Тимбервулвс Энтони Беннеттийг багаасаа хасна

NBA-н Миннесота Тимбервулвс баг 2013 оны драфтын тэргүүн сонголт Энтони Беннетийн гэрээг нь худалдан авч, багаасаа хасахаар ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр Беннетт албан ёсоор лигийн хамгийн муу драфтын тэргүүн сонголт нэг болж байгаа юм.
Түүнээс өмнөх драфтын нэгүүд дор хаяж 4 жил шинэ тоглогчийнхоо гэрээний дагуу тоглож байсан бол Беннетт удахгүй ажилгүй болох нь.
2013 онд Кливленд Кавальерс баг Беннетийг авч, өнгөрсөн намар Кевин Лавын оронд Миннесота Тимбервулвс багт өгсөн. Кливлендэд байхдаа талбайд төдийлөн сайн үр дүнтэй тоглож чадаагүй Беннетт өнгөрсөн улиралд Тимбервулвс ирснээсээ хойш гэмтэл бэртлээс салаагүй гэхэд болно. Илүүдэл жингийн асуудал ч мөн энэ хугацаанд яригдсаар байсан юм.
Харин 2015 оны драфтаас Карл Энтони Таунсыг авсан Тимбервулвс солилцоо хийхийг оролдсон боловч Юта Жазз, Филаделфи 76, Портлэнд Трэйл Блэйзерс зэрэг цалингийн боломжтой багууд Беннеттийг огт сонирхоогүй гэнэ. Тиймээс арга буюу Беннеттэд цалинг нь өгч багаасаа хасахаар болжээ.
2013 оны драфтын үеэр уг нь Беннеттийг драфтын эхний 10 дотор ч багтахгүй гэж мэргэжилтнүүд тооцож байсан боловч Кливленд таамгийг эвдэн түүнийг нэгээр сонгосон. Гэвч алдаа байсан гэдэг нь энэ үйлдлээр батлагдаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ