Ж.Лхамсүрэн: Тэд манай шороог ч дуртай авна

img

Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээгээр сүүлийн сар шахам чулуу түүж зардаг хүмүүсийн тухай бичсэн нэгэн иргэний мэдээлэл олны анхаарлыг татаж буй.

 

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Хөдөө явж байгаад тал дээр маш олон хүн доош тонголзож, нэг юм түүж байгаатай таарлаа. Хэрэгт дурлаад хэсэг хүмүүстэй хаахан хуучиллаа. Тэр хүмүүс нэг жижигхэн бөөрөнхий чулууг маш ихээр түүсэн байна. Энэ яадаг чулуу вэ гэсэн чинь "Аан энэ их үнэтэй чулуу байгаа юм аа. Хятадууд өндөр үнээр авч зүүлт хийдэг гэсэн" гэж байх юм. Би нэлээн гайхаж цааш явж байгаад нэгэн учир мэдэх нутгийн хүнтэй уулзаж асуусан чинь харин тэс өөр хариулт өгч байна. Энэ хүмүүсийн түүж байгаа чулууг "Шилэн мана" гэдэг юм аа. Хятадууд их өндөр үнээр авч байгаа. Хүмүүст зүүлт гоёл хийдэг гэх боловч яг үнэндээ бол энэ чулууг хятад руу гаргаж, өөрсдийн газар шороондоо цацдаг гэнэ лээ" гэсэн юм. Энэ Шилэн Мана гэдэг чулуу газрын хөрсний чийгийг хадгалах маш чухал үүрэгтэй чулуу юм байна лээ. Үнэхээр харамсалтай” хэмээн гэрэл зургийн хамт оруулсан байсан юм.

 

Түүний энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор уншигчид  газар шороогоо сэндийчих нь багадаад чулуу зарж идэх дээрээ тулсан байна хэмээн бухимдлаа илэрхийлсээр байгаа юм. Уг асуудлаар эх сурвалжтай холбогдож тодорхой мэдээллүүд авсан бөгөөд мэдээллийг олон талаас нь уншигчдад хүргэхээр зорилоо. Энэ удаад Геологи, эрдэс баялгийн музейн Эрдэм шинжилгээний удирдагч доктор, профессор Ж.Лхамсүрэнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

 

-Фейсбүүк цахим хуудсанд газрын өнгөн хөрснөөс "Шилэн мана" гэдэг чулууг их хэмжээгээр түүгээд зардаг хүмүүсийн тухай мэдээлэл гарч байна. Чулууг ингэж их хэмжээгээр түүж зарах нь  хууль зөрчсөн үйлдэл гэж бодох юм. Энэ талаар таны бодол?

-Энэ чулуунууд бол түгээмэл  тархацтай ашигт малтмал гэж нэрлэгддэг. Ихэвчлэн газрын гадаргуу дээр ил байдаг ашигт малтмал юм. Газарт их хэмжээгээр нь цацчихсан юм шиг л харагддаг. Гэхдээ газар дээр байгааг нь хүмүүс их хэмжээгээр түүчихээр сул шороо бүхий ургамал хөрсний бүсэн дээрхийг ухаж төнхчиж эхэлсэн бололтой. Энэ хүмүүс гараар  ухаж байгаа учраас нэг их гүн рүү орохгүй. Уул уурхай шиг байгаль орчинд шууд нөлөөлөл байдаггүй ч энэ нь хууль бус үйлдэл. Тиймээс энэ асуудлыг хуульчилж,  журмыг нь гаргах хэрэгтэй ч чадахгүй байна.

 

Харин үндсэн орд буюу хадан хөрстэй, газрыг бутлаад тэгшлээд жижиг төхөөрөмж тавичихсан байдаг нь хориотой зүйл. Хориотой гээд хуулиар нь үзэхээр нарийн оновчтой заасан юм байдаггүй. Очоод үндсэн судлыг нь судлаад үзэхээр стратегийн орд болохоор зүйлийг хэдэн нөхөд очиж дураараа ашиглаад, буруу ухаад газрын баялагаа бүрэн дүүрэн иж  бүрнээр ашиглах асуудлыг орхигдуулаад байна. Энэ бүхнийг нэгтгэсэн хууль дүрэм  гаргахгүй байгаад харамсаж байна.

 

10-20 хүнтэй хэсэг нөхөд хэнд ч дийлдэхгүй, дуртай газраа ухаж байна. Ийм ажил Өмнөговь аймагт болсон, цагдаа нар нь ч дийлээгүй. Мана чулууны хувьд говийн аймгуудад их байдаг. Сүүлд гартаам гардаг болсон. Айл бүхэн жонш ухах ажил руу орж байна. Мана гартаамыг түүхий эд болгодог. Гоёл чимэглэл болгоход тохирсон, шаардлага хангасан нь цөөхөн байдаг. Гэхдээ урд хөршийнхөн худалдан аваад л байгаа. Яагаад аваад байгаа нь их учиртай. Зүгээр л нэг хэмхдэс хад чулуу, шороо байсан ч авна. Тэднийд  авах хэрэгцээ их байгаа.

 

-Ямар хэрэгцээ байх юм бол. Цөлжилтээс сэргийлж, хөрсөн дээрээ цацах гэж авч байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Янз бүрийн хэрэгцээ байна. Юунд хэрэглэдэг гэдгийг нь  жагсаавал маш урт юм болно. Олон сая хүнтэй улс оронд янз бүрийн л хэрэгцээ гарна шүү дээ. Хамгийн энгийн жишээ, байгалийн дурсгалт зүйл, дэлхийн чулуужсан мод бүхий сүүлийн үеийн геологийн парк гээд л үзмэрүүд бий болж байгаа. Дэлхийн ихэнх улс орнуудад яригдаж, хийгдэж байна. Байгалийн дурсгалт зүйлс бүхий уг танхимд орчин их чухал. Жинхэнэ мэт орчинг бүрдүүлэхэд хэрэглэнэ. Зочид буудалд чулуужсан мод байршуулсан ч таардаг.

 

Тэр бүхнийг байгалийнхаар нь болгож засч тохижуулахад чулуу л ашиглана. Ашиглах зүйл их байхад тэд чулууг авч ашиглах нь тодорхой. Зүгээр манай шороог ав гэвэл дуртай л авна. Хаана байдаг чулуу шороог ямар үнэ өртөгтэй авах гэж байгаа юм гэдэг асуудал л яригдана. Тиймээс манай иргэд хэдий хэмжээний хөрс шороо зарах эрхтэй байх вэ гэдгийг нь тооцож журам гаргах хэрэгтэй. Улсаа худалдаж байгаа биш. 

 

Шороог бол тодорхой хэмжээг нь заагаад ав гэх юм бол тэд худалдаж авах л болно. Урд хөрш бол тариачдын нутаг. 1000 жил тариа тариад хөрсийг 1000 жил ашиглачихсан. Хөрсний шимийг хэдийнэ сорчихсон. Бордоо хэрэглээд ч нэмэргүй болсон. Манай Хөвсгөлийн фосфоритын ордыг бутлаад үзвэл зүгээр л шороо ч зөв ашиглаж чадвал Бүх Хятадын тариалангийн  хөрс шороог бордох нөөц бидэнд бий. Найрлагаас нь үүдэн маш сайн чанарын бордоо болно. Нарийн ярьвал асуудал их бий.

 

Гэхдээ байгалийн баялагтай холбоотой замбараагүй юм болж байгаа нь нийгмийн аюултай үзэгдэл гэж би бодож байна. Үндсэн ажил хөдөлмөрөө хаяад хаа сайгүй газар ухаад яваад байдаг. Тэрнийгээ зараад мөнгө хийгээд явдаг энэ утга учиргүй үйлдэл нэг их сайн зүйл биш л дээ. Өнөөдөр чулуу түүгээд хэдэн төгрөг болгож болох боловч хэмжээ тогтоож, журамлах хэрэгтэй.  Үнэндээ энэ бол бага асуудал. Илүү том асуудал нь алт болоод байна.

 

-Яагаад алт илүү том асуудал болж байна. Жийп машинтай хүмүүс хөдөөгүүр явахдаа запас дугуйныхаа зайнд металл хайгч байршуулаад алт хайж байна гэх мэдээлэл байна. Үүнтэй холбож болох уу?

-Зөвхөн машинтай хүмүүс гэхгүй хөдөөгийн айлуудад янз бүрийн хүчин чадалтай металл хайгч байдаг. Малаа маллаж, орой үдэш уулын энгэрт юм хайгаад явдаг хүн олон бий. Алт байж болох газраа тэд малтаж байгаа. Энэ асуудлыг журамлах л ёстой. Геологичид хөдөө орон нутагт болж байгаа энэ асуудлаар санал бодлоо хэлээд л байгаа. Гэвч Ашигт малтмалын тухай хуулинд геологичдын санал бодлыг тусгахгүй байна.

 

Мөн хилээр гаргаж байгаа чулууг мэргэжлийн түвшинд таньж мэдэхгүйгээс бүгдийг нь үнэт чулуу гэж үздэг. Малын хоргол шиг газар сайгүй ил байгаа зүйлийг цуглуулах л асуудал яригдана. Жинхэнэ үнэт чулуу мөн бишийг ялгахаар ном харах бол  үнэт чулуу л гэж харагддаг. Байгалийн баялаг, үнэт зүйлийг олон кг-аар нь зарлаа гээд жирийн чулуу түүсэн хүнийг барьж саатуулаад, Эрүүгийн хуулиар  шийтгээд байж болохгүй шүү дээ.

 

-Нэг талаараа тийм. Нөгөө талаар жимс жил бүр ургадаг. Харин чулуу жил бүр ургахгүй, аймаг сумдын хооронд хэрэглээнд зориулж түүгээгүй. Хил давуулж худалдахаар түүж байгаа нь л хүмүүсийн маргах, дургуйцэх гол шалтгаан болоод байна шүү дээ?

-Тийм. Тэгэлгүй яахав. Журам байхгүй болохоор л яаж ч чадахгүй байна. Өмнө нь Алт хөтөлбөрийн хүрээнд  хийсэн ажил бол хойшдын үр дагаврыг нь бодолгүй  нийгмийн аюултай үзэгдлийн эхийг тавьсан. Алтны төлөөх тэмцлийн явцад нийгмийн хамгийн бусармаг үйлдэл тэр газар болж байна. Гэнэт баяжих сонирхолтой, ажил хийх дургүй хүмүүс олноор бий болчихлоо. Бид  тэднийг яаж ч чадахгүй. Геологчид бидний эрх мэдлээс хэтэрсэн асуудал  болоод байна.

 

-Геологчид яаж ч чадахгүй байна гэлээ. Энэ талаар тодруулж өгөөч?

-Геологичид газрын баялагийг судлахаасаа илүүтэй эх нутгийнхаа үнэ цэнийг  судалдаг мэргэжлийн хүмүүс. Гэтэл сүүлийн үед геологичдыг нэг орд олж өгөөд л явж байдаг улс гэсэн ойлголттой болсон. Газар шорооныхоо үнэ цэнийг судална гэдэг нь шороо чулуу, эрдэс бодис, эс ширхэг бүхнийг судлах юм. Ингэснээр тухайн чулуу, хөрс шороо, байгалийн тогтоцын түүх,учир шалтгааныг нь мэдэж, хэзээ хэрхэн яаж ашиглах вэ гэдгийг бодож боловсруулж байдаг.

 

Өнөөдөр геологичидын нээж олсон орд олдворыг очиж үзээд л орой дээрээс нь сэглээд явах  бодлого явагдаад байгаа нь маш хортой.  Уг нь ганц хоёрхон үр ашигтай, ирээдүйтэй ордуудыг ач холбогдлоор нь судлах ёстой. Эдийн засагийн талаас нь судлаад өгөх амархан. Тийм ордуудыг хэзээ хэрхэн яаж ашиглах вэ гэдэг асуудал нэг хэрэг. Гэтэл мэргэжлийн бус хүмүүс очиж сэглээд байгалийг ч үгүй хийж байна.

 

Энэ үзэгдлийг зүйрлэвэл, монголчуудын мянган жилээр түшиж амьдралаа  залгуулж ирсэн мал сүрэг нь өөрсдөө өсөөд байдаг юм байна. Энэ хотонд чинь байгаа 200 гаруй хонь ямаанаас нь 10-20-ийг үлдээгээд бусдыг нь нядлаад мөнгө болгоё гээд айл бүрийн гаднаас аваад яваад байхтай адил юм. Дорнодын талд хэдэн зуун зээр явж байна. Энэ ямар бидэнд хэрэг болох биш бид малаа иддэг улс гээд бүгдийг нь толгой дараалан буудаж алаад байхтай адил.

 

Энэ бол  өнөөдөр л харагдаж байгаа бүх баялагийг ходоодны хэмжээгээ мэдэхгүй ашиглаж идэж дуусгах гэсэн  хүний хомхой санаа яваад байна шүү дээ. Тэр дотор мянган жил  бидний хойч ирээдүйг тэжээх ёстой баялаг, ургамал, ой мод,  жимс ногоог багтааж болно. Газар амьдралын үндэсийн үндэс учраас байгалийн баялагийг жаахан ухаантай, холын хараатай ашиглах учиртай л гэж хэлмээр байна.

 

Газрын баялаг дотроос хамгийн чухал нь ус. Эрдэс баялагт тооцдог энэ баялагийг геологичид бид эрдэнэсийн зүйлдээ оруулж тооцож судалдаг. Манайх устай гээд л говьд хаа хамаагүй ус гаргаад л говийнхоо бүх нутгийг усжуулаад газар доорх усаа сэргэн нөхөгдөхгүй баялаг гэдгийг мартаад байна. Үнэт чулуу гээд л яриад байна. Гэтэл энэ нутаг орны олон зуун сая жилийн явцад ганц удаа л бий болж тогтсон сэргэн нөхөгддөггүй баялаг.

 

Байгалийн тогтоц ямар байсныг, ямар болж байгааг мэдэх аргагүй, гадаад дотоодын янз бүрийн техник авчраад, орж үзэх ч эрхгүй болгочихсон байна. Геологийн судалгаа хийхэд  байгаль орчинд хор хохирол учруулах бохирдуулах асуудал байдаггүй. Цөлжилтийн асуудал  ч геологичдын судалгаан дээр үндэслэгдэх ёстой. Байшин барилга барьлаа гэхэд  хөрсний  инженер геологийн судалгааг хийх ёстой.

 

Тухайн барилга барих хөрсний 4-5 метр жаахан ухчихаад л ийм тийм хөрс байна гэдэг. Тэр чинь худлаа. Геологийн тогтоц гэдэг нийтдээ бусад бүх хүрээлэн байгаа газрын хэвлийтэй амин холбоотой байдаг учраас зөвхөн тэр хэсгийн асуудал биш болдог. Амин холбоотой хөрс газарт 14 давхар байшин барьлаа гэхэд жин ямар болохов зэргээр судлах ёстой. Зүгээр тэдэн кг-ыг даана гээд судалгаа хийчихэж болно. Үнэн хэрэгтээ даралтын хүч бол байнга 1-2 жил байна гэвэл яах ч үгүй. Тэрнээс  олно жил болно гэвэл бас өөр хэрэг.

 

Цаг хугацаа гэж энэ ертөнцийн хамгийн айхтар хүч байна. Удахаараа тэр яах юм. Ган хайлуулаад юу хийж байна. Онцгой шинж чанартай ган хүртэл чанараа алддаж, тодорхой хугацааны дараа “хөгшрөлт” явагдаж бутраад унадаг. Тэр бол цаг хугацааны асуудал. Тэрнийг өнөөдөр хараад сайн ган байна гээд хараад байгаатай адил газрын  хөрс цаг хугацааны эрхшээлд байдаг.

 

Тийм болохоор хөрс бол амьд тогтолцоо. Зүйрлэвэл нэхэж хийсэн хөнжилтэй адил. Нэг газар утас тасрахад за яахав тэрнээс юу л болов гэж гээд тоохгүй байж болно.  Гэтэл цаг хугацааны уртад ганц утас хөврөөд явахаар юу болох билээ. Одоо байгаль орчин бохирдож байна, сүйд боллоо л гээд байдаг. Үнэхээр ч сүйд болж байгаа. Яагаад байгаль бохирдчихов оо л гээд байдаг. Гэтэл нөгөө л тэрүүхэн тэндээ нүх ухаад л  харахад аюулгүй юм байна, ус аваад уучиж болох юм байна, Эндээс баялагийг нь авчихаж болох юм байна гэсэн хандлага.

 

Бүх юмс амьд холбоотой байдаг. Тархи, нүд бүгд чухал, аль нэгийг авчихад яах ч үгүй гээд байвал үнэхээр бүдүүлэг, тэнэг хэрэг болно. Хүний л биетэй адил. Ямар ч хар ухаанаар бодсон байгалийн баялаг нэг талаасаа хөвөрч байна гэсэн үг.  Хүйн холбоогүй, уялдаагүй зүйл энэ дэлхий дээр ганц ч байхгүй.

 

-Одоо тэгвэл энэ бүхнийг засч залруулж илүү, байгаль орчинд ээлтэй амьдрахын тулд яах ёстой юм бэ?

-Геологичид энийг маш сайн мэдэж байгаа. Хууль дүрмээс гадна ер нь нийгмийн гишүүд иргэд, залуучууд хүүхдүүд энэ газар шорооныхоо тухай мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдлэгтэй  байж байгальтай харьцана. Хаана ч тэр хүн байгальтай л харьцаж байгаа. Монголчууд эрт дээр үеэс байгалаа шүтэж ирсэн. Тэр нь зүгээр мухар сүсэг биш. Байгаль хүнийг  бий болгож, оршин тогтнож байх уу үгүй юу гэдгийг шийддэг бүрэн мэддэг.

 

Тэрнийг ухаарч, байгалаа аргадаг, байгалийн  баялагийг хэмнэж гамнаж, зөв зохистой ашиглаж,  олон мянган жил явж ирсэн. Өнөө цагийн монголчууд бид л нэг  хийсвэр буруу ойлголттой болчихсон. Тэр нь юу гэхээр техник гээд нэг хүчтэй юм байна гэж амьгүй зүйлийг хэт их шүтэж байна. Хүний амьдралыг залаад  сайжруулчих юм шиг бодох юм. Технократ үзэл гэдэг л дээ. Өнөөдөр үр дагаврыг нь бид өөрсдөө дийлэхгүй болох гэж байна.

 

Техник зохиогоод тэрийгээ буруу ашиглаад байна. Битгий ашигла гэж байгаа юм биш, зөв ашиглах хэрэгтэй. Буруу ашигласнаас үүдсэн байгаль орчны хохирлыг нөхнө гэж байхгүй. Хөрс эвдчихээр яаж байна, улаан шороо нь боссон л нутагтай болж байна. Гэтэл хөрс ургамлын бүс гэдэг чинь  зүгээр нэг хөрсөн дээр ургамлын ур аваачаад жаахан ус хийчихвэл ургаад байдаг эд биш шүү дээ. Хөрс ургамлын тогтолцоо бүрэлдэхэд дор хаяад 10 мянган  жил хэрэгтэй.

 

Шинжлэх ухааны үүднээс  задалж үзвэл зөвхөн уснаас ургамал чулуу ургахгүй шүү дээ. Амьтай амьгүй байгалийн зохицолдоо шүтэн  барилдалгааны үр дүнд амьдралыг тэтгэгч  ургамлын үндэс усыг шингээгч цэлцмэг маягийн бүрдэлүүд бий болно. Тэд ус чийгийг ургамал руугаа сорж аваад нэвтрүүлээд найрлагад нь байгаа янз бүрийн елементээс амьдралд нь хэрэгтэйг нь тээвэрлээд судсаар дамжуулаад явна. Хүний биетэй  л адил. Бид амьдрал дээр давс их элбэг байх юм, хямд юм гээд кг, кг аар нь худалдаж авдаггүй, нөөцөлдөггүй. Энэ бол хүний ухамсарын л асуудал. Зөвхөн ийм байна гэж  ярихдаа ч гол нь биш.

 

-Хүний ухамсарт яаж нөлөөлөх вэ?

-Хүмүүсийн ухамсарт   чиглэсэн ажил өнөө үед огт байхгүй байна. Хуучны хүмүүс дандаа социолизмын үеийг дурсан санаж байна гэж зарим нь бодох вий. Гэхдээ улс нийгмийн оршин тогтнох хөгжих үндэс бол хүний ухамсартай ажиллах явдал юм. Ингэж чадвал улс орон  хөгжинө. Хуучин улс төрийн сонсгол нийгмийн ажил яриа лекц 3-5 хүнтэй байсан. 3т-ын, 5т-ын систем гэдэг чинь Чингис хааны үеэс л зохион байгуулалтын хамгийн оновчтой хувилбар бөгөөд тархай бутархай манайх шиг газар хэрэгтэй эд байсан.

 

Тэрнээс илүү давуу системийг хэн ч хэзээ ч олж чадахгүй. Тэд бүлэг бүлгээрээ нэг ахлагчтай, улс  орны бүтээн байгуулалт, өөрчлөгдөж байгаа шинэ соргог бүгдийг таниулах, харилцан ярилцдаг байлаа. Намын үзэл баримтлалыш таниулдах ажлыг ч хийдэг байсан. Нам гэхээр хүмүүс буруугаар л ойлгох байх л даа. Гол нь нам гэдэг чинь өөрөө улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, хүн амынхаа сайн сайхан амьдралын төлөө гэсэн онолын баримтлалтай, томоохон бүлэг хүмүүсийн цугларалтыг  нам гэж нэрлэдэг.

 

Өнөөдөр намын бодлогыг тайлбарлаж таниулах ажил мартагдсан. Яагаад гэвэл ардчилсан нийгэмд хүн өөрийнхөөрөө л явна.  Заавал нам улс орны асуудалд анхаарах шаардлагагүй. Би өөрийнхөөрөө л амьдарч байхад болно гэсэн эрх чөлөөг сурталчилахаас өөр  юм алга байна.  Энэ нь нэг талаар зорилго чиглэлгүй болгож байгаа тул улс яаж хөгжих вэ.

 

Нөгөө талаар байгаль дээр хүн болж төрөөд яаж оршин  тогтнож байгаа билээ гэдгээ бодохгүй байна. Тэгээд зөвхөн уул уурхайг яаж хөдөлгөх вэ гээд хэдэн жилээр л ярьж байна. Ярьснаа шийдэж чадахгүй, ашигтайгаар  шийдэж бүүр ч чадахгүй байна. Манай сургууль гэхэд 50 жилийн туршид техник технологи, байгаль шинэчлэлийн мэргэжилтнүүдийг  бэлтгэж байна. Энэ сургуулиуд хэрэгтэй юм уу үгүй юм уу. Уг нь төгсөгчид дээд зэргээр ажлаа хийж чадаж байгаа. Манай инженерүүд цахилгаан станц барьж байна.

 

Нутаг орныхоо газрын гүний бүтэц тогтоц, үүх түүхийг  судлаад ирж чадаж л байна. Тэгэхээр өөрийн өндөр мэргэжилтэй хүмүүсийг энэ асуудлыг судлах, дүгнэлт гаргах ажлыг нь хийлгээд уул уурхай, эрдэс баялагийг яаж ашиглах юм. Төмөр замыг хаана, яаж барьвал болох юм  гэдгийг шийдэж болно. Үнэндээ төмөр замын газрын хөрсний бүтцийн онцлогийг ойлгохгүй хэдэн нөхөд нэг байшинд суугаад л яриад байдаг.

 

Мэргэжлийн улсууд нь энийг хийгээд тооцоолоод өгч чадна шүү дээ. Гэтэл яаж гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх талаар л хэт анхаарч, гадныханыг л шүтэж байна. Тэд бүхнийг мэддэг юм шиг зүтгэлгүй салбар салбарын мэддэг хүмүүсийг нь ажлыг нь хийлгэж, хууль боловсруулахад байлцуулж, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар судалгааны үндэслэн хууль батуулах үүргээ биелүүлэх ёстой.

 

Гэтэл хөлд нь нэг чулуу тээглээд, энэ чулуу яагаад хөлд тээглэчихэв гээд л чулуугаа тойроод байгаатай адил байна. Энэ асуудлыг агуулга болоод хэлбэр талаас нэгдмэл нэг зүйл болгох хэрэгтэй. Хэрэгжүүлэхэд удирдлага зохион байгуулалтын зөв оновчтой хувилбарыг сонгох хэрэгтэй. Манайд тэр нь орхигдоод байна. Ийм л байна.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Доктор хүний ярилцлага гэхээсээ Монголын байгаль ориг, манай орноос өөр ийм үзэсгэлэнтэй газар байхгүй гээд ярьдаг байсан үеийн юу ч үзээгүй гарын яриа шиг юм байх юм.
2015-08-10
zochin:
Yaraltai huuli durem gatgaj hariutslaga togtoohgui bol duraaraa ard tumen duraraaraa tarbalzana shuu.
2015-08-08
UB man:
Chi uuruu hen be. hyatadiig shutegch bertegchin bna
2015-08-08
Зочин:
Nariin medleg muutai yerunhii onol yarisan hun bna
2015-08-08
Зочин:
Мана гартаам бол үнэт чулуу, эрдэнэ биш
2015-08-04
ЗОЧИН:
ЮУ Ч МЭДЭХГҮЙ ДУРАК БАЙНА.ЭНЭ ЧУЛУУНУУДЫГ ЯАХ ГЭЖ ХЯТАДУУД АВДАГЫГ МЭДЭХГҮЙ ,СУРВАЛЖЛАГЧИЙН АСУУЛТАНД МАНАЙ ГЕОЛОГУУД МЭДНЭ ГЭХ ЮМ ..ЮУ Ч МЭДЭХГҮЙ БОЛ ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ХЭРЭГГҮЙ.УУЛ НЬ ЗАХЫН ГЕОЛОГ ЯМАР ЧУЛУУ ЮУНД ХЭРЭГТЭЙГ ХЭЛЭЭД ӨГНӨ.. ИЙМЭЭС ТЭДНИЙГ ГЕОЛОГ БУЮУ ЧУЛУУ СУДЛААЧ ГЭДЭГ .ХЯТАДУУД ТЭНЭГ УЛС БИШ ШОРОО БАЙСАН Ч УХААД АВНА ГЭДЭГ ХУДЛАА.ТЭД ХАМГИЙН НАНДИН ҮНЭТЭЙ ХОВОР ЮМ Л АВНА ДОКТОР ПРОФФЕСОР ГУАЙ.
2015-08-04
UB man:
Chi uuruu hen be. hyatadiig shutegch bertegchin bna