Лейкерс 2015-16 оны улиралд ямар амжилт үзүүлэх вэ?

Шинэ улиралд бүх багууд ижилхэн тэгээс эхэлнэ гэдэг нь сайхан. Гэхдээ бүх оролцогчид ижилхэн хугацаагаар барианд ордог уралдаан байдаггүйтэй адил, NBA-н багууд ч бүгд ижилхэн амжилт үзүүлэхгүй нь тодорхой.
Машинаар яривал, хэр зэрэг тоноглосон, моторын хүч, дугуй, түүнийг унах жолооч хэн байхаас амжилт шалтгаалдаг бол NBA-н багуудад ямар бүрэлдэхүүнтэй болсон, хэнээр дасгалжуулж байгаа, хэн нь оноо авч, хэн нь хамгаалалт хийж, хэн нь довтолдог байх вэ гэдгээс амжилт нь хамаарна.
Лос Анжелес Лейкерс багийн хувьд сүүлийн гурван жил бүхэлдээ уналт байлаа. Дуайт Ховардыг авчирсан улиралдаа Майк Д Энтони, Стив Нэшийг бүрэлдэхүүнд нэгтгэсэн нь алдаа болж, арайн хийн плейоффт шалгарсан бол Дуайт явсны дараа уналт утгаараа эхэлсэн гэхэд болно.
Сүүлийн хоёр жил багийнхаа түүхэнд байгаагүй олон хожигдлуудыг дараалан амслаа. Энэ жил ч мөн ялгаагүй дээрх байдал давтагдах магадлалтай. Доорхи шалтгаануудаар таамаглалаа тайлбарлаж болно.
№1 Сул бүрэлдэхүүн
Ламаркус Алдрижийг алдсан, Жимми Батлерыг урвуулж чадаагүй гээд Лейкерсийн энэ зуны зорилго тэр чигтээ бүтэлгүйтсэн. Арга ядахдаа хэний ч тоогоогүй Рой Хиббертийг Индианагаас авч, чөлөөт агентаас Брэндон Бассыг сонгохов. Ганц сайн мэдээ нь шидэхээс айдаггүй Лью Уильямсыг авсан явдал. Драфтаас авсан Д’Анжело Расселлыг муу гэхгүй ч, түүний хувьд ирэх улиралд дээд түвшинд суралцах жил байх болно. Зуны лигийн тоглолтуудад бөмбөгөө дунджаар 4-5 удаа алдаж байснаас үзэхэд чанга хатуу хамгаалалтанд бэлтгэгдэх хугацаа хэрэгтэй. Лейкерсийн ирээдүй байж болох ч, ирэх жилдээ плейоффт багаа чирэх тоглогч болж амжихгүй.
№2 Бүрэлдэхүүний тэнцвэргүй байдал
Төвийн байрлалд Рой Хибберт гарах нь нэг талаараа хамгаалалт сайжирхыг илтгэнэ. Гэхдээ Расселл, Кларксон, Уильямс, Янг зэрэг хурдтай тоглолтыг үзүүлэх боломжтой нөхдүүдтэй зэрэг гарна гэдэг аль нэгнийх нь тоглолт гарахгүй, эвдэгдэнэ гэсэн үг.
Бас нэг зүйл нь Ник Янгийг сольж чадаагүй явдал. Коби замналынхаа турш бөмбөг эзэмшиж тоглосон бол Лью Уильямс, Жордан Кларксон ч бас бөмбөгтэй үедээ л тоглолт нь гардаг. Ялгаатай тал нь Уильямс сэлгээнээс гарч талбайн жанжин болдог. Үүн дээр Расселлыг цэвэр холбогч гэдгийг мартаж болохгүй. Дээрх тоглогчидтой хамт талбайд гарна гэдэг Ник Янгийг хувьд хар дарсан зүүд болно. Улмаар тоглох минут нь багассаар багаас явах магадлалтай. Янгийн минут нь ахих ганц боломж нь Коби Брайнтын гэмтэл юм.
№3 Хүчний довтлогч
Ирэх улиралд гараанд Брэндон Басс, Жулиус Рандлын хэн нь гарах нь одоогоор тодорхой биш байна. Гэхдээ Рандлын хөгжих бололцоог хангаж, Басст өгч байгаа цалингаа бодвол 48 минутыг голоор нь хуваачихад гайхах зүйлгүй.
Бассын хувьд дундын зайн шидэлт нь Хибберттэй хословол давгүй байж болох ч, нуруу нам, хамгаалалт муу гээд сул тал ихтэй. Рандлын хувьд бүр ч ээдрээтэй. Анхны жилдээ тоглох гэж байгаа болохоор түүний тоглолтыг арга барилыг сайн мэдэхгүй боловч, зуны лиг болон бусад бэлтгэлийг нь харахаар Энтони Беннетт шиг бүтэлгүйтэл болох магадлалтай ч юм шиг.
Хүчний довтлогч дээр мөн л нуруу намдаж, биеийн хүч дутах бол, жижиг довтлогч дээр удаан, шидэлтгүй зэрэг олон шалтгаан байна. Мөн шахсан тоглолтоос оноо авах тал дээр муу гэдэг маш том сөрөг тал ажиглагдсан. Бас л бөмбөг эзэмшиж, өөрийнхөө довтолгоог эхлүүлдэг сул талтай.
Рандлын талаархи миний таамаг алдаа байж болно. Гэхдээ л түүн шиг завсарын байрлалын тоглогч хүчний довтлогчоор гараад Данкан, Алдриж, Гриффин, Ибака, Рандольф, Дрэймонд Грийнийг зогсооно гэж миний санаанд л лав буухгүй байгаа юм.
№4 Кобигийн гэмтэл болон SF
Одоогоор гарааны SF-н байрлал дээр тэр гараанд гарна гээд хэлчих тоглогч бас л алга. SF бол багийн хамгаалалт довтолгоо аль алинд нь тус хүргэж чадах, олон талтай тоглогч байх ёстой. Байрон Скоттын ярьж байгаа, бас баталгаатай гарааны тоглогч гэдгээр нь бодвол Коби Брайнт л энэ байрлалд гарах бололтой.
Бүтэн улирлын турш Коби өөрөөсөө том биетэй, өндөр залуусыг хамгаалж, дээр нь довтолгоон дээр багаа удирдана гэвэл гэмтэл түүнийг хол биш ойрхон отож байгаа нь дамжиггүй. Тэгэхээр Кобиг гэмтээхгүйн тулд зарим тоглолтуудад амрааж магадгүй. Энэ нөхцөлд Кобиг орлочих хэмжээний SF Лейкерст одоогоор алга. Арга ядаад Метта Уорлд Пистэй холбогдож үзсэн байлгүй. Гэхдээ гэрээ хийгдээгүй билээ.
Сүүлд Бразил холбогч Марсело Хуертасыг авсан нь надад хар төрүүлсэн юм. Ник Яангийг солино гэж тооцоолоод, Кобиг амраах эсвэл гэмтвэл Расселл, Кларксон, Уильямс дөрөвт сэлгээний холбогч хэрэгтэй. Талбайд гардаггүй юм аа гэхэд бэлтгэл дээр пик н роллыг хэрхэн хийх учрыг Хуертас насаар 10+ дүү тоглогчдод заагаад өгч чадах байх.
Бөмбөг эзэмшдэг тоглогч хэтэрхий олон байхад, дахиад нэг тоглогч нэмсэн нь ингэж бодохоор өөр аргагүйд хүргэснээ нуугаад яахав. (Фенүүдэд тоглогч чухал боловч багт ирээдүй чухал гэдэг нь маргахааргүй зүйл)
№5 Хамгаалалт болон бүсийн өрсөлдөөн
Коби болон Хиббертийг эс тооцвол хамгаалалтаар үнэлэгдсэн тоглогч Лейкерс алга. Дийлэнх нь залуус, залуу тоглогчдоос алдаа авах эрх нь од тоглогчдод автоматаар олгогддог гэхэд болно. Тиймээс Лейкерсийн хамгаалалт ирэх жилүүдээс төдийлөн сайн байж чадахгүй болов уу. Харин довтолгоон дээр хүч нэмэгдсэн гэдэг нь маргаангүй зүйл.
Гэхдээ өрнөд бүсийн багуудтай хамгаалалт муутай байж, авах оноогоороо өрсөлдөнө гэдэг ямар ч боломжгүй. Зөвхөн плейоффын төлөө биш аварга авахын төлөө зүтгэж байгаа 5-6 баг нэг бүсэд хамт байгаа нөхцөлд бүр ч боломжгүй юм.
Тэгэхээр ирэх жил Лейкерсийн хувьд шинэ залуусыгаа өсөж дэвжихийг харсан шиг, плейоффт шалгарч чадалгүй дуусах дахин нэг улирал хүлээж байна.
Амжилтаас илүү зүйл
Нэг л зүйл баталгаатай. Лейкерсийн үзүүлж байгаа амжилтаас үл хамаарч очсон хот болгон Коби Брайнтад хүндэтгэл үзүүлж, түүний агуу замналын үдэлтийг хийж өгөх нь гарцаагүй биз ээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ