Хүндлэн биширдэг хэн бүхэн хүндэтгэл үзүүлж болно

img

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 2015 оны 8 дугаар сарын 26-ний өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.

 

Д.Цэрэнтогтох 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт малчин ард Дашдоржийн зургаадугаар хүү болон төрж, 1968 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхлүүлсэн юм.

 

Тэрбээр 1972 онд зургаа давж улсын өсөх идэр начин, 1977 онд долоо давж улсын заан, 1978 онд Улсын баяр наадамд түрүүлж улсын арслан, 1979 онд Монголын Бүх ард түмний VI спартикиадад өвдөг шороодолгүй түрүүлж улсын аварга, 1980 онд ес давж түрүүлэн даян аварга, 1981 онд найм давж үзүүрлэн дархан аварга, 1983, 1984 онд түрүүлж далай даян даяар дуурсагдах дархан аварга цолыг хүртэж байжээ.

 

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, Монголын үндэсний бөхийн холбоо, Их Монголын хүчтэн дэвжээ хамтран өнөөдрөөс эхлэн бурхан болоочид хүндэтгэл үзүүлэх ажлыг “UBH” центрийн 14 давхарт зохион байгуулж байна.

 

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч М.Наранбаатар “Монгол үндэсний бөхийн төдийгүй, тив, дэлхийн алдарт бөх Д.Цэрэнтогтох аварга маань таалал төгслөө. Түүнийг шүтэн биширдэг, хүндэтгэдэг олон хүн байгаа. Тэдгээр их аваргадаа хүндэтгэл илэрхийлэх боломжийг олгох зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. Үүнээс гадна цаашид хийх зүйлсийг ярилцаж байна” гэв.

 

Тэд их аваргынхаа гэгээн дүрийг цагийн цагт мөнхлөх гэрэлт хөшөө босгох, түүний залгамж халааг бэлтгэх, үйл хэргийг өнөд үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулах, “Цэрэнтогтох аварга сан” байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

 

МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар дархан аварга Д.Цэрэнтогтох агсны тухай ийн ярьсан.

 

Дархан аварга Д.Цэрэнтогтох Ардын цэргийн албанд татагдаж ирээд цэргийн каринтины баярт түрүүлээд тэндээсээ генералуудын хараанд өртөж “Алдар” нийгэмлэгт ирж байсан. Ийнхүү шинэ цэргийн алба хаагч үндэсний бөхийн болон чөлөөт бөхийн спортоор Монгол Улсын нэртэй дасгалжуулагч Ч.Дамдиншарав багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн гэдэг. Тэрээр 1972 онд Ардын хувсгалын 51 жилийн ойн баяр наадмаар нөхөөстэй зодог шуудагтай цэрэг барилдаж, Монгол Улсын өсөх идэр начин гэдэг хүндтэй цолыг хүртэж байсан. Тэгэхдээ алдар цолтой олон бөхийг өвдөг шороодуулсан. Тухайлбал, Дөрвийн даваанд улсын хүчтэй начин, тэр үедээ хоёр Мөнхийг залгаж гарна гэгдэж байсан Лундаа начин, тавын даваанд уран мэхт улсын аварга Бээжин гуайг, зургаагийн даваанд улсын баяр наадамдаа гурван удаа үзүүрлэсэн шилдэг арслан Дагвасүрэн арслан өвдөг шороодуулаад Монгол Улсын өсөх идэр начин цолыг хүртэж одоогоор бол томоохон шуугианыг тарьж байсан ийм бөх юм.

 

Тэгээд 1973 онд Ардын хувсгалын 52 жилийн баяр наадмаар тавын даваанд хүчит арслан Эрдэнэ-Очир гуайд амлуулж унасан байдаг. Үүнээс хойш гурван жил улсын наадамдаа барилдаж чадаагүй. Харин 1977 онд Ардын хувьсгалын 56 жилийн ойн баяр наадмаар тухайн үедээ аварга болоогүй байсан Хадбаатар аваргыг өвдөг шороодуулаад заан цолонд хүрсэн. Түүнээс хойш 1990 оныг хүртэл улсын баяр наадамдаа тасралтгүй шөвгөрсөн гайхамшигт бөх. Түүний дотор улсын баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн,  1979 онд Монголын бүх ард түмний VI спартакиадын барилдаанд өвдөг шороодолгүй 30 даван түрүүлээд улсын аварга цолыг хүртсэн. Үүнийг нь МҮБХ нэг түрүүнд тооцож явдаг. Ингээд авч үзвэл тав түрүүлж, тав үзүүрлэж, таван удаа их шөвгийн дөрөвт үлдэж, 19 удаа шөвгөрсөн гайхамшигт амжилтыг үзүүлсэн бөх.

 

Д.Цэрэнтогтох аварга маань монгол бөхийн барилдааны мэх, арга техникийг гарамгай сайн эзэмшсэн. Өөрөө өндөр нуруутай, хүнд жинтэй атлаа хөнгийн жингийн бөхчүүд шиг хурдан шаламгай барилддаг, бөхийн чөлөөт барилдаанаар ч гэсэн тив дэлхийд өндөр амжилт үзүүлсэн. Бага жингийн бөхчүүдтэйгээ хурд дутахгүй, барилддаг байсан гэж чөлөөт бөхийн багш нар нь ярьдаг. Үндэсний бөхөөр ч гэсэн гайхамшигтай амжилтыг үзүүлжээ. Зөвхөн нэг жишээг дурдахад, 1978 онд улсын баяр наадамд анх удаа түрүүлэхдээ долоогийн даваанд дархан аварга Д.Дамдин, наймын даваанд дархан аварга Х.Баянмөнхийг, есийн даваанд дархан аварга Ж.Мөнхбатыг гурван дархан аваргыг дараалан орхиж түрүүлээд, өөрөө улсын арслан цол хүртэж түрүү бөхөөр тодорч байсан.  Үнэхээрийн одоо монгол бөхийн түүхэнд ховорхон төрөх барилдааны асар их авьяастай. Өөрөө жудагтай, энгийн даруу, хүнтэй нөхөрсөг найрсаг, элдэв булхай найраанд оролцдоггүй, сайхан эрхэм чанартай бөх байсан гэдгийг бөхийн хүрээнийхэн, бөхийн холбооны бид дурсаж байна хэмээн ярилаа.

 

 

Цагийг эзэлсэн их аваргыг хүндлэн биширдэг хэн бүхэн ирэх есдүгээр сарын 2-ны өдрийн 10:00 цагийг хүртэл хүндэтгэл үзүүлж, салах ёс үйлдэж болох юм байна.

 

Ум сайн амгалан болтугай.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Halhiin har avarga min burhnii orond odoj dee. um mani bad mi hum.
2015-08-29
Hovdchuud:
Um mani badi mi hum. Burhani orondoo taiban noirsooroi.
2015-08-29
H пурэвжав:
Ум мани бад ми хум хайрлаж явдаг халхийн алдарт хуу минь бурхний нутагт заларчдээ эргэж халх тумэндээ бохоороо торохийн ероол оргое
2015-08-29
ubfan:
saixan avarga, uran barildalgaantai...um mani badmihum
2015-08-28