Тэднээр бахархаж байна

АНУ-ын Лос-Анжелес хотод Тусгай олимпийн зуны наадам болсон. Энэ удаагийн зуны наадамд анх удаагаа оролцсон Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, 11 медаль хүртэж, ганзага дүүрэн эх орондоо ирнэ.
Наадмын жүдо бөхийн төрөлд Б.Мягмарсүрэн алт, н.Энхмаа алт, ширээний теннисийн холимог төрөлд У.Нинжбадам, Г.Бодь-Эрдэнэ нар тус тус алтан медаль зүүсэн. Мөн ширээний теннисийн ганцаарчилсан төрөлд У.Нинжбадам мөнгө, жүдо бөхийн төрлөөр н.Мөнхбаяр, н.Тэмүүлэн нар мөнгөн медаль зүүсэн бол 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгөн медалийн тавцанд зогссон юм.
Харин бөөрөнцөг шидэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Б.Тулга хүрэл, 100 метрийн гүйлтийн төрөлд н.Дүүрэнжаргал, Б.Номиндарь нар хүрэл, ширээний теннисийн ганцаарчилсан төрөлд Б.Ерөөлт хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн ширээний теннисийн холимог төрөлд Б.Ерөөлт, н.Дөлгөөн нар шагналт IV байр, Бөөрөнцөг шидэлтийн эмэгтэй төрөлд н.Алтжин, 100 метрийн гүйлтийн төрөлд н.Тэмүүлэн нар мөн IV байр эзэлсэн амжилтыг гаргасан юм.
Энэ жилийн зуны олимпийн наадамд 177 улсын 7000 гаруй тамирчин, спортын 25 төрөлд өрсөлдсөн билээ. Манай тамирчид маргааш эх орондоо бууна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ