Хүүхдийн аминаас үнэтэй цаг хугацаа гэж байх ёсгүй

Замын хөдөлгөөний дүрмийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхлээд 20 гаруй хонож байна. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс тодрууллаа.
-Замын хөдөлгөөний дүрмийн тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Уг хууль хэрэгжсэнээр замын хөдөлгөөний зөрчлийн улмаас гардаг осол, эндэгдэл 70 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Хууль санаачлагчын хувьд энэ хуулийн ач тусыг тодруулж өгөөч?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-аар батлуулаад, хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг хуулийн шинэчилсэн найруулга нь анх удаагаа хийгдэж байгаа гэдгээрээ онцлог байсан. Хууль батлагдсанаасаа хойш таван удаа өөрчлөлт орж байсан юм билээ. Гэхдээ энэ хуулийг сайжруулах, улс орны хэмжээнд явагдаж буй хөгжилтэй холбогдуулж хуулийн найруулгыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн.
Учир нь одоогоос арав дахин цөөхөн автомашинтай байхад, түүнээс ч олон дахин цөөн жолоочтой байхад уг хуулийг баталж байжээ. Хуулийн өөрийнх нь хуучин онцлог гэвэл дүрмээр зохицуулах зохицуулалтуудыг хуульд тусгаж өгсөн, үүнийгээ дагаад дүрэм нь тийм ч тодорхой биш, хүмүүстэй хариуцлага тооцох хийгээд урамшууллын механизмууд нь ойлгомжтой биш байсан.
Тухайлбал, нэг хүн өдөрт нэг зөрчлийг хэдэн удаа гаргасныг бүртгэдэг механизм байхгүй, зөрчил огт гаргахгүй байсныхаа төлөө жолооч эдийн засгийн болон ямар нэгэн урамшуулал авдаггүй байсан. Тэгэхээр энэ мэт алдаа дутагдлыг нь засаж сайжруулаад орчин цагт нь тохируулсан шинэ хууль болгосон.
-Шинэ хуулийг чанга болсон гэж үзэх иргэн цөөнгүй байна. Энэ талаар таны бодол?
-Нэг хэсэг хүмүүс хатуу хууль гарлаа хэмээн шүүмжилж байсан бол сүүлийн үед тийм яриа гарахаа больсон байна. Харин ч зөв байсан байна, өшөө ч чангаруулах хэрэгтэй байсан болов уу гэж байгаа. Хууль бол гол нь торгож, арга хэмжээ авахаасаа илүүтэй хүмүүст зөв ойлголт өгсөн, иргэдийн эрүүл орчинд ажиллаж амьдрах баталгааг нь хангасан байх ёстой гэдэг үүднээсээ боловсруулагдсан.
Хууль боловсруулахдаа манайхтай ижил төстэй хөгжилтэй, замын хөдөлгөөнтэй зургаан орны хуулиас олон сайн заалтуудыг авч хийсэн учраас шинэ хуульд боломжийн заалтууд их орсон гэж ойлгож болно. Ард иргэд ч сайн хүлээж авч, сайн хэрэгжүүлж байгаад нь хууль санаачлагчийн зүгээс талархан харж байна.
Хамгийн энгийн жишээ, Улаанбаатар хотод болон хөдөө замд хамгаалалтын бүсээ хийлгүй явж байгаа жолооч, зорчигч байхгүй болжээ. Мөн улаан цайм дүрэм зөрчиж, эсрэг урсгалаар зорчдог үзэгдэл цөөрсөн байна. Статистик үзүүлэлтэд тулгуурлаад замын хөдөлгөөнд оролцох явцад гардаг байсан осол зөрчлийн тоо 50 орчим хувиар буурчээ гэсэн дүгнэлтийг албаны байгууллагууд гаргасан. Үүнийг цаашид буурах бололцоотой, буурах ч ёстой гэж үзэж байгаа.
-Өмнөх хуулийн алдаа нь юу байсан юм бэ?
-Хуучин хуулийн зохицуулалтаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч, явган зорчигч, түүнийг зохицуулах үйл ажиллагаа явуулж байгаа замын цагдаа гурвын хоорондын үйл ажиллагаагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой хэмээн үзэж байсан. Тэгвэл шинэ хуулиар хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар оролцож байгаа л юм бол бүгд хариуцлага үүрнэ.
Жишээ нь, авто машины оношилгоо гэж бий. Бид бүхэн сайн мэднэ. Харин оношилгоог хийхдээ гурван минут тутамд нэг тээврийн хэрэгслийг оношилж байна гэсэн судалгаа гарсан. Яаж ч бодсон гурван минутад нэг машин бүрэн оношлогдоод гарахгүй. Тэгэхээр одоо оношилгоонд ороод гарч ирсэн машин баталгаат хугацаандаа тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж ямар нэгэн осол зөрчил гаргах аваас оношилгоог хийсэн байгууллага хариуцлага хүлээхээр хуульд зүйлчилж өгсөн.
Мөн үүний зэрэгцээ замын арчилгаа, эвдрэл гэмтлээс болоод осол зөрчил гарвал замын байгууллага хариуцлага хүлээнэ. Халтиргаа гулгаатай цагт замаа арчилж, элс, давс цацаагүйн улмаас гарсан осол зөрчлийн хариуцлагыг тухайн байгууллага, хувь хүн хүлээнэ. Замын гэрэлтүүлэг муу байснаас болж явган зорчигч зам дээр харагдахгүй байсан ч юм уу, эсхүл гэрэл дохио ажиллагаагүйн улмаас гарсан осол зөрчлүүдийг тухайн ажлыг хариуцсан байгууллага хариуцлага хүлэхээр хуульд тусгаж өгснөөрөө онцлог юм.
Түүнчлэн жолооны сургууль, курсууд л гэхэд өөрийнхөө бэлтгэсэн жолооч нар ямар хэмжээний зөрчил гаргасан бэ гэдгээр нь тэр байгууллагын оноо хөдөлж байх учиртай. Энэ бүх арга замууд бол зөвхөн бид монголд анх удаагаа санаачлаад хийсэн зүйл биш, бусад өөр олон оронд нэвтрээд амжилттай хэрэгжсэн сайн туршлагууд юм. Мэдээж хэрэг хууль хэрэгжүүлэх явцад илүү сайжруулах, магадгүй засаж залруулах зүйлүүд байгаа байх.
Гол нь хууль маш амжилттай хэрэгжиж байна гэж ойлгож байгаа. 10 хүртэлх настай хүүхдийг сургуульд явахад нь заавал харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуул гэдэг хуулийн заалт дээр иргэд их эмзэглэж байсан. Жилдээ 50 орчим хүүхэд замын хөдөлгөөний осол зөрчлөөс амиа алддаг.
Хүүхдийн аминаас илүү үнэтэй цаг хугацаа гэж байх ёсгүй. Тиймээс энэ бүгдийг иргэд маань маш сайн ойлгож байгаа гэж бодож байна. УИХ бол хууль тогттоох дээд байгууллага өмнө хууль батлаад хэрэгжилт муу байдаг байсан бол одоо ард иргэдэд нийцсэн хууль гарч байна. Чуулганаар цаашид ямар хууль хэрэгтэй байгаа талаар санал солилцож зөвлөмжид тусгана.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ