Цэвэрлэх байгууламжийн асуудлыг намрын чуулганаар оруулна

Нийслэлийн баруун хэсэгт ажиллаж амьдардаг иргэд Төв цэвэрлэх байгууламжийн талаар холбогдох байгууллагуудад гомдол, санал байнга илгээсээр удаж буй. 1969 онд байгуулагдсан тус байгууламж нь ашиглалтын хугацаа болон техник, тоног төхөөрөмж, технологийн дутагдалтай байдлаас болоод өнөөгийн шаардлагыг хангахуйц хэмжээнд хүртэл ажиллаж чадахгүй, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа ч асуудлыг шийдвэрлэх хэмжээнд дорвитой ажил хийгдээгүй юм.
Тэгвэл тус байгууллагын нөхцөл байдалтай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр танилцсан юм. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тул хэрэгцээ шаардлагаа дагаад шинээр цэвэрлэх байгууламж байгуулахын зэрэгцээ үйлдвэрлэл эрхлэгчид ашигласан усандаа анхан шатны цэвэрлшүүлэлт хийгээд төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг бай хжурам гаргах шаардлагатай байгаа талаар энэ үеэр албаны хүмүүс хэлж байлаа.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэчихээд ийм байж болохгүй
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Сонгинохайрхан дүүргийн 360 мянган хүн амын 70-80 мянга нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохирдсон агаараар амьсгалан амьдарч байна. Өмхий үнэр сүүлийн үед улам нэмэгдсэн. Тухайлбал, Баянхошуунд хүртэл сүүлийн хэдэн сар үнэртэх болсон. Цэвэрлэх байгууламжийн ойролцоо амьдардаг иргэдийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүдэд байнга ирүүлдэг.
Нөгөөтэйгүүр, миний бие Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргын албыг хашиж байгаа. Тус дэд хороонд агаараас гадна хөрс, усны бохирдол мөн хамаардаг. Иймд цэвэрлэх байгууламжаас шалтгаалан байгальд учирч буй хор хохирол, Туул голын бохирдлын асуудалд анхаарал тавин ажиллаж байна.
Нийслэлийн хувьд Туул голыг дагасан Нисэх, Био комбинат, Шувуун фабрик зэрэг газруудад суурьшлийн бүс шинээр байгуулан, амьдрах орчныг нь сайжруулж, нийслэлийн төвлөрлийг бууруулна гэж зарласан. Гэтэл тэнд хүн амьдрахад маш хүнд нөхцөл байдалтай байгааг бид мэднэ. Өнгөрөгч зургаадугаар сард 00 зогсолт хийж, засвар хийх үед нисэх дээр буухад хүртэл өмхий үнэр үнэртэж байсан. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэчихээд иймэрхүү байдалтай байж болохгүй.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд сүүлийн гурван жилийн турш Засгийн газарт байнга шаардлага тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл олигтой арга хэмжээ авахгүй байна. Иймд энэ намрын чуулганаар төсөв хэлэлцэх үед Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүдийн зүгээс Ус сувгийн удирдах газар болон нийслэлтэй хэрхэн хамтран ажиллах шаардлагатай байна вэ гэдгийг судлахаар ирсэн.
Нөхцөл байдалтай танилцаад дараахь дүгнэлтийг хийлээ. Нэгдүгээрт, цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах шаардлагатай юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ ажлын ТЭЗҮ-г хэнээр хийлгэх вэ, санхүүжилтийг хаанаас босгох вэ, хөрөнгө оруулалтыг хэнээр хийлгэх вэ зэрэг асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай юм байна гэдэг нь харагдаж байгаа. Хууль батлагдчихсан, түүнийг хэрэгжүүлэх журмыг нь гаргаад өгвөл хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.
Үйлдвэрүүд анхан шатны цэвэршүүлэлт хийх шаардлагатай
УСУГ-ын Ашиглалтын албаны дарга Н.Одхүү: Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба өнөөгийн байдлаар хоногт дунджаар 155.000-165.000м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна. Туул гол руу нийлүүлдэг ус стандартын шаардлагаас 5-6 дахин их бохирдолттой байдаг. Ялангуяа, аж ахуйн нэгжүүдээс ирж байгаа ус хамгийн их бохирдолттой, дээр нь химийн хорт бодисууд агуулсан байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бохир ус зөвхөн арьс ширний үйлдвэрүүдэд хамаарахгүй.
Хүнсний үйлдвэрүүдээс нийлүүлж буй усанд шинжилгээ хийж үзэхэд мөн маш их бохирдолттой байсан. Манайд зөвхөн “Тайгр” үйлдвэр л өөрийн цэвэрлэх байгууламжтай, бусад нь байдаггүй. Тиймээс ус ашиглаж байгаа томоохон үйлдвэрүүд анхан шатны цэвэршүүлэлт хийгээд Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байх шаардлагыг журмаар зохицуулж өгөх хэрэгтэй байна. Бид мөн бохир усны шугам болон ашиглалтыг хариуцдаг. Анх байгуулагдахдаа 6 км бохир усны шугам ашиглалтанд орж байсан бол одоо 168 км шугам хоолой, 2900 орчим бохир усны худгийн ашиглалтыг хариуцан ажиллаж байна.
Шинэ цэвэрлэх байгууламжийн асуудлыг 2007 оноос хойш ярьсан
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн: 2007 оноос хойш Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах асуудлыг хөндөж ирлээ. Шинээр цэвэрлэх байгууламж барихад 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өнөөгийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ТЭЗҮ-ийг хийх тендер зарлаад, гүйцэтгэгчээ сонгочихсон, ажил хийгдэж байна. Гадаадын олон байгууллага энэ төслийг сонирхож, хамтран ажиллах санал ирүүлсэн. Тэдний дундаас Франц улсын “Виолиа”компанийн саналыг хамгийн сайн гэж дүгнэсэн.
Тус улсын Засгийн газар, Сангийн яамнаас энэ төсөлд шаардлагатай хөрөнгийн тодорхой хувийг гаргах, хөнгөлөлттэй зээл олгох бололцоотой гэдгээ илэрхийлээд байгаа. Гэтэл бид дотооддоо тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, 2016 ондоо багтааж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг хүсч байна. Шинэ байгууламж байгуулахад 5-6 жил шаардагдана. Тэр хүртэл энэ байгууламж хэвийн ажиллаж чадна гэдэг эргэлзээтэй. Иймд нэн яаралтай эхлүүлэх л чухал байна.
Голомт дээр нь ажиллаж байгаа хүмүүсийг огт хайхардаггүй
Хөдөлмөр хамгааллын инженер н.Загдбазар: Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудлыг хөнддөг хэрнээ яг голомт дээр нь ажиллаж байгаа хүмүүсийг огт хайхардаггүй. Манай байгууллагад нийт 170 орчим хүн ажилладаг. Хэдийгээр хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гээд маск зүүлгэж, өдөр бүр 500 гр сүү өгдөг ч энэ нь хангалтгүй.
Учир нь усны ууршилтаар усанд байгаа хорт бодисууд ялгарч байдаг болохоор энд ажиллаж байгаа бүх хүн маш хортой нөхцөлд ажилладаг. Тэгсэн хэрнээ хөдөлмөрийн нөхцөл нь “хэвийн бус” ангилалд тооцогддог. Үүнийг “хортой нөхцөл”-д шилжүүлэх саналтай байна. Мөн СХД-т амьдарч байгаа иргэддээ хандаж хэлэхэд, бохир агаараас өөрийгөө хамгаалахын тулд цэвэр ус сайн уух хэрэгтэй.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ