Баярлалаа, Батцэцэгээ

Сайхан түүх давтагдлаа. АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг өрсөлдөгчөө цэвэр ялж, Дэлхийн хошой аваргын алдрыг хүртлээ.
Тэр дэлхийн бөх, энтэй тамирчин гэдгээ харуулж, Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн түүхэн дэх дэлхийн аваргын 50 дахь медалийг алтаар мялааж байна. Манай бөх аваргын төлөөх барилдаанд Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт Японы тамирчин Рисако Кавайг гучин зургаахан секундын дотор цэвэр ялж, дэлхийн хошой аварга алдрыг хүртлээ.
Энэ өдрөөс яг таван жил, нэг өдрийн өмнө бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын тамирчин Соронзонболдын Батцэцэг дэлхийн аваргын алтан медалийн тавцанд зогсож, Москвагийн тэнгэрт бидний эх орны төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот төрийн далбаа мандаж байсан билээ.
Тэр үед манай тамирчин алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг БНХАУ-ын тамирчин Жан Ланьтай хийж, илт давуугаар өрсөлдөгчөө буулган авч, ялалтыг, эмэгтэй тамирчдаас дэлхийн аваргын анхны алтан медалийг Монголдоо авчирч байсан мөч хүн бүрт тэр дундаа спортод элэгтэй хэн бүхэнд тодхон санагдаж буй биз ээ.
Харин энэ удаагийн тэмцээнд гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт Унгарын бөх Габриэлла Слейцийг 12:1, хоёрдугаар тойрогт Туркийн Бусе Тосунийг 10:0, гуравдугаар тойрогт Латвийн бөх Анастасия Григорьеваг 10:0 онооны харьцаагаар дараалан ялж хагас шигшээ барилдаанд Болгарын бөх Тайбе Мустафа Юсейнийг 11:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн болзол ханган, олимпийн эрхээ авч, алтан медалийн төлөө барилдсан юм.
Лас-Вегасын тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа мандаж, сүр жавхлант төрийн дуулал эгшиглэж, Монголын тамирчин Соронболдын Батцэцэг нүдэндээ баярын нулимстай, эх орныхоо төрийн дууллыг даган дуулсаар зогсож байна.
С.Батцэцэг чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлснийхээ 10 жилийн ойн дээр Дэлхийн хошой аварга боллоо. 2012 оны Лодонгийн олимпийн хүрэл медальт, 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, С.Батцэцэгт, түүнд чөлөөт бөхийн А үсгийг заасан Архангай аймгийн н.Дондов багшид, түүнийг тосч авсан гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшид, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарт, Чөлөөт бөхийн эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаярт баяр хүргэе. Баярлалаа Батцэцэгээ.
Түүний ялалтын бичлэгийг http://www.youtube.com/watch?v=53ZoVTr2i_E&feature=youtu.be линкээр үзээрэй.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ