан дараах байрт багтсан юм.

 

Гүүгээ барьж, айргаа исгэж, өв, соёл, монгол ёс уламжлалаа өвлөж, тээж, өвлүүлж үлдээхээр хөдөлмөрлөж яваа эгэл малчин олноос онцгойг нь онцлоход амаргүй байсныг шүүгчид хэлж байсан.

 

Цаашдаа монгол айраг,  түүнийг хийх өв уламжлалыг ЮНЕСКО–д бүртгүүлэхээр манай зарим байгууллага хамтран ажиллаж байгаа билээ. Манай улстай Казахстан, Киргиз улсууд өрсөлдөж байгааг мэдээлж байсан. Хэрэв манай улсын зорилго биелэх ахул эцэг, өвгөдөөс уламжлан ирж, өвлөн тээж яваа бидний их соёлын нэг монгол айраг дэлхийд данстай болох юм.

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhee:
Heden sogtuu baagii nar l harageaj bna
2015-07-30