Мартахын учиргүй ялалт

img

 

Гоёмсог хийцтэй хүрэн чисчүү дээлэн дээрээ өмссөн өргөн хоргой эмжээртэй, өлзий хээтэй хүрэн торгон хантаазных нь энгэр дүүрэн одонд үдийн нарны туяа ойн гялалзана. Тэрбээр залуу нас, он цагийн урт, дурсамжийн мөрөө үлдээгээд одсон гэлтэй гүн үрчлээс сүүдэртсэн бор магнайнхаа хөлсийг ханцуйнхаа үзүүрээр зөөлөн арчин, шармал эдээр бөгжлөн, хээ гарган урлаж, маажиндсан шар модон таягаа үе нь бүдүүрч мойнысон бүдүүн хуруутай дархигар гараараа сайн гэгч нь атган зогсоод, алтан өнгөөр дүр, нэрийг нь сийлсэн зургаан баатрын хөшөөний зүг баяр, бахархал бас харуусал тээсэн харцаар ширтэнэ.

 

Энэ хүн бол 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын хувьсгалт цэргийн байлдагч.  Бидэнд энх цаг, эрх чөлөө авчирсан ахмад дайчин. Эх орныхоо төлөө халуун амиа хайргүй өргөсөн дайчин нөхдийнх нь дурсгалд зориулан босгосон хүйтэн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, хөл өвдөхийг үл хайхран босч зогсоо тэр хөх өвгөний сэтгэлд ямар үүл хуралдаж байсныг таахад бэрх. Магадгүй, 70 жилийн өмнөх цэл залуу насаа, эх орны даалгавар өвөртлөн дайчин нөхдийн хамт байлдаж, тулалдаж явсан үеэ, ялалт байгуулж Ура хашгирсан мөчөө, амьд үлдсэн хувь заяагаа, амь үрэгдэж, сураггүй болсон олон дайчин нөхдөө дурсан, санагалзаж, дотроо “буцалж” байсан биз ээ.

 

 

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээг Дорноговь аймагт тэмдэглэх үеэр дайны талбарт гарамгай гавьяа байгуулан БНМАУ-ын баатар цолоор шагнагдсан Л.Аюуш /1922-1945/, М.Жанчив /1923-1945/, С.Дампил /1922-1991/, С.Данзанваанчиг /1918-1981/, Д.Нянтайсүрэн /1910-1984/, Т.Дүүдэй /1921-2000/ нарын зургаан баатрын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх ёслол болж буй нь энэ.

 

 

 

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд баталгаажуулахад түлхэц болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Бидний дайнд ялсан өдөр буюу 8 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн төв Сайншанд хотод баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.

 

Намар цагийн дулаан наран зулай төөнөж, говь нутгийн амгалан шар намар эхэлж байна. Чөлөөлөх дайны түүхт ойн үйл ажиллагаанд БХ-ийн сайд, түүхт ялалтын ойг тэмдэглэх ажлын хэсгийн ахлагч Ц.Цолмон, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, Дорноговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Чөлөөлөх дайнд оролцож, эх орноо хамгаалах баатарлаг үйлст хүчин зүтгэж асан ахмад дайчид, тэдгээрийн үр хүүхдүүд оролцлоо.

 

Энд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон хурандаа Даржаагийн морьт отрядын байлдагч, ахмад дайчин Дамчаагийн Цэрэндаш, 1939 оны Халхын голын байлдаанд хөгжимчнөөр, 1945 оны дайнд 6 дугаар морьт дивизийн холбоо суманд тагнуулч, морин жолоочоор оролцсон ахмад дайчин Гончигийн Батмөнх, 1945 оны дайнд оролцсон 8 дугаар морьт дивизийн байлдагч, ахмад дайчин Дэмчигийн Ишгомбо, Доржийн Сэр-Од, Өвгөний Шонхор, Тухайн үед Хилийн цэргийн Хэрлэнгийн 31 дүгээр отрядын цэрэг байлдагч Төмөрийн Бат-Очир, мөн 8 дугаар морьт дивиз 23 дугаар хороо 6 дугаар сумангийн нам эвлэлийн дарга Эрэнцэнгийн Лувсанбалдан нарын 40 гаруй ахмад дайчин хүрэлцэн иржээ.

 

Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцож байжээ. Өдгөө 1939, 1945 оны дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн бий.

 

 

Ахмад дайчин, “Дайнд оролцогсдын Монголын хороо”-ны дарга, хошууч генерал Ч.Самбуу “1945 оны Чөлөөлөх дайны ялалтын ач холбогдлыг Монголын төр засаг өндрөөр үнэлж, ёслон тэмдэглэж байна. Энэ дайн бол дэлхийн II дайны төгсгөл. Энэ ялалт Монгол Улсын тусгаар, тогтнол бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэхэд онцгой гавьяа болсон.   БНХАУ, БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн чухал ач холбогдолтой. Монгол Улс НҮБ-д элсэж гишүүн болсон өндөр ач холбогдолтой. ЗХУ-ын улаан арми Монгол ардын хувьсгалт цэрэг бол шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ дайны түүхэн ач холбогдлыг Монголын төр, ард түмэн хэзээ ч мартаж болохгүй” хэмээсэн.

 

 

Мөн БХ-ийн сайд Ц.Цолмон “Сүхбаатар, Дорноговь аймагт ёслолын ажиллагаа хийж байна. Мөн энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо тусгай арга хэмжээ зохион байгуулна. Ирэх есдүгээр сарын 3-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын парадад алхах манай цэргүүд урд хөршид очоод ОХУ болон бусад орны цэргүүдтэй бэлтгэлээ хангаж байна. 1945 оны дайны ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлж буй нь түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц болно. Манай аав “Бид ялав” гэдэг шагналтай байсан. Тэр шагналыг Чөлөөлөх дайнд оролцож гавьяа байгуулсан хүмүүст өгсөн юм билээ. Тэгэхээр бас чөлөөлөх дайнд оролцсон гэр бүлийн төлөөлөл байна” хэмээн ярьсан юм.

 

 

Түүхэн ялалтын ойн үйл ажиллагаа Дорноговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ёслолын жагсаалаар эхэлж, ахмад дайчид болон албаны хүмүүс Хуягт танкийн бригадын хөшөө, Зургаан баатрын хөшөө БНМАУ-ын баатар Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх ажиллагаагаар өрнөж, Мөн аймгийн музейд “Бид ялав” үзэсгэлэнг нээж, баярын цуглаан хүндэтгэлийн концерт зэргээр үргэлжилсэн.

 

 

Ахмад дайчин Э.Лувсанбалдангийн хэлсэнчлэн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улс, монгол цэргүүд, тэдний түүхийг хойч үеийнхэн мартахын аргагүй юм. Монгол ардын армийн байлдагчаар цэргийн алба хааж байхдаа 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг авч, дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар цэл залуу 23-хан насандаа амь үрэгдсэн Лувсанцэрэнгийн Аюуш, мөн дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж харилцааг залгуулсаар 22-хон настайдаа амь үрэгдсэн Магсарын Жанчив нарын эх орны даалгаврыг үнэнчээр биелүүлсэн дайчдын баатарлаг гавьяат үйлсийг мартах учиргүй билээ.

 

Тусгаар тогтнолоо хамгаалсан ялалт

 

1945 оны наймдугаар сарын 9-ний шөнө эхэлсэн Чөлөөлөх дайны тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн баримтаас сөхвөл,

 

БНХАУ-ын /Өвөр Монголын/ ард түмнийг чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэрэг /МАХЦ/ 1945 оны тавдугаар сарын дунд үеэс бэлдэж эхэлжээ. Манай зэвсэгт хүчнийг БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсан удирдан оролцсон байна. Долоннуур-Жэхэгийн чиглэлд давшсан МАХЦ-ийн анги нэгтгэлүүд 1000 гаруй км замыг богино хугацаанд туулж эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлсэн.

 

- Наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Шанага, Бага, Тоуха, Ар цагаан нуур, Яндуу сум, Тал овооны заагийг явуут дайрч эзэлсэн.

 

- МАХЦ-ийн 7, 8 дугаар морьт дивиз Зөвлөлтийн цэрэгтэй харилцан ажиллагааг сайтар зохион байгуулж 8 дугаар сарын 17-нд Фынин, 20-нд Луаньпин хотыг тус тус эзэлж авсан.

 

- Манай 6 морьт дивиз Дунзыгоу тосгоноос 5, 7 дугаар морьт дивизийн араар замнан, замдаа японы 700 цэргийг буулган авсан.

 

-Ахмад Б.Таягийн 30 гаруй хүнтэй тагнуулын бүлэг Луньхуа хотын дэргэд японы цэргийн ангийн 700 орчим цэрэг, офицерыг буулган авсан.

 

- Зөвлөлтийн 59 дүгээр морь дивиз, МАХЦ-ийн 7, 8 дугаар морьт дивиз Жэхэг хотын дайсны цэргийн гарнизоныг буулган авах нөхцлийг бүрдүүлсэн.

 

- МАХЦ-ийн 5, 6 дугаар морьт дивиз Гүбэйкоу хотыг эзлэн авсан.

 

Хоёр дахь томоохон хүчний давшилт нь Чуулалт хаалга-Жанчхүүгийн давааны чиглэлд байсан бөгөөд хурандаа И.С.Доржинскийн удирдлага дор явагдсан байна. Энэ чиглэлд дайсны хамгийн том хориглолт зохион байгуулсан түшиц газар бол Жанчхүүгийн даваа байжээ.

 

Жанчхүүгийн даваанд япончууд  1935-1940 онд 40 мянган хятад иргэн дайчлан 35 км өргөн, 10 км гүн бэхэлсэн район байгуулж, 20 шахам тулгуурт байр, их буу, пулемётын галын цэг 36-г байгуулсан аж. Бэхлэлтийн энэ районд цемент, тоосго, чулуу, мод, шавраар барьж бэхэлсэн хугацаан галын цэг 40, удаан хугацааны галын цэг 22, их буу, пулемётын галын цэг 24, батальон, ротын тулгуурт байр 12 байв. Давааны орой ар талд цемент, төмөр бетоноор хийсэн дээд дарга нарын командын байр, ротын даргын хянах байр, их бууны командын байр тус бүр гурав байсан.

 

Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, японы цэргийн томоохон бүлэглэлийг устгах ширүүн тулалдаан 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд болж, гурван өдрийн тулалдааны эцэст бид ялжээ. 1945 оны дайнд МАХЦ-ээс нас барсан, шархадсан, сураггүй болсон дайчдын дурсгалд зориулан Жанчхүүгийн даваанд гэрэлт хөшөө босгосон байна.  

 

Чөлөөлөх дайнд БНМАУ оролцох болсон улс төрийн нэг учир шалтгаан нь манай улсын тусгаар тогтнолын асуудалтай зүй ёсоор холбогдох юм хэмээн БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд хэлсэн. 1945 оны 8 дугаар сарын 14-нд ЗХУ, Дундад иргэн улсын хооронд “Холбоо найрамдлын тухай гэрээ” байгуулагдаж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг Дундад Иргэн Улс одоогийн байгаа хилээр нь хүлээн зөвшөөрсөн юм.

 

Чөлөөлөх дайны ялалтын үр дүн, ач холбогдол нь цэргийнхээс илүү улс төрийн талаар эерэг байдлаар туссан гэж хэлж болно. Ялтын бага хурлаас БНМАУ-ын статус  квог хүлээн зөвшөөрсөн явдал нь тухайн үедээ ЗХУ-аас гадна АНУ, Их Британи гэсэн их гүрний зүгээс БНМАУ гэсэн эрх зүйн субъект байгааг хүлээн зөвшөөрсөн олон улсын анхны гэрээ бичиг байв. Ялтын гэрээнд тусгагдсан статус квогийн тухай заалт нь БНМАУ-ын цаашдын оршин тогтнох, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх замыг нээж өгсөн туйлын чухал заалт юм. Үүнийг үндэслэн БНМАУ-ын тусгаар тогтнолыг Дундад Иргэн Улс 1946 оны 1 дүгээр сарын 5-нд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.

 

Дэлхийн дайны сүүлчийн голомтыг бут цохих нийтийн шударга тэмцэлд БНМАУ Зэвсэгт хүчнээ оролцуулж Зөвлөлийн Улаан армийн хамт мөр зэрэгцэн тулалдаж, Ази тив дахь дайны сүүлчийн голомитыг унтрааж энх тайван байдал тогтоох, Дорно дахины улс түмний эрх чөлөөгөө олох тэмцэлд дэмжлэг үзүүлж, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэн, учрах аюулыг арилгаж чадсан юм хэмээн их түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэн үлдээжээ.

 

Өнөөдөр бид бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсад, энх эсэн, амгалан төвшингийн оронд амьдарч байна. Олон арван цэрэг эрсийн халуун амь, бүлээн цус, чадварлаг удирдагчдын ов, эв ухаан, их үнээр олдсон энэ ялалтыг мартахын, алдахын учиргүй билээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орны даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлэн ялалт авчирсан өдгөө бидний дунд амьд сэрүүн буй хэн бүхэнд, эх орныхоо хилээс 1000 бээрийн алсад Жанчхүүгийн давааны хөрсөнд нойрсож буй үйлс нь мөнх баатруудын гавьяаг өнөд хүндэтгэе.

 

 

 

 

 

 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол улсын баатар Данзанваанчиг гэж пулёмётчин чинь Ухнаа гуайн аав нь шүү дээ Тэгээд л аавынхаа гэрэлт хөшөөнд мөргөж яваа нь энэ дээ мэдэхгүй зүйлээ битгий бичиж май гэж зарим эрт бичсэн зочдод үлдээв Магад та ч энэ цаг доор хүмүүний амьдралаас явсан байж магад харин энэ түүхэн баатрууд байсаар оршсоор Монгол улс бас өнө мөнхөд байх бно
2019-06-05
энэ хэдэн эх оронч буурлууд маань тоо нь цөөрсөөр л байна даа Зуу гаран л гэж сонссон Эдний дараа түүхийг яаж ч гуйвуулж мэдэх бүхэл бүтэн үе өндийн түүх рүүгээ нулимахад бэлэн байгаа даа үүнд л санаа зовох юм
2019-06-05
Ira:
Saihan medeelel tavijee, saihan zurguud oruulsan baina. Ene saihan ahmad daichin buurainuud maani cuursuur baigaa, tedniigee amid seruun deer ni baharhaj hairlaj hundleliin deediig uzuulj yavh ni tednees ireedui hoich uyeiig zalgamjilagch bidnii uureg mun shuu bayarlalaa, manai aav ch ahmad daichin hun, aaviinhaa zurgiig haraad erhgui baharhaj bainaa Amid uldsen buurainuuddaa eruul enhiig husie!
2017-08-25
zaya:
mundag bichjee
2015-08-25
Zochin:
Esgii hiih gaz art nohoi hereggui gej uhnaa ch bas yub
2015-08-25
zochin:
aav mini ahmad daichin bailaa. Amid servvn baisan bol ingeed yvj baihgvi yu
2015-08-24