Манай ”тооны машинууд” 13 медаль хүртжээ

Турк улсын нийслэл Анкара хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд соробан болон түргэн бодолтын тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд оролцсон Монголын оюун ухааны академийн тамирчид Б.Болд-Эрдэнэ /9 нас/, Б.Хангал /10 нас/, С.Чинбаатар /11 нас/, Б.Ариунзаяа /11 нас/, Б.Бат-Эрдэнэ /11 нас/ нар амжилттай оролцжээ.
Тэмцээний эхний өдөр явагдсан соробан тэмцээнд 256 хүүхэд уралдснаас манай тамирчид бүгд медаль зүүж, Б.Хангал шилдэг гуравт шалгарч цом хүртсэн байна.
Дараагийн өдөр 87 тамирчин /насны хязгааргүй/ 8 оронтой 2 тооны үржвэр, хүн хуанли, 10 оронтой 10 тооны нийлбэр, Флаш Анзан, Язгуур гаргах зэрэг түргэн бодолтын тэмцээн болжээ. Мөн тэмцээнд ч манай тамирчид амжилттай оролцжээ. насны хязгааргүй болсон "Хүн хуанли" төрөлд Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар тэргүүлж, Монгол Улсын баг нийт хоёр цом, 13 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, ирэх сард Тайванд болох Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай есөн тамирчин оюуны цэц сорихоор бэлтгэж байгаа аж.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ