Улс төрийн хүчнүүдийг угжих нь дутаж гэнэ

Хууль боловсруулагчид өөрсдөдөө зориулан хууль баталж, албан тушаалаа урвуулан ашиглан авлига, хээл хахууль авч, төрийн мөнгийг зүй бусаар зарцуулсан ах дүү, төрөл төрөгсөд, журмын нөхдөө ялаас хэлтрүүлэх гэж байна хэмээх шүүмжлэл дуусаагүй байхад дараагийн асуудал сөхөгдлөө. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ” гэгчээр парламентад суудалтай улс төрийн хүчнүүд өөрсдөдөө зориулсан хууль батлаагүй бол гаднах намууд ч хууль боловсруулах эрх мэдлийг нь юун булаалцалдан хошуурах билээ.
МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудын төлөөллийг оруулсан Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Улс төрийн намуудын удирдлага, ерөнхий нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр санал нэгджээ. Нэгэнтээ Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахад цаг хугацааны хувьд амжихааргүй болсон тул 2012 онд батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилөхөөр болж. Ингэхдээ 2012 оны Сонгуулийн хуулийн найман зүйл дээр өөрчлөлт оруулах болсон байна. Тухайлбал, сонгуулийг булхай луйваргүй, шударга явуулах санал тооллогыг иргэд, сонгогчдод нээлттэй болгох үүднээс санал тоолох арга замыг боловсронгуй болгох буюу саналыг машинаар биш гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд улс төрийн намуудын жигд төлөөллийг оролцуулах санал гаргажээ. Сонгуулийн санал хураалтын маргаашаас дараагийн сонгуулийн жил хүртэл яригддаг булхай луйвар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд намуудын төлөөллийг бүрэн оролцуулдаггүй гэх маргааныг хууль тогтоогчид нэгмөр цэгцэлчихмээр юм. энэ маргааны улмаас парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр “Уг нь сонгогчид бидэнд саналаа өгч сонгосон, улс төрийн зарим хүчнүүд санал луйвардлаа” гэж байнга л гомдоллож байдаг.
Улс төрийн хүчнүүд Сонгуулийн хуулийн асуудлаар энэ бүхнийг хэлэлцэн зөвшилцөх нь зүйн хэрэг ч үүнээс давсан нэг асуудал нь санхүүжилтээ боловсронгуй болгохоор шамджээ. Мөнгө хаана ч хүчтэй байдаг хойно, сонгогчдын сонголтыг хүндэтгэхээс илүүтэй “хувиа бодож довоо шарлуулах” гэсэн намуудын чин хүсэл ч илрэл. Сонгуулийн санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох хүрээнд “4 жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргах зөв” гэж улс төрийн хүчнүүд дуу нэгтэй санал нэгджээ.
Төсвөө танаад танаад орлого хагас их наядаас давж тасарсан, дахин тодотгол хийх зайлшгүй шаардлагатай тулсан эдийн засгийн хүндрэлийн жилүүдэд намуудыг сонгуульд өрсөлдүүлэхээр сонгогчид татварын мөнгөнөөсөө илүүчлэх гэнэ. Энэ оны төсвийн орлого тасарлаа гээд тодотол хийхдээ эх, хүүхдийн сүүний мөнгийг л арай таначихгүй байх.
Өнөөдөр манай улсад 22 улс төрийн хүчин бүртгэлтэй. Парламентад АН, МАН, ИЗНН, МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл гэсэн таван нам суудалтай. Сонгогчид парламентад суудалтай улс төрийн хүчнээс гадна гарын 10 хуруунд багтах улс төрийн хүчнийг л нэрлэж мэдэх биз. Бүртгэлтэй 22 улс төрийн хүчнээс сонгуулийн үеэр л нэр л дуулддаг, заримынх нь нэрийг огт сонсоо ч үгүй нам ч бий.
Сонгуулийн жилийн 2 сарын 1-ний дотор төрөөс сонгуулийн тойрог бүрийн нутаг дэвсгэр, хүн амын нягтаршилд тулгуурлан нэг нэр дэвшигчид олгох мөнгөний дээд хэмжээг тодорхойлдог байна. Өмнөх жилүүдэд сонгуулийн санхүүжилтийг улс төрийн хүчнүүд намын гишүүдийн хандиваас бүрдүүлдэг. Нэр дэвшигчид сонгуулийн зардалдаа 500 сая төгрөгөөс 1 тэрбум хүртэл мөнгө зарцуулсан гэдэг. Хэрвээ төрөөс нэг нэр дэвшигчид 500 сая төгрөгийг зарцуулахаар тооцлоо гэж бодвол өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар 26 тойргийн 48 мандат дээр өнөөх улс төрийн хүчнүүд нэр дэвшигч хайн өрсөлдөх биз. Тэгэхээр 22 улс төрийн хүчин 26 тойргийн бүх мандатад нэр дэвшигчээ зоочихно. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тойрогт нийтдээ 400 гаруй нам, эвсэл, бие даагч нэр дэвшигч өрсөлдсөн байдаг. Хэрвээ төрөөс сонгуулийн санхүүжилтийг улс төрийн намуудад олговол энэ тоо даруй 2-3 дахин нэмэгдэж, нэг нэр дэвшигчид 500 саяыг төрөөс гаргалаа гэхэд дундажаар хагас их наядаар тоологдож, тасалдаад байгаа төсвийн орлоготой эн тэнцэх нь.
Татвар төлөгчдөд илүүдээ гарсан энэ хэмжээний их мөнгө байхгүй. Сонгуульд өрсөлдөнө, нэр дэвшинэ гэдэг нь хувь хүнийг эрх. Бие даагчид ч бас сонгогдоно гэж өөртөө итгэж нэр дэвшин өрсөлддөг. Ямар чиглэлийн, юу хийдэг нь тодорхойгүй, сонгуулиар л ичээнээсээ гардаг улс төрийн хүчнүүдийг сонгуульд өрсөлдүүлэхийн төлөө татвар төлөгчид халааснаасаа мөнгө илүүчилж, эрхлүүлэх чадахгүй. Тэгээд ч сонгогчид өнөөдөр нам гэхээсээ хүнийг нь харж, сонгогдог болсон. Төрд хэрэгтэй, төрийн хар хүн болъё гэвэл эхлээд олон нийтэд юу хийж чаддагаа үзүүлэх хэрэгтэй. Сонгууль дөхөхөөр л гэнэт гарч ирчихээд, ялагдаад буцаж алга болоод байж болохгүй. Улс төрийн нам нь ч гэсэн үйл ажиллагаагаа тууштай явуулах хэрэгтэй биз дээ.
Өнөөдөр сонгуулийн хуулийг хамтдаа хэлэлцэн батлах гэж байна хэмээн зөвшилцөөд, өөрсдөдөө зориулсан санхүүжилт авч, сонгогчдыг, татвар төлөгчдийн мөнгөнөөс сонгуулийн хандиваа босгоно гэж бодоод ч хэрэггүй биз ээ.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ