Б.Батхишиг: Бэлчээрээ хамгаалж л хүнсний баталгаат байдлаа хангана

Дорнодын тал хээрийн 500 мянган га газрыг чөлөөт бүс болгохыг эсэргүүцэж, ХҮН-аас байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагын судлаач эрдэмтдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр “Нутаг түншлэл” үндэсний зөвлөх байгууллагын захирал Б.Батхишигтэй ярилцсанаа хүргэе.
-Халх голын 500 мянган га газрыг чөлөөт бүс болгохыг эсэргүүцэж байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Чөлөөт бүс байгуулах нь тодорхой хугацааны бодлого байгаад зогсохгүй маш сайн судалгааны үр дүнд гарсан шийдвэр байх ёстой. Гэтэл манайхан хүнсний баталгаат байдал, үндэсний аюулгүй байдлын нөөц болсон газар нутгаа чөлөөт бүс болгох гээд байна. 50 га газрыг зорилготойгоор туршилтад оруулж гарах үр дүн, үйл явцыг баримтжуулан үзэх хэрэгтэй. Зохицож болох нь уу, үгүй юу гэдгийг туршаад болж байвал оновчтой арга шийдлээр үргэлжлүүлээд, болохгүй бол зогсоох хэрэгтэй. Гэтэл бүр 500 мянган га газраа шууд л чөлөөт бүс болгох гээд байна.Халхголын бүс нутаг нь улс орны стратегийн хувьд бэлчээрийн хамгийн чухал нөөц газар. Хамгийн өндөр бүтээмжтэй, нөхөн сэргэх чадамжаа өдий хүртэл хадгалж ирсэн экосистем. Тухайлбал, үетэн, хялгана, хиаг, алаг өвс зэрэг ургамлын хөрсний доорх биомасс нь хөрсөн дээрхээс хэд дахин илүү байдаг учраас хөрсөө барьж, үржил шимээ хадгалдаг онцлогтой. 2020 он гэхэд дэлхийн хүн ам найман тэрбум болж хүнсний хангамжийн баталгаат байдал 50 хувиар буурах судалгаа бий. Тэр хэмжээгээр дэлхий нийт хүнсний хомсдолд орох магадлалтай. Манай улс хүн ам цөөтэй учраас ус, хүнсний хомсдол зэргийг өөрсдөө мэдэрдэггүй. Хүн ам ихтэй улсын бодлого нь 20-50 жилийн дараа улсынхаа хүн амын хүнсний баталгаат байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарсан байдаг юм билээ. Дэлхий нийтээр иймэрхүү хандлага, чиглэлтэй болсон. АНУ-ын үйлдвэрлэл, аж ахуйн байгууллагууд 2040 он гэхэд ногоон технологийг бүрэн нэвтрүүлж байгалиа хамгаалсан ногоон хөгжлийн уриатай ажиллах жишээтэй. Манайд ч бас хойч үеэ бодож энэ зүг рүү чиглэсэн байгалийн баялгийг зөв зохистой ашиглаж, ариг гамтай хэрэглэх, бас хэмнэх бодлого баримлах хэрэгтэй.
-Бэлчээрийг хүнсний аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?
-Монгол орны одоо ба ирээдүйн хүн амын хүнсний хангамжийн баталгаат байдал маш чухал асуудал. Үүнийг хангах, хамгаалах гол нөөц нь манай орны бэлчээрт байгаа юм. Үндэсний хэмжээнд ярих ёстой асуудал. Тэр дундаа Дорнодын тал хээрийн бүс нутаг манай улсын хэдэн мянганы стратегийн нөөц болох газар. Бэлчээр зөвхөн мал иддэг ургамал биш. Эндээс хүн амын хүнсний баталгаат байдал хангагдаж, гол нөөц болж байдаг. Бэлчээр хөрс, ус, амьтан, ургамал зэрэг маш олон зүйлийг хамруулан хамгаалсан байдаг.Тухайлбал, ургамал нь байгаа учраас борооны ус хөрсөнд нь тогтож үржил шим нь жилээс жилд, зуунаас зуунд өсөн нэмэгддэг юм. Хэрэв буруу ашигласны үр дүнд доройтвол хэдэн мянган жилийн турш үүссэн хөрс үржил шимээ алдаж эхэлнэ.
-Дорнодын тал газрыг чөлөөт бүс болгохгүйн тулд цаашдаа ямар бодитой ажил хийх вэ?
-Хэлэлцүүлгийн үр дүнд тус бүс нутагт экологи, эдийн засгийн тооцоолол гаргаж, үнэлгээнд оруулахаар болсон. Тухайлбал өнөөдөр тухайн газар нутгаас хэдэн тонн өвс хурааж авч байгааг тооцож үнэлнэ. Нэг га газраас хэдэн боодол өвс хурааж авч байна түүнийг хэдээр үнэлж зарж борлуулж байгаа вэ гээд л. Тэгвэл 500 мянган га газраас хэчнээнийг авах уу, энэ мэт хэчнээн төгрөгийн хадлангийн өвс гарч байна гэдэг тодорхой болох биз. Үүнээс гадна хөрсний үржил шимийг үнэлж болно. Хөрсний хамгийн шим тэжээлтэй буюу ялзмагт үе нь 30 см-1 метр хүртэл байдаг юм. Бид био бордоог худалдан авч байна. Гэтэл тэнд нь бордох шаардлагагүй хөрс бэлэн байна. Үүнийг үнэлбэл хэдэн наядаар нь ярина. Нэн ховор, ховор амьтан ургамлын жагсаалтыг ч бид гаргасан. Эдгээрийг тооцож үзвэл тус газар нутгийг чөлөөт бүс болгосноор энэ бүгдийг нөхөж чадах уу гэдэг асуулт ч яах аргагүй тавигдах болно.
Үндэсний шуудан сонин Ц.Баасансүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ