Е.Төгстөмөр хүүгийн нүүдэл намайг гайхшируулсан

Дэлхийн шатрын их мастерууд нэгэн дор цуглаж, 20 гаруй орны 200 гаруй тамирчин оюун ухаанаа гайхуулсан “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” манай улсад болж өндөрлөлөө. Арав хоногийн турш оюун ухаанаараа өрсөлдсөн тус тэмцээнд Иран улсын тамирчид багаараа алтан медалийн эзэд болсон юм.
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадын ялагч Ираны багийн дасгалжуулагч, шатрын их мастер Mortez Mahjoob-той цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Ираны тамирчиддаа юуны өмнө баяр хүргэе. 20 гаруй орны шатарчдыг тэргүүллээ. Хүчтэй өрсөлдөгч олон байв уу?
-Баярлалаа. Арван өдрийн турш, өдөрт 8-10 цаг шатар тоглоно гэдэг бол маш хэцүү. Олон орны шилдэг тамирчид ирсэн учраас тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Энэтхэг, ОХУ-ын багууд байлаа. Монголын шатарчид тэр дундаа, 9-10 настай хүүхдүүдийн нүүдэл их хэрсүү юм. Есөн настай хүүгийн нүүдэл намайг гайхшируулсан шүү.
-Та тэр хүүгийн нэрийг нь санаж байна уу?
-Завхан аймгаас ирсэн Г.Амартүвшин гээд хүү байсан. Мөн есөн настай Е.Төгстөмөр гээд хүү шатрыг маш сайн тоглож байна. Энэ хүүхдүүдийг цааш нь танай улс орноос тусгайлан анхаарч, дэмжээд, сайн дасгалжуулаад явах юм бол дэлхийн их мастер болох ирээдүй ойрхон харагдсан. Монголын шатрын холбооноос шатар сайн тоглодог хүүхдүүдээ дэмжих хэрэгтэй. Ер нь монгол хүүхдүүд бүгд шатар тоглодог юм байна.
-Танай баг энэ удаагийн тэмцээнд ямар зорилго тавьж ирсэн бэ?
-Энэ тэмцээн дээр Хятад, Унгар улсын багт ялагдсан. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсын баг Энэтхэг, Унгарын багт ялагдаж байсан. Тиймээс энэ удаагийн “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” тэмцээнд заавал хожино гэсэн зорилго тавьж ирсэн. Энэтхэгийн багийг 4:0-оор хожиж, тэмцээнд түрүүлж зорилгоо биелүүллээ. Манай багийнхан өмнө нь найман удаагийн тэмцээнд оролцож байсан. Гэхдээ хамгийн анхныхаа алтан медалийг энэ тэмцээнээс, Монгол Улсаас авсандаа баяртай байна.
-Тэмцээний зохион байгуулалт хэр санагдав?
-Монгол Улсын хувьд анх удаа дэлхийн том хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад хүндрэлтэй байсан байж магадгүй. Гэхдээ тэмцээний зохион байгуулалт, зочид буудал маш их таалагдсан. Монгол Улс уул, ус ихтэй сайхан нутаг юм. Найзын маань хэлснээр монгол бүсгүйчүүд их үзэсгэлэнтэй юм. /инээв/
-Улаанбаатар хоттой танилцаж амжив уу?
-Ирснээсээ хойш өдөр бүр тэмцээнтэй байсан болохоор Улаанбаатар хоттой танилцах зав гарсангүй. Харин өсвөрийн шатрын олимпиадад оролцсон хүүхдүүд, зохион байгуулсан хүмүүстэйгээ найзууд болсон. Монголчууд их найрсаг ард түмэн юм. Тиймээс дахиад монголд ирнэ.
-Та шатрын спортоор хичээллэсэн бэ. Таны ирээдүйн зорилго?
-Би шатрын спортоор 13 жил хичээллэхдээ хоёр жилд нь Дэлхийн шатрын холбоонд дасгалжуулагчаар ажиллаж байна. Шатар бол үнэхээр гайхалтай оюунлаг спорт. Яг одоо би насны хязгаарлалтгүй оролцуулдаг олон улсын шатрын тэмцээнээс гранпри авахыг л хүсч байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ