Парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу?
Өршөөлийн хууль батлагдсанаас хойш нийгмийн зарим хэсэгт хүлээлт үүслээ. Хуулийг хэрхэн хэрэгжих бол, манай хүнийг, хүүхдийн үйлдсэн хэрэг өршөөлд хамрагдах болов уу хэмээн телевиз, радио, сонин сайтын мэдээллийг чих тавин, сураг чимээ сонсч суугаа ар гэрийнхэн цөөнгүй. Гэнэн томоогүй, санамсаргүйгээсээ хэрэг төвөгт орооцолдон ял эдэлж байгаа үр хүүхэд, хань ижлээ хэзээ суллагдахыг хоног тоолон хүлээцгээж байна.
Ямартай ч Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх, зохион байгуулах Комисс ажилдаа орсон. Нөгөөтэйгүүр Өршөөлийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьж УИХ-д хүргүүллээ. Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэр гаргасан байна.
Өршөөлийн хуулиар дээд тал нь хэдэн жилээр хорих ялаа хөнгөрүүлж, хасах нь тодорхойгүй байгаа. Ерөнхийлөгчийн хоригт дурдсанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн ялтнуудын эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасахаар зохицуулжээ. Дээрх зүйлд дурдсан гэмт хэргүүдэд зарим төрлийн гэмт хэргийг тусгах шаардлагатай гэж үзсэн. Эдгээрт, Танхайрах (ЭХ-ийн 181.3), Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах (ЭХ-ийн 96.1, 96.2), Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (ЭХ-ийн 147.2) гэмт хэргүүд ордог байна.
Энэ төрлийн гэмт хэргийг ихэнхдээ ядарсан, зовж зүдэрсэн, танил талгүй эгэл жирийн ардын хүүхэд, та бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуус маань гэнэн томоогүй дэврүүн, зангаасаа болж үйлдсэн байдаг. Тухайлбал 96.1-ээр 440 гаруй залуу ял эдэлж байна. Эдгээрийн дийлэнх нь 18-25 насны хүүхэд залуус байдаг аж. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, өмнөх Өршөөлийн хуулиудад тусгагдаж ирсэн төрийн бодлого, зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзжээ.
Энэ хуулиар албан тушаалаа урвуулан ашигласан, улсын мөнгийг үрэн таран хийсэн, авилга авсан этгээдийг өршөөхөөр зохицуулсан нь нийгэмд бухимдал төрүүлж, Ерөнхийлөгч ч эсэргүүцэж байгаа мэдэгдсэн.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдалд авлига, албан тушаалаа урвуулсан ашигласан гэх зэрэг ноцтой хэргүүдийг оруулаагүй орхигдуулсан байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал замхрах аж.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталжээ.
Хэрэв Өршөөлийн хууль Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүй хэрэгжвэл энэ явдал үнэхээр хортой үр дагавартай, аюултай гэдгийг Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Энэ удаагийн Өршөөлийн хуульд залилангийн хэргийг хамруулсан гэж хууль тогтоогчид онцолж байсан.
Хэдэн жилийн өмнө Өршөөлийн хууль батлагдсаны дараахан хорих ангиудад хийсэн сурвалжлага телевизээр гарч байлаа. Хууль хэрэгжиж эхлэхэд залилангийн хэргийг өршөөлд хамруулаагүй байлаа. Залилангийн хэрэгт холбогдсон хоригдлууд өршөөлд хамрагдаагүйдээ цухалдаж, бухимдаж “Зүгээр явж байхад өөрсдөө мөнгөө барьж авчирч өгчихөөд, долоо ч хоноогүй нэхэж, асуудал үүсгэн, хууль цагдаа болсон. Бид ямар хүн алж хүрээ талсан биш өршөөлд хамруулж яагаад болдоггүй юм. Ер нь мөнгөө өгсөн өөрсдийнх нь л хохь ш тээ” хэмээн ярилцлага өгч байсан нь санаанаас гардаггүй юм. Бусдын мөнгийг залилж, мэхэлж авчихаад гэмшдэггүй юм байх даа гэсэн бодол төрж билээ.
Бусдын мөнгийг залилж, мэхэлж авчихаад хохирлыг нь барагдуулдаггүй, уг үйлдлээ удаа дараа давтдаг. Ер нь бусдыг нэг удаа залилсан этгээд энэ үйлдлээ удаа дараа давтдаг гэмтэй. Тиймээс ч залилангийн хэргийг нэг удаагийнхаар бус удаа дараа давтан үйлдсэн хэргээр ял оноодог.
Харин энэ удаа залилангийн хэргээр шалгагдаж, ял эдэлж байгаа хоригдлуудыг өршөөнө гэсэн байсан. Үүнд Ерөнхийлөгч эсрэг байр суурь илэрхийлж, Эрүүгийн хуулийн 148.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ өндөр, иргэн, аж ахуй нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулж, хохирол нөхөн төлсөн тохиолдол тун бага байдаг” учраас энэ зүйл ангийг Өршөөлд хамруулах боломжгүй гэж үзжээ. Тухайлбал, одоогийн байдлаар дээрх зүйл ангиар шалгагдаж буй 116 гэмт хэргийн цаана 5559 хохирогчийн эрх ашиг, нийт 93 тэрбум гаруй төгрөгийн хохирлын асуудал замхрах болоод байгаа аж.
Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн байдлыг үл харгалзан ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан. Энэ нь ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд зааснаас бусад бүх тохиолдолд өршөөлд хамрагдаж суллагдах боломжийг ялтнуудад бий болгожээ.
1991-2009 оны хооронд гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан болон уучлагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй байхаар заасан байжээ.
Харин энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар дээрх төрлийн зохицуулалтыг огт тусгаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ялтан өршөөлд хамрагдах боломж бүрджээ. Энэ нь өмнөх Өршөөлийн тухай хуулиудад баримталж байсан зөв зүйтэй зарчмаас ухарсан алхам болж байгаа гэж Ерөнхийлөгч үзсэн байна.
Ийнхүү Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хууль хэсэгчлэн хориг тавьжээ. Одоо УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг товлон хуралдуулж, хоригийг хэлэлцэх байх. Өршөөлийн хуулийг хаалттай дэгээр хэлэлцсэн. Харин Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг нээлттэй хэлэлцдэг заалттай аж.
Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах уу, баталсан хуулиа хамгаалах уу гэдгийг харах үлдлээ.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ