Кливлендийн зорилго : Плейоффт бүтэн бүрэлдэхүүнээр тоглох

Шигшээ цувралд гол тоглогчидгүйгээрээ орсон Кливленд Кавальерс алдаанаасаа суралцаж байна. Тэд ирэх улиралд Леброн Жеймс, Кайри Өрвинг хоёрын тоглох минутыг багасгахаар шийдсэн. (Клипперс ч мөн гарааны тоглогчдынхоо минутыг багасгана)
Жеймс, Өрвинг хоёр өнгөрсөн улиралд талбайд өнгөрүүлсэн минутаараа эхний тавд орсон. Харамсалтай нь Өрвингийн ачаалал ихдэж, плейоффт хүнд гэмтэл аван талбайг орхисон юм.
Зөвхөн Өрвингийн минутын хязгаарлаад зогсохгүй, он гартал тоглуулахгүй хүлээлгэж магадгүй тухай эх сурвалж мэдээлжээ. Шигшээ цувралын эхний тоглолтонд өвдгөө гэмтээсэн Өрвингөд хагалгаа хийсний дараа эмч нар 3-4 сарын дараа эдгэрэх боломжтой гэж тооцоолж байлаа.
Гэтэл одоо гарч байгаа мэдээллээр улирлын нээлтэнд оролцохгүйгээр барахгүй, он гартал тоглохгүй байж магадгүй гэнэ. Кавальерс улирал биш, плейоффынхоо амжилтанд анхаарлаа хандуулж байгаа учраас тэр гэнэ.
Үүндээ ч эртнээс бэлдсэн гэлтэй. Ж.Р.Смит, Иман Шумперт, Маттью Деллаведоватай гэрээгээ сунгаснаар хамгаалагчийн байрлалд Өрвингтэй нийлээд дөрвөн тоглогчтой болсон ч Кавальерс шинээр Мо Уильямсыг авчирсан билээ. Өрвингийг иртэл Мо Уильямс гараанд гарч, Деллаведова сэлгээнээс тоглох боломжтой гэсэн үг. Мо Уильямс довтолгоо сайтай учраас оноо авах тал Деллаведовагийн дутагдалтай талыг хангалттай нөхнө.
Сайн гараатай байх хангалттай биш, сайн сэлгээтэй болох, нэмээд тоглогчид нь гэмтэл бэртэлгүй байх нь аваргад хүрэх шалгуур гэдгийг Кавальерсын удирдлагууд ойлгож, алдаагаа засахаар шийдсэн бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ