Өмгөөлөгч Ц.Баасандорж: Шүүх өөрөө хууль зөрччихөөд хүндлэл ярих нь буруу

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэргийг шүүх шүүх хурлын тов өнгөрөгч долоо хоногт дөрөв дэхээ зарлагдаад байсан ч бас л хойшилсон билээ. Уг хэргийн талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.
-Л.Гансүх нарын шүүх хурал хойшлогдсоны дараа өмгөөлөгчдийг “Шүүхийг үл тоосон” гэж захиргааны арга хэмжээ авсан гэсэн. Яг ямар үндэслэлээр тэр вэ? Шүүх хурал дөрвөн удаа хойшилсонд өмгөөлөгчдийг буруутгаж байгаа юм уу?
-Л.Гансүх нарын хэргийг АТГ-ын 12 мөрдөн байцаагч жил гаруй шалгасан. Наадмын өмнөх өдөр шүүх рүү шилжсэн, 8 сарын 3-нд анхны шүүх хурал болсон. Шүүхэд шилжээд сар гаруй болсон. Ер нь дундаж хэргүүд шүүх дээр 5-6 хойшилдог, 7-8 хойшилж, гурван сар ч шүүх хурал хүлээгдсэн тохиолдол бий. Олон хүчин зүйлээс шалтгаална. Тиймээс Л.Гансүх гуайн хэрэг шүүхэд шилжээд удаж байгаа, сунжраад байгаа хэрэг биш. Гадуур явж байгаа мессежээр өмгөөлөгчөөс нь болж хойшиллоо гэдэг. Гэтэл эхний удаа шүүх хурал товлогдохоос өмнө гэрчийг оролцуулах хүсэлтээ өмгөөлөгчдийн зүгээс өгчихсөн байсан. Нэн ялангуяа Отгонбаяр, Ичинхорлоо хоёрыг оролцуулах хүсэлтээ шүүхэд өгсөн. Гэвч шүүх наймдугаар сарын 3-нд, 17-нд, есдүгээр сарын 2-ны шүүх хурал дээр ч гэрчүүдийг авчраагүй. Сая 10-нд авчирсан. Отгонбаяр, Ичинхорлоо хоёр бол энэ хэргийн хамгийн гол гэрчүүд. Гэрчийг хэн авчирдаг юм бэ? Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар шүүх авчирдаг. Өмгөөлөгч гэрчийг авчирвал өмгөөлөгч хүний эрх чөлөөнд халдсан хэрэг болно. Хуулинд зааснаар хэрэг бүртгэгч, прокурор, шүүх гэрчийг авчирдаг. Гэрчийг авчраагүй, дээр нь өмгөөлөгч нарын шүүх хурал давхацсан явдал өмнөх шүүх хурлууд дээр гарсан. Сая ч бас. Гэтэл өмгөөлөгч нар 3-4 удаа хойшлуулсан гэсэн мессеж нийгэмд тараагаад, Гансүхийн өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулаад байгаа юм шиг ойлголт өгөөд байгаа. Энэ хоёр гэрч байхгүйгээр шүүх хурал явуулахад хэцүү. Яагаад гэвэл Л.Гансүхэд 3,7 тэрбумын акт гаргаж ирсэн хүн бол Ичинхорлоо.
-Шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлоход нь өмгөөлөгчдийн буруу байсан юм биш үү?
-Иргэний шүүх, захиргааны шүүх шүүх хурлыг товлохдоо өмгөөлөгчдөөс шүүх хурал давхцаж байгаа эсэхийг заавал асуудаг. Эрүүгийн шүүх ч бас асуух ёстой. Гэтэл Гансүхийн хэрэг дээр наймдугаар сарын 3-нд эхний шүүх хурал хойшлоход, дараагийн хурлыг 17-нд тавихдаа “Шүүх хурал давхцаад байна” гэж Цэрэнжээ өмгөөлөгч хэлсээр байтал 17-нд зарласан. Өмгөөлөгч тэгэхээр яах юм, өмнөх зарлагдсан хуралд л очно шүү дээ. Дараагийн удаа ч “Шүүх хурал давхцаж байна” гэхэд бас л товлочихсон. 10-ны шүүх хурлыг ч гэсэн өмгөөлөгчидтэй ярилцалгүй товлосон. Өмгөөлөгч нар Гансүхийн хэрэг учраас гээд өмнө зарлагдсан хурлаа хаяад шүүх хуралд орох ёстой биш шүү дээ. Аль түрүүлж товлогдсон шүүх хуралдаа л ордог. Хуулинд зааснаар өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан, тэр нь нотлох баримтаар тогтоогдож байвал шүүх хурлыг хойшлуулдаг. Тиймээс шүүх өөрөө өмгөөлөгчдийн шүүх хуралыг санаатай давхардуулсан гэж бодож байна. Энэ нь шүүгч өөрөө бусад шүүгчээс давуу эрх эдлэх гэдэг, өмгөөлөгч нарыг үл хүндэтгэдэгтэй холбоотой. Шүүгч нар яахав сар болгон 4-5 сая төгрөгийн цалингаа аваад явна. Харин өмгөөлөгчид хүнийг өмгөөлнө гэж мөнгийг нь авч ажиллаж байгаа хүмүүс. Аль түрүүлж зарлагдсан шүүх хуралдаа орох ёстой. Энд хоёр дахиа, тэнд 10 дахиа хойшилж байгаа шүүх хурал байна. Энд гурван өмгөөлөгчтэй, Сэлэнгэ аймагт Шоовдор нарын 10 хэдэн өмгөөлөгчтэй шүүх хурал зарлагдсан байна. Тэгэхээр Цэрэнжээ гуай Сэлэнгийн шүүх хуралд л орно шүү дээ. Шоовдор нарын хурал 2-3 жил явж байгаа хурал. Маш олон өмгөөлөгчид Улаанбаатараас орон нутаг руу оччихсон байсан. Үүнийг шүүхэд хэлсээр байтал зориуд давхардуулчихдаг. Энэ мэтчилэн шүүхээс шалтгаалж гурван удаа хойшилсон.
-Харин шүүх хурал дөрөв дэхээ хойшилсны дараа өмгөөлөгчдийг “Шүүхийг үл хүндэтгэсэн” гэж зарлаад торгуулийн арга хэмжээ авсан гэсэн. Яагаад?
-УДШ-ээс ийм мэдээлэл тараасан. Өмгөөлөгч шүүхийг үл хүндэтгэлээ, доог тохуу хийлээ гэж. Гэтэл үнэндээ юу болсныг хүмүүс мэдэх ёстой. Есдүгээр сарын 2-нд болсон шүүх хурлаас өмгөөлөгч нарын шүүх хурлыг асуухгүйгээр шүүх хурлын товоо гаргачихсан. Гэтэл Цэрэнжээ өмгөөлөгч Захиргааны шүүх дээр хүүхдийн мөнгөтэй холбоотой маш том маргаантай хуралд товлогдсон байсан. Өмгөөлөгч ирэхгүй бол нэхэмжлэлийг буцаана шүү гээд шүүгч нь бүр захирамж гаргачихсан байсан. Есдүгээр сарын 2-нд шүүх хурлын тов тавихдаа тэрийг асуугаагүй. “Шүүх хурал давхцаж байна, Гансүхийн шүүх хурлыг хойшлуулж өгөөч” гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Өмгөөлөгч хүнээ өмгөөлөх эрхтэй, хуралдаан хойшлуулах хүсэлтээ өгөх эрхтэй. Гансүх гуай ч “Цэрэнжээ өмгөөлөгчтэй ормоор байна. Түрүүн хурлын товоо тавихдаа бас л асуулгүй тавьсан. Та нараас болж байгаа асуудал шүү дээ” гэсэн. Өмгөөлөгч нараас асуугаад товоо гаргачихсан бол одоо өмгөөлөгч нараас болсон гэж ярьж болно. Гэтэл асуухгүй тавьчихаж байна, хэлсээр байтал зориуд шүүх хурал давхцуулаад товлож байна. Гансүх гэдэг хүн өмгөөлөгч авах хэрэгтэй. Тэгээд шүүх хурлыг хойшлуулж өгөөч ээ гэхэд шүүх “Өмгөөлөгчгүй ор” гэж шийдсэн. Сэжигтэн, яллагдагч хүний хамгийн том эрх юу вэ, өмгөөлөгч авах эрх. Гэтэл өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулахаар шийдэж байна. Гансүх гэдэг хүний өмгөөлөл авах эрхийг нь хязгаарлаад хаячихаж байгаа юм. Захиргааны хэргийн шүүх дээр гурван сар явж байгаа хэрэг байна. Өмгөөлөгч нар шүүх хурал давхацлаа гээд хойшлуулчихдаг. Энэ бол хуулинд заасан үндэслэл. Гэтэл анхны шүүх хурал товлогдоод нэг сар ч болоогүй байхад шууд өмгөөлөгчийнх нь эрхийг хязгаарлаад шүүх хурал хийхээр шийдсэн.
-Шүүх хурал завсарлаад орохдоо өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм уу?
-Тийм. Хоёрдугаарт Гансүх гуайн хэрэг дээр дүгнэлт гаргасан аудитын дүгнэлтэд нь маш олон хууль зөрчсөн үйлдэл байсан. Би Ичинхорлоо гэдэг хүн дээр очоод “Та яагаад ийм дүгнэлт гаргасан юм бэ” гэж асуухад “АТГ урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргачихсан байсан юм. Тэгээд надад өгсөн. Бид гаргадгаа гаргасан. Одоо таныг харж байна гэсэн. АТГ-ынхан ТЕГ-т олон жил ажилласан хүнээр дүгнэлт гаргуулсан байсан” гэдэг. Үндэсний аудитын газрын аудитч Ичинхорлоо ингэж хэлсэн. Нэг ёсондоо АТГ-ынхан “Бид дүгнэлтээ гаргачихсан. Та ч бас адилхан гаргаарай” гэж тулгасан байдлаар дүгнэлт гаргуулсан байхгүй юу. Тэрийг нь би Ичинхорлоотой ярьж байхдаа утсандаа бичиж аваад прокурорт өгсөн. АТГ бол шинжээч томилдог болохоос биш өөрсдөө шинжээчийн үүрэг хүлээж дүгнэлт гаргадаг субьект биш. Гэтэл дотооддоо ажилладаг, ямар ч хэрэг дээр дүгнэлт гаргах эрхгүй нэг авгайгаар урьдчилсан байдлаар дүгнэлт гаргуулаад түүнийгээ Аудитын газарт өгсөн байна, дүгнэлт гаргахад нь хөндлөнгөөс нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэл байсан учраас тэр ярианы бичлэгийг нотлох баримт болгож хавсаргаад прокурорт өгсөн. Гэтэл прокурор энэ бичлэгийг хэрэгт хавсаргаагүй, дундаас нь сугалаад авчихсан. Энэ бол хэргийг цагаатгах нотлох баримт, энэ хэргийг шийдэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт. Энэ бол мөрдөн байцаагч хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн тухай баримт. Сүүлийн шүүх хурал дээр “Энэ нотлох баримт хаачив, үүнийг прокуророос авчруулмаар байна” гэсэн. Гэтэл шүүх авчрах шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан. Гуравдугаар “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн дарга Жигжид шүүх хуралд дөрөв дэх удаагаа ирээгүй. Гурван удаа хойшлоход шүүх Жигжидийг албадан авчирна гэсэн захирамж гаргасан. Гэтэл авчраагүй. “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн дарга, нүүрсийг 27500 төгрөгөөр зарах шийдвэр гаргасан албан тушаалтан. Та нар энэ гэрчээ авчрахгүй яасан юм бэ гэхэд “Энэ гэрчийг авчрах шаардлагагүй” гэсэн. Өөрсдийнхөө гурван удаа гаргасан захирамжаа шүүх үгүйсгэж байна. Шүүх сэжигтэн яллагдагчийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцуулна гэлээ, гэрчийг авчрахгүй, нотлох баримтыг оруулахгүй гэлээ. Чухал ач холбогдолтой гэрчийг авчирсангүй, хүний эрх зөрчлөө, өмгөөлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарлалаа, шаардлагатай нотлох баримт авчрахгүй байна. Дээр нь шүүх бүрэлдэхүүн ашиг сонирхлын зөрчилтэй. Шүүх бүрэлдэхүүнд гурван шүүгч бий. Отгонбаяр шүүгч Гансүх, Даваахүү, Мөнгөнтуяа нарыг цагдан хориог анх баталсан шүүгч. Цагдан хориог нь баталсан хүн хэргийг цагаатгах гээд сууж байна гэж үгүй. Энэ хүнийг эхлээд Эрүүгийн хуулийн 150.3 гэдэг зүйл ангиар шалгасан юм. 150.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гээд хориод байсан. Гэтэл прокурор энэ хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Хүнийг хийгээгүй хэргийнх нь төлөө цагдан хорьсон шүүгч шүүх бүрэлдэхүүнд орчихсон сууж байгаа юм. Хэрвээ Гансүх нарын хэрэг цагаадах юм бол Отгонбаяр шүүгч хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорьсон болно. Тиймээс энэ шүүгч энэ хэрэгт яллах яллах талыг л баримталж шийдвэр гаргана, ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд бид Отгонбаяршүгчээс татгалзсан.
-Өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь, бүр Баянзүрх дүүргийн шүүхээс татгалзсан гэсэн биз дээ?
-Тийм. Хоёрдугаарт нь Идэр шүүгчээс татгалзсан. Идэрийн ахыг АТГ шалгаж байгаа. Идэр шүүгч дээр энэ хэрэг шилжиж ирэх үе, АТГ ахыг баривчлах үеийн цаг хугацаа маш ойрхон давхацсан байдаг юм. Тийм учраас АТГ гэдэг байгууллага ахаар нь барьцаалж, АТГ-ын нэр төр, энэ байгууллага оршин тогтнох эсэхтэй холбоотой Гансүх нарын хэргийг шийдвэрлүүлэх гэж байна гэж хардах үндэс бий. Яагаад гэвэл Гансүх гэдэг хүнийг шалгаснаар АТГ-ын маш олон хууль бус ажиллагаа олон нийтэд ил болсон. Энэ хүн цагаадчихвал АТГ-ын 12 мөрдөн байцаагч бүтэн жил төрийн мөнгөөр хүн хэлмэгдүүлсэн болох гээд байна. Тэгэхээр магадгүй шүүгчийг шийдвэр гаргахад нь нөлөөлж байж болзошгүй гэж бид үзэж байгаа. Хүнд сэжиглэх эрх байна шүү дээ. Тиймээс эрхийнхээ дагуу Идэр шүүгчээс бас татгалзсан. Алдар гэж тухайн шүүхийн ерөнхий шүүгчээс бас татгалзсан. Алдар шүүгч бас л Л.Гансүхийн цагдан хориог баталсан. Хуулинд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, шүүгчээс татгалзах гэж хоёр асуудал байгаа. Шүүгчээс татгалзсан тохиолдолд бүрэлдэхүүний асуудлыг Алдар шийднэ. Харин Алдараас татгалзвал Нийслэлийн шүүх шийднэ. Гэтэл Алдар өөрөө өөрийнхөө асуудлыг шийдээд “Шүүхээс татгалзсан асуудлыг хүлээж авахгүй” гээд шийдчихэж байгаа юм. Хүн өөрөөс нь татгалзаж байхад, өөрөө шийднэ гэдэг логикийн хувьд байж болохгүй.
-Тэгээд яагаад та нарыг “шүүхийг үл хүндэтгэлээ” гэж зарлаад байгаа юм бэ?
-Бид шүүхээс татгалзсан үндэслэлээ бичгээр гаргаж өгнө гээд явсан. Гэтэл шүүхийнхэн шүүх хурал хаяад гараад явчихсан гэж ярьдаг юм. Бид шүүх бүрэлдэхүүнд хүсэлтээ тайлбарлалаад үндэслэлээ бичгээр гаргаж өгнө гэдгээ хэлээд манай ажил дээр ирж, гурван өмгөөлөгч холбогдох хуулиа судлаад татгалзах шалтгаанаа бичгээр бичээд үдээс хойш 15 цагийн үед явсан. Цэрэнжээ өмгөөлөгч татгалзах үндэслэлээ бичээд өгчихсөн байсан. Шүүгчээс татгалзчихаар “Татгалзлыг шийдтэл шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулъя” гэдэг. Гэтэл шүүх “Та нар байж байгаарай. Одоохон шийдэх гээд байна. Өмгөөлөгч нар үндэслэлээ гялс өгчих, одоохон шийдээд өгье” гээд хүлээлгээд байсан. Ерөнхий шүүгч бидний хүсэлтийг аваад уншиж судлах ёстой, хэдий хугацаанд шийдвэрээ гаргахыг мэдэхгүй шүү дээ. Иргэний, захиргааны хэрэг дээр ч шүүгчээс татгалзаад гардаг, ерөнхий шүүгч 3-4 хоногийг дараа татгалзлыг шийдлээ гэдэг. Зүй нь татгалзсан шалтгааныг уншиж судлаад, холбогдох нотлох баримт байдаг бол үзэж харах ёстой. Гэтэл биднийг үндэслэлээ бичих гээд явангуут араас утасдаад “Хурдан бичгээ аваад ир” гээд байдаг. Тэр гурван шүүгч нь “Одоохон хүлээж байгаарай. Түр завсарлаж байна, одоохон шийднэ” гэдэг. Одоохон шийдэх юм уу, 2-3 хонох уу гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Өмгөөлөгч нар ярилцаад, холбогдох хууль тогтоомжийг судлаад, хүсэлтээ бичнэ. Гэтэл намайг татгалзлаа бичээд шүүхэд аваачиж өгөх гээд явж байхад ерөнхий шүүгчийн туслах утасдаад “Таны татгалзлыг шүүх хурлын бичлэгээс хараад шийдвэрээ гаргачихлаа. Шүүх хурал үргэлжлэхээр болсон, яаралтай ир” гэсэн. Хэрвээ өмгөөлөгч үндэслэлээ бичиж өгвөл нотлох баримт болж үлддэг.
-Дээр нь энэ гурван шүүгчийг шүүгчийн мэргэжлийн хороонд өгсөн зүйл байна уу, өмгөөлөгчдийн зүгээс?
-Есдүгээр сарын 2-ны өдрийн шүүх хурал дээр энэ шүүгч нар хууль зөрчиж, мэргэжлийн алдаа гаргалаа гээд Мэргэжлийн хороонд нь шалгуулахаар өгсөн. Цэндсүрэн, Цэрэнжээ өмгөөлөгч бичээд өгчихсөн байсан. Гэтэл шүүх энэ асуудлаар мэргэжлийн хорооноос торуулахгүйгээр, тэндээс ирэх дүгнэлтийг ч хүлээлгүй шууд шүүгчдээ томилоод явчихсан. Ийм олон татгалзах үндэслэл байсан боловч шүүх хүлээж аваагүй. Процессийн тухайд татгалзан тухай хүсэлт нь ирээгүй байхад урьдчилаад шийдчихсэн. Бид хүсэлтээ бичээд Сансарын тунель дээр явж байтал “Шүүх хурал хойшиллоо, шүхийг хүлээлгэсэн өмгөөлөгч нарт арга хэмжээ авлаа” гэсэн. Шүүхийг таван цаг хүлээлгэсэн гэж өнөөдөр ярьж байна. Гэтэл хамгийн сүүлийн яриа 16.00 цагийн үед болсон. Шүүх өөрөө гэрчээ аваад ирсэн бол, шүүх өмгөөлөгч нарын хурлын товыг асууж байгаад хурладаанаа тавьсан бол, өмөөлөгчдийг адилхан хуульч хүн гэж хүндлээд ийм дээрэнгүй байдлаар биш, харилцан ярилцаж байгаад хурлын товоо гаргачихсан бол шүүх хурал ингэж сунжрахгүй байсан. Гэтэл одоо энэ бүх процессийг дан ганц өмгөөлөгч рүү чихэж, өөрсдөө цэвэр нэртэй үлддэг. Ийм хууль зөрчсөн, эрх дархаа хэтрүүлсэн үйл ажиллагаа явуулчихаад шүүхийг хүндлэх ёстой, дээдлэх ёстой, сөхөрч мөргөх ёстой гэх утгатай зүйл ярьж, УДШ-ийн ХМА-аараа дамжуулж “Шүүхээр доог тохуу хийлээ” гэж ухуулж байна. Гэтэл асуудал нь ердөө өмгөөлөгч гаргасан хүсэлтээ бичгээр авч очих процесс л байсан шүү дээ. Тухайн өдөртөө гаргаж өгч болно, маргааш нь аваачиж өгсөн ч болно.
-Ингэхэд өмнөх шүүх хурлаас яагаад Л.Гансүх нарыг цагдан хорьсон юм бэ? Гурван шүүгчийг Мэргэжлийн хороонд өгсөн шалтгаан нь юу юм?
-Л.Гансүх нарыг цагдан хорихдоо мэргэжлийн алдаа гаргалаа гэж үзээд Мэргэжлийн болон Ёс зүйн хороонд нь өгсөн. Яагаад гэвэл есдүгээр сарын 2-ны шүүх хурал зөвхөн ирцтэй холбоотой хүсэлт хэлэлцсэн. Гэрчүүд ирээгүй байна, гэрчүүдээ оролцуулъя гэсэн. Тэгтэл шүүх өөрөө гэрчээ ирүүлээгүй байтлаа Гансүх нарыг цагдан хорьсон. Хорихдоо ЭБШХ-ийн 68-ын 2,2-оор “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлээр хорьж байгаа юм. Оргон зайлж болзошгүй гэж үзвэл тэр нь үйл, баримтаар тогтоогдож байж хорих ёстой. Шүүхэд цагдан хорих эрх бий. Гэхдээ хэмжээ хязгааргүй, үзэмжээрээ барьж хориод бай гэж энэ эрхийг олгоогүй. Хуулинд заасан үндэслэлээр хорих ёстой. Гансүх гуай визээ бэлдчихсэн, шүүх хуралдаа ирэхгүй зугтаагаад байвал хорьж болно. Олны анхааралд орсон, улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ингэж үндэслэлгүй хорьж чадаж байгаа юм чинь энгийн ард иргэдийг яаж хорьдог бол гэдэг дүгнэлт хийж болохоор. Үнэн мөнийг тогтоох ёстой шүүгчид нь өөрсдөө хууль зөрчөөд байна. Энэ ч бас шүүхээс татгалзах үндэслэл болсон.
-“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Отгонбаяр гэдэг гэрч сүүлийн шүүх хуралд ирсэн үү?
-Үгүй. Энэ бол ТУз-ын шийдвэрийн дагуу гэрээ хийж, 27500 төгрөгөөр нүүрсээ зарсан этгээд. Тэр хүн “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр гэрээ байгуулчихаад “Гансүх намайг дарамталсан...” гэж ярьж яваа. Тэгсэн хэрнээ шүүх хуралд гэрээр дуудахаар ирдэггүй. Хэрвээ 39000 төгрөгөөр зарах ёстой нүүрсийг 27500-гаар зарсан бол зарсан хүнийх нь буруу биз дээ. Худалдаж авсан хүн яагаад буруутай байдаг юм. Би Их дэлгүүрээс зурагт авлаа гэж бодъё. Нэг сая 200 мянгаар зурагт аваад мөнгийг нь өгөөд явлаа. Гэтэл гурав хоногийн дараа аудитын газраас хүн ирээд “Энэ гурван саяын үнэтэй зурагтыг сая 200 мянгаар авч Их дэлгүүрийг алдагдалд оруулсан байна” гэсэнтэй л яг адилхан. Уг нь бол худалдагч л буруутай биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Ч.Өлзий
СЭТГЭГДЭЛ БИЧИХ