“Mongolian Open”-ийн ялагчийг 6 сая төгрөгөөр шагнав

img

Манай улсад анх удаа Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад зохион байгуулагдав. Дэлхийн 23 орны 35 багийн 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдсөн тус тэмцээнд арван өргөөс найман хожил, хоёр хожигдол авсан Ираны баг тэргүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг мөнгө, хүрэл медалийг авлаа. Унгар, БНХАУ-1, Узбекстан, БНХАУ-2, Канад улсын баг IV-VIII байрыг эзэллээ. Харин манай улсаас 11 баг оролцсоноос Завхан баг IX, Монгол-1 Х байрт орлоо.

 

Энэхүү олимпиадын үеэр 25 сая төгрөгийн шагналын сан бүхий УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Mongolian Open” тэмцээн болсон. Уг тэмцээний тэргүүн байрыг их мастер Б.Гүндаваа 7,5 оноогоор тэргүүлж 6 сая, Н.Баттулга II байр 4 сая, Н.Төвсанаа III байр 3 сая, Э.Энхнар IV байр 2,5 сая,  М.Мөнгөнхүү V байр 2 сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус гардан авсан. Мөн энэ үеэр өнгөрсөн онд Геннисийн номонд бүртгэгдсэн 9999 шатарчин арга хэмжээнд оролцосон өсвөрийн тамирчдыг дэлхийн шатрын холбооны гишүүнээр бүртгэхийг батламжилж гарын үсэг зурсан юм.

 

УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав

 

-Таван орны өсвөрийн шилдэг тамирчид манай улсад анх удаа хүрэлцэн ирж тэмцээнд оролцлоо. Манай өсвөрийн тамирчдын хувьд өөрсдийгөө дэлхийн шилдэг тамирчидтай харьцуулж авлаа. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 11 баг оролцсон. Монголд ирсэн шатарчдын хувьд сэтгэл өндөр байсан. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан саналаар энэ удаагийн тэмцээн 2015 онд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанаас нэгдүгээрт бичигдэж байна гэсэн таатай мэдээлэл ирсэн. Энэ нь цаашид манай улсад дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломж гэдгийг харууллаа.

 

Эх орондоо болсон тэмцээнд манай баг IX, X байрыг эзэллээ. Энэ нь өмнө үзүүлж байсан амжилтаа ахиулсан гэсэн үг. Нийт 11 багийн 55 хүүхэд оролцсон. Манай өсвөрийн шатарчдын амжилтыг гадаадын дасгалжуулагч багш нар өндөр үнэлж байна. Завхан аймгаас ирсэн баг 20-р байрт орлоо. Зарим хүүхэд чансааны оноотой боллоо . Мөн “Mongolia Open” тэмцээнийг зохион байгуулж, олон улсын шүүгч нар шүүсэн нь манай шатарчдын хувьд томоохон боломж байлаа. Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна. 

 

Олон улсын хэмжээний нээлттэй тэмцээний аварга монгол мөнгөөр хамгийн багадаа 10 сая орчим төгрөгийг авдаг. Бид энэ удаа түрүүлсэн шатарчинг 6 сая төгрөгөөр урамшуулсан. Энэ нь манай улсад урьд нь байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тэмцээн боллоо. Олимпиадын үеэр Олон улсын олон сургалтыг зохион байгуулсан. Энэхүү тэмцээний үеэр Цагдаагийн байгууллага, Улсын II эмнэлэг, “Хүннү молл” төв, “Чингис хаан” зочид буудал, Жи-Мобайл гээд олон газар тусалж, хамтран ажилласанд талархаж байна.

 

"Mongolian Open" тэмцээний залуу шатарчин Золжаргалын Ангар шилдэг хүүхдийн шагнал болох 200 мянган төгрөгийн шагнал авсан юм. 

 

-Би энэ жил 9 настай. Энэ удаагийн тэмцээнд 4 хожил, нэг тэнцээ, 4 хожигдол авсан. Нийт 4,  5 оноогоор 45-р байранд орлоо. Би 6 настайгаасаа шатар тоглож эхэлсэн. Энэ оны улсын аваргад 9-10 насанд өрсөлдөж 14-р байрт орсон. Мөн 2015 онд БНСУ-д болсон Азийн аваргад 16-р байр, Арабын нэгдсэн Эмират улсад болсон нээлттэй тэмцээнд IX байр эзэлсэн. Бас Буриадад болсон нээлттэй тэмцээнд V байрт орсон.

 

Одоо "Зууны шатар" клубт А.Баярсайхан багшийн удирдлагад хичээллэдэг. Энэ удаагийн тэмцээнд Их мастер Б.Хатанбаатартай тоглосон. Хүүхдүүдээс н.Эрхэс, н.Халиун, н.Ган-Эрдэнэ нартай тоглосон. Хүчтэй тамирчид олон байсан болохоор өөрийнхөө амжилтанд сэтгэл хангалуун байна. Цаашид бэлтгэлээ сайн хийж, илүү сайн  амжилтуудыг гаргахыг хүсэж байна. Мөн тэмцээний хүүхдийн шилдэг тоглогч болсондоо маш их урам авлаа.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ