“Ардчилал”-ыг өдөр бүр тордъё

img

 “Миний эрх чөлөөнд халдаж болохгүй, би ардчилсан орны иргэн шүү” хэмээн цээжээ дэлддэг байсан үе  25 жилийн тэртээ ард хоцорч, энэ үгний үнэ цэнэ өнөөдрийн  хөгжил цэцэглэлт, басхүү алдаа, оноогоор хэмжигдэж байна.   

 

 

 Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдсаны ойн энэ өдрүүдэд “хажуу айлын, ангийн найзуудын эцэг эх, ах эгчээс эхлээд сургуулийн багш нар хэсэг бүлгээрээ үе үехэн ганзагын наймаанд Эрээнийг зорьж, байшин, орцны булан тохойд “Тохиролцооны дэлгүүр” нээгдэж,   том төмөр хашаатай, үүдэндээ манаачтай, монголчуудыг  тусгай үнэмлэхээр оруулдаг  “орос дэлгүүр” хаалгаа барьж, оронд нь “Ханбүргэдэй” гэх монгол дэлгүүртэй болсон. Дан байрны зарим хүүхдүүд орох оронгүй болж, траншейнд амьдарч эхэлсэн, нийгэм картын бараанд шилжиж дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй. Хичээлээсээ тарж ирүүт хувцсаа дөнгөж солиод үеийн найзуудтайгаа “ХИД-II”-т  талханд дугаарлан зогсдог байсан  гээд тээр жилийн эрээн бараан үйл сэтгэлд тодхон  дуурайн бууж, хүүхдүүдээ яривал нүд нь орой дээрээ гарч, ам нь ангайж гацахаар дурсамж санагдана. Гэвч энэ бол нэг хүний биш нийгмийн түүх болохоор тэд итгэхээс  яах билээ. Тэгээд ч тэр үед  10 гаруйхан настай байсан хүүхдүүд өнөөдөр буюу 25 жилийн дараа тохи суусан завгүй хүмүүс болцгоож.

 

Монголын анхны ардчилсан сонгуулиас хойш иргэн бүр сонгох, сонгогдох эрхийг   эдэлж, хэрэгжүүлсээр  ирлээ.   Нэг намын тогтолцоотой, нэг л хүнийг сонгочихдог байсан монголчууд ардчилсан нийгэмд шилжсэнээр анх удаа олон нам, нэр дэвшигчээс сонголтоо хийх эрх нээгдэж, хариуцлага нэмэгдсэн.  “Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа бол ард түмэн нь  ардчиллын зарчмаар төрөө сонгох явдал. Гэвч үүнд тайван замаар, цус урсгалгүйгээр хүрсэн  улс хуруу дарам цөөн гэдгийг дэлхийн ардчилсан гүрнүүдийн түүх бэлхнээ гэрчилдэг билээ. Харин  Монгол Улс  дарангуйллаас ардчилал руу хүчирхийллийн замаар бус зөвшилцлийн аргаар тэр тусмаа ардчилсан сонгуулийн үр дүнгээр шилжин орж чадсан”-ыг Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ онцлон дурдаж байсан.

 

Анхны ардчилсан сонгууль явуулахад нэр дэвшигч хайж байсан гэвэл өнөөдөр зарим хүмүүсийн элэг хөшмөөр.    Анхны ардчилсан сонгуульд нэр дэвшиж, сонгуулийг зохион байгуулалцаж явсан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Би Завхан аймагт өнөөдрийн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж байлаа. Тэр үед намаасаа нэр дэвшүүлэхээр тухайн аймаг, сумандаа нэр хүндтэй, боловсролтой нэг багшид санал тавихад татгалзаж байсан юм даг” хэмээн дурсаж байсан.  Хэдийгээр төрийн тогтолцоо ардчилсан нийгэмд шилжсэн ч иргэдийн сэтгэлзүй, төлөвшил соц үеийн сэтгэлгээнээс хараахан гараагүй байсантай холбоотой байх.  Тэр үеийн нэр дэвшигчид өнөөдрийнх нь өрсөлдөгчөө харлуулж, өөрсдийгөө цайруулж, сонгогчдыг өнгө мөнгөөр худалдан авах гэж оролдоогүй,   цэвэр, шударга өрсөлдсөнөөрөө онцлогтой.  Нэр дэвшигчдийн сурталчилгаа гэхэд үндэсний нэг телевиз, цөөн тооны сонинд өгсөн ярилцлага,  бичгийн цагаан цаасны хэмжээтэй танилцуулгаар хэмжигдэж байсныг өнөөдрийн тэрбум тэрбумаар хэмжигдэх сонгуулийн сурталчилгааны зардалтай харьцуулшгүй. Сонгогчид нэр дэвшигчдийн  бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй танилцаж, анхны ардчилсан сонгуульд 98 хувийн ирцтэйгээр оролцсон нь  өнөөдрийн нийгмийг баталгаажуулан тамгалсан үйл явц аж. Сонгуульд оролцох сонгогчдын оролцоо жилээс жилд буурсаар ирсэн. Үүнийг  төр, нийгмийн зүтгэлтэн Д.Содном “Монгол улс их сайн хөгжсөн. Ялангуяа ардчилал, хүний эрх, эрх чөлөө маш сайн хөгжсөн. Одоогийн сонгуулийн системд гол үүрэг гүйцэтгэж байгаа субъект нь улс төрийн намууд. Тэгэхээр энэ улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларч байна гэсэн үг. Ер нь төр засгийг барьж байгаа улс төрийн намуудад иргэд итгэл буурч байгаа нь бидний анхаарах асуудал. Магадгүй 25 жилийн өмнөх шигээ УИХ болон улсын Бага хуралтай байвал зүгээр юмуу гэж харж байгаа” хэмээн онцолж байна.  

 

Ардчилсан нийгэмд шилжсэн 25 жилд төрийн эрх барьсан аль ч улс төрийн хүчин ядуурлын эсрэг бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Улс орон хөгжиж, иргэд хөрөнгөжсөн хэдий ч ядуурлын төвшин 30 хувиас буугаагүй.  Цаашид хэрхэх талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би Монголд төрсөн юм гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн энэ ололтоо, Бид “Монголд үйлдвэрлэв” гэдэг эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн хөгжил дэвшлээрээ баяжуулах цаг маань биднийг бас хүлээж байна.Ардчиллын дархлаа нь хүчирхэг эдийн засаг байдаг. Сул дорой эдийн засагтай оронд ардчилал жинхэнэ утгаараа хөгжих боломжгүй. 2015 оноос дараагийн 25 жилд хүчирхэг эдийн засагтай, чинээлэг нийгэм бүхий Монгол орныг цогцлооё. Энэхүү нийгмийг цогцлооход ажил хөдөлмөртэй, мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг монгол хүн юу юунаас чухал” хэмээн уриалж байна лээ.

 

1990 оны анхны ардчилсан сонгуулийнхаа үр дүн өнөөдөр Монгол Улсын хөгжил, дэвшил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр үнэлэгдэж байгаа билээ. Тиймээс ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Дэлхий дахинаараа ардчилал, хүний эрхийг дээдлэхийн төлөөх үйлсэд Монгол Улс тэргүүлэгч”- хэвээр байхыг захисан.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид бол ардчиллыг хүний амьдралтай, хүнтэй адилхан зүйл гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт, хүн оролцож бүтээдэг үйл явц  юм. Тийм учраас бид ардчиллын төлөө өдөр тутам хичээн зүтгэж, ардчиллаа тордох хэрэгтэй. Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй. Ардчиллыг байгаа дээр нь тордож арчлах хэрэгтэй”  хэмээн зөвлөлөө.

 

Өнгөрсөн хугацаанд Монголын ардчилалд  толбо, сэв суулаа гэх шүүмжлэл байнга дагалдаж ирсэн.  Тиймээс  иргэн бүр хууль дүрмээ сахиж, сонгуульд хойрго оролцдог хандлагаа өөрчилж, ардчилалсан сонголтдоо “цаг гаргая”.

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ