Өгий нуурын шивнээ

img

Амгалан дөлгөөн урсгалаар нь нүдээ баясгаж, аядуу намуун чимээгээр нь чихээ чимж, зөөлөн элст эрэгт нь саатаад л баймаар тэр цагаан нуурын эрэгт амсхийв.

 

Гэрэл зургийг Г.Өнөболд

 

Зуны шөнө оддын гэгээнд цав цагаанаар туналзах Өгий нуур ертөнцийг бүүвэйлэх мэт намуухан урсана. Бороо, ногооны анхилам үнэр ханхлан, амар амгаланг мэдрүүлнэ. Нуурыг тэнгэрийн хаяанаас зааглах намхан хар уулын хормойд жуулчны баазын, зугаалагчдын машины гэрэл гялалзана. Агаар салхинд амарч, зугаалах гэсэн олон шөнө, өдрийг үл ялган наашаа зорьжээ. Арга ч үгүй биз. Улаанбаатараас хамгийн ойрхон цэнгэг устай нуур бол Өгий гэж газрын зурагт тэмдэглээстэй буй хойно. Энд ирэгсдийн зарим нь жуулчны баазад тухлахыг таашаадаг бол нөгөө хэсэг нь нуурын эрэгт ойртож, майхнаа хатган буудаллахыг илүүд үздэг бололтой. Чийгтэй газар, хүмүүсийн “...майхнаа баръя, гэрлээ унтраа, шумуул бужигнаад байна, нуурын ус бүлээн байна уу, өглөө хясаа түүнэ...” гэж ярих нь чимээлж, төдхөн харанхуйн гүнд уусан алга болно.

 

Нуурын нөгөө эргээс машин наашлахад гэрэлт ус долгилж, үе үехэн сэвшээнд их усны мандал бидэртэнэ. Тэндээс машин айсуй л. Энд тийм ч хурдан ирэхгүй. Энэ нуур 7.9 км урт, 5 км өргөн, 25.7 км.кв талбайтай. Оддын гэгээн доорх цагаан нуурын эрэгт бодол болон суухуйд энэ нуурыг эм савдагтай гэж сонссон санаанд буув. Хоёр жилийн өмнө ирэхдээ, эндээс холгүй орших нэгэн айлаас цайны сүү авч, настай хүн байхаар нь саваагүйтэн, нуурын домгийг асууж билээ.

 

Гэрэл зургийг Г.Өнөболд

 

Тэгэхэд надад сүү зарсан хөгшин “Чухам хэзээ гэдгийг хэлж мэдэшгүй. Энэ нутагт нэгэн баян тайж нутагладаг байж. Тэднийх ганц үзэсгэлэнт охинтой юмсанж. Гэтэл охин нь харц язгуурт залууд сэтгэл алдарч, тэр хоёр малын бэлчээрт уулздаг болжээ. Үүнийг нь тайжийн хамжлагууд мэдэн, эзэндээ хэлтэл тайж ядуу хүүд охиноо өгөхгүй гээд, өөр баян язгууртантай суулгахаар болж, охины хайртай залууг цөллөгт явуулахаар болов гэнэ. Тэр учрыг мэдсэн харц залуу хайртай бүсгүйгээ орхихдоо “Хоёулаа манан, будан болж уулзъя” гэж хэлээд явжээ. Үзэсгэлэнт охин дурлалт эрээ санан мэлмэртэл уйлсаар Өгий нуурыг үүсгэж. Харин залуу, бүсгүй рүүгээ тэмүүлэн ирж яваад Майхан уул болсон гэдэг. Тэгээд л Майхан уулаас манан татаж, Өгий нуураас будан татаж хос уулздаг болсон” юм гэнэ лээ” хэмээн ярьж өгч билээ.

 

Тиймээ тэр настан “гэнэ лээ” гэж ярьсан. Магадгүй түүнд эмээ нь, түүний эмээд ч бас эмээ нь тэгж ярьсан байх. Хэдэн зуун, хэдэн мянганыг өртөөлөн, түүх шивнэн, түүхийг шингээн урсаж буй оддын гэрэлт цагаан нуур минь.

 

Зүүнээс манддаг нар нь усны мандалд шаргалтан, зүйл, зүйлийн жигүүртэн жиргэж, загасчны дэгээ их усанд тэнүүчилж Өгий нуурт өглөө болно. Далайн түвшнээс 1337 метрийн өндөрт байрладаг, баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг цэнгэг уст энэ нууранд загас, шувууд элбэг. Улаан нүдэн, цурхай, булуу цагаан, сазани, мөнгөлөг хэлтэг, алгана зэрэг 14 төрлийн загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоосон байна. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг аж. Эрэг дагасан цахлай гангар, гунгар дуугаран нисч буух нь бусдаас содон.

 

Гэрэл зургийг Г.Өнөболд

 

Түүнчлэн энэ нуурт хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд нүүдэллэн ирдэг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгдсэн байна.

 

Урд шөнийн цав цагаан ус, өнөөдөр өглөө цэв цэнхэр өнгөөр тунарч, мяралзана. Шингэх нарыг гүндээ жаргааж, илчийг нь авсан, мандах нарны цацрагаар тэжээгдэн урсах Өгий нуурын ус бүлээн, долгис нь дулаан. Нуурын захад тавьсан чулуун дээр сууж, усанд гараа дүрнэ. Булхана. Тээр цаанаас ирэх цэнхэр долгио гар мөргөөд буцна. Шувуудын ганганаа, усны чимээнээс өөр аниргүй энд ингээд л тоглоод баймаар.

 

Гэрэл зургийг Г.Өнөболд

 

Гэвч эрэг дээрээс эргэж хараад гутарна. Энд ирээд, амарч, зугаацаад буцсан олон идсэн, уусны шил, лаазаа ил задгай хаяж, энд, тэндгүй хог тарааж орхиод явсан нь харамсмаар. Ийм төгс үзэсгэлэнгийн хажууд тийм завааныг үлдээгээд оддог яасан бөх зүрх. Халагламаар. 

 

Бид Өгий нуурын эх дээр босгосон овоонд сүсэглээд аян замдаа гарлаа. Нуурын дээрээс өнгийх хадан дээр зогсоо нөхөд минь үзэсгэлэнт сайхныг нь гайхан биширч байв. Тиймээ, үнэхээр үзэсгэлэн төгс. Оддын доор цав цагаан, нарны гэрэлд цэв цэнхэр өнгөт энэ нуурын түүх шивнэн урсах зөөлөн урсгал, намуун долгио, жигүүртэн, заламгайтнууд, эмжээрлэж ургасан нялх ногоо, түүний үнэр, эргийн хөөс, элсний ширхэг, усны дусал бүрийг шуналгүйгээр хайрлахсан даа. Бүгдээрээ.  

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
энэ ч бараг л үнэн байхаа , одоо ч нэр төрөө боддог хүн ч гэж алга, байгаль дэлхий газар , шороо хог буртагаар дүүрчихвал адаглаад өөрсдийнх нь эрүүл мэнд, цаашлаад үр хүүхэд, ач гучид нь ч муу гэдгийг ойлгох ухамсар ухаан гэж ооогт алга ...
2015-08-04
IRGEN:
MONGOLCHUUD UHAMSARIIIN YLZRALD ORTSON ARD TUMEN SHUU DEE MEDEGUI BGAAM UUU
2015-08-03
Зочин:
энэ ч бараг л үнэн байхаа , одоо ч нэр төрөө боддог хүн ч гэж алга, байгаль дэлхий газар , шороо хог буртагаар дүүрчихвал адаглаад өөрсдийнх нь эрүүл мэнд, цаашлаад үр хүүхэд, ач гучид нь ч муу гэдгийг ойлгох ухамсар ухаан гэж ооогт алга ...
irgen:
Hogoo end tendgui hayadag hulgaichuudiig neeree yayadaa baiz.
2015-08-03
dg:
Ugii nuuraa gej
2015-08-03
Sd:
“Хоёулаа манан, будан болж уулзъя” Будаа
2015-08-03