Б.Сэргэлэнбаатарын холбогдсон тендер ашиг сонирхлын зөрчил мөн үү?
Сэлбэ дэд төвийг тойрсон томоохон бүтээн байгуулалтыг тойрсон ашиг сонирхлын зөрчил, авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд сөхөгдөж, олон нийтийн анхаарлын төвд ороод байна. “20 минутын хот” концепцын хүрээнд хийгдэж буй уг төсөл нь хот төлөвлөлтийн шинэ шийдэл гэхээсээ илүү, тендерийн ил тод байдал, эрх мэдэл ба бизнесийн огтлолцлын бодит жишээ болж хувирах эрсдэлтэй харагдаж эхэллээ.
Маргааны гол цэг нь нийтийн албан тушаалтан, тэр дундаа НИТХ-ын төлөөлөгчтэй хамаарал бүхий компанийн оролцоо.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас сонгогдсон төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нь “ҮБЗН”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхантай хамтран хамаарал бүхий компанитай болж, улмаар өндөр дүнтэй тендерт шалгарсан тухай мэдээлэл олон нийтийн анхааралд ороод байна.
“Opendatalab Mongolia”-ийн өгөгдөлд дурдсанаар, Б.Сэргэлэнбаатар нь НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа буюу 2025 оны 6 дугаар сард Ш.Мөнхсайханы эзэмшил бүхий “Професионалстрой” ХХК-д хувь эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Үүний дараа, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус компани нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой 223.4 тэрбум төгрөгийн дүнтэй тендерт шалгарсан гэх мэдээлэл мөн гарчээ. Ийнхүү Б.Сэргэлэнбаатар компанид хувь эзэмшигч болсноос хойш гурав орчим сарын дараа дээрх өндөр дүнтэй тендерт тухайн компани шалгарсан нь анхаарал татаж, уг ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэх, мөн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй эсэх талаар олон нийтийн дунд эргэлзээ, маргаан дагуулаад байна.
Одоогоор уг асуудалтай холбоотой албан ёсны тайлбар болон эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй.
Тухайн компанийн хувьд нийслэлээс зарласан өндөр төсөвтэй тендерт оролцож, улмаар шалгарсан гэх мэдээлэл гарсан нь хууль зөрчсөн үү, эсвэл зүгээр л ёс зүйн маргаан уу? гэсэн асуултыг дагуулж байна. 2022 онд батлагдсан Нийтийн албаны тухай хуулийг харвал, нийтийн албан хаагчийн эзэмшлийн компани төрийн тендерт оролцохыг шууд хориглосон заалт байхгүй. Харин тухайн албан тушаалтан тендерийн үйл явцад нөлөөлсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээх зохицуулалттай.
Энэ утгаараа Б.Сэргэлэнбаатарын холбогдсон асуудал “саарал бүс”-д ороод байна. Хуулийн хүрээнд боломжтой мэт боловч, бодит байдал дээр ашиг сонирхлын зөрчил үүсэх өндөр эрсдэлтэй нөхцөл бүрдсэн эсэх нь эргэлзээ дагуулж байгаа юм. Тендерийн тухайд албан ёсны тайлбарууд гарч, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт явагдсан, хэд хэдэн компани өрсөлдсөн, хамгийн бага үнийн санал өгсөн оролцогч шалгарсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, анхны төсвөөс хэдэн арван тэрбум төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн нь төрд хэмнэлт авчирсан гэж тайлбарлаж буй.
Хамгийн бага үнэ гэдэг шалгуур нь ашиг сонирхлын зөрчил байхгүйг батлах хангалттай үндэслэл мөн үү? Ялангуяа тухайн компанид албан тушаалтан өөрөө хувь эзэмшдэг нөхцөлд энэ асуулт улам хурцадна. Хуульд хориглоогүй байж болох ч, төрд итгэх олон нийтийн итгэлд нөлөөлөх хэмжээний эргэлзээ үүсч байгаа нь бодит үнэн. Үүнтэй зэрэгцэн хуулийн байгууллагын шалгалт эхэлж, Авлигатай тэмцэх газар холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, нэгжлэг хийсэн.
Сэлбэ дэд төвийн энэ кейс нь ганц тендерийн асуудлаас хальж, Монголын төр, бизнесийн харилцаанд оршсоор ирсэн хуулиар зөвшөөрөгдсөн ч, ёс зүйн хувьд эргэлзээ дагуулж, хана мөргөөд байна. Гэсэн хэдий ч хууль зөрчсөн эсэхийг шалгах байгууллагууд эцэслэн тогтооно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ