73 кг-ын жинд хамгийн олон бөх зодоглоно
"Астана-2015" жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон бөх хүч үзэх бөгөөд нийт 64 орны 86 бөх барилдахаар мэдүүлгээ өгөөд байна. Тэднийг Азербайжаны Рустам Оружав тэргүүлэн барилдана. Тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаа нд нэг Гранд Слам, хоёр Гран При-д түрүүлсэн амжилттайгаар Астанагийн татами дээр зодоглоно.
Чансааны II-т Европын наадмын аварга Израйлын Саги Муки, Унгарын алдарт бөх Миклос Унгваритай С хэсэгт хуваарилагдхаар болоод байгаа. Мөн D хэсэгт чансааны №3 Гүржийн Нугзари Таталашвили, Словений Рок Драксичтэй орох бол B хэсэгт №4 дэлхийн хошой аварга Рики Накаяа, №5 Декс Эльмонт нар хуваарилагдана.
Харин манай хойд хөрш ОХУ-аас энэ удаад Мастерс-ийн аварга Денис Ярцев энэ удаад ирэхгүй бөгөөд оронд нь олимпийн аварга Мансур Исаев, ДАШТ-ий хошой хүрэл медальтай Муса Могушков нар мэдүүлэгт байна. Д.Ярцевын хувьд Европын наадмаас медальгүй хоцорсон нь ДАШТ-ийг өнжхөд хүргэсэн байж болзошгүй нь. Түүнээс өөр энэ жингийн бүхий л шилдгүүд Астанад цуглаж байгаа бөгөөд Японы Шохей Оно, Гүржийн Лаша Шавдатуашвили, БНСУ-ын Ан Чан-Рим болон манай гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир, ОУХМ Ганбаатарын Одбаяр нар 73 кг-ын топ фаворитоор нэрлэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ