Эсгий урлалыг Японы зах зээлд гаргана

img

 

Монголынхоо соёл урлагийг хөгжүүлэх юмсан гэсэн чин хүсэлтэй Японд амьдардаг нэгэн уран бүтээлч монгол бүсгүй “Монголд урлагийн сургууль байгуулах Япон дахь холбоо”-г байгуулж, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, оюутан сурагчдад эсгий урлал, гар урлалын үнэ төлбөргүй сургалтыг хийж эхэлжээ.

 

Сургалтад одоогийн байдлаар 20 орчим хүн хамрагдаж, данхны тавиур, малгай, цүнх, цамц, гутал, бойтог хийж сурсан байна. Тус холбооны зүгээс суралцагч нараасаа амжилттай суралцсан иргэдийг ажлын байраар хангаж, тэдний хийсэн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах зорилготой аж.

 

Мөн монгол эсгийг сүүлийн үеийн технилогиор боловсруулж, орчин үеийн Дорнын соёл, хэв маягийг шингээсэн шинэлэг загвартай эцсийн бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Иймд холбооныхоо шугамаар Японы хамгийн нэр хүндтэй нэхмэл, гар урлалын “Tansan” компанийн загвар зохион бүтээгчдийг эх орондоо урьж, дадлага дээр тулгуурласан сургалтыг хийж эхэлсэн байна.

 

Японы “Tansan” компани нь 2010 онд байгуулагдсан нэхмэл, гар урлалын чиглэлээр улсдаа тэргүүлэх зэргийн байгууллага аж. Сургалтын талаар “Tansan” компаний дизайнер Mizuno Tomoaki, Ino Wakana нартай ярилцлаа.

 

Мөнгө олох арга замыг нь зааж өгч туслая гэсэн юм

 

-Юуны өмнө та бүхнээс Монголд ирсэн анхны сэтгэгдлийг сонсмоор байна. Та хоёр хэд дэх удаагаа манай улсад ирж байна вэ?

 

Mizuno Tomoaki: Танай орон үнэхээр гайхалтай байгальтай юм аа. Бид хоёрын хувьд анх удаагаа Монгол оронд ирж байна. Хэн хэнд маань сайхан сэтгэгдэл төрүүлж чадлаа. Уудам хээр тал, хөх тэнгэр, өвөрмөц тогтоцтой хад чулууг нь хараад уран бүтээлийн шинэ санаанууд төрж байна.

 

 

Ino Wakana: Надад хонь мал нь уудам тал хээрт өөрсдийн дураар тархан бэлчиж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Японд бол хонь, мал зөвхөн фермийн хашаанд тус тусдаа байдаг. Бас ард түмэн нь их найрсаг, сайхан халуун дулаан уур амьсгалтай санагдлаа. Харин цаг уурын хувьд яг л Японы өвлийг санагдуулж байна.

 

-Танай компанийг Япондоо алдартай гэж сонссон. Яагаад монголчуудад үнэ төлбөргүй сургалт явуулах болсон юм бэ?

 

-Анх монголын зураач П.Энхмаагаас сургалтын зорилгыг сонсоод нэлээд судалсан л даа. Гэтэл энэ жил Монголд эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл нэлээд асуудал дагуулж байгааг олж мэдсэн. Тэгээд танай улсын ажилгүй, эмзэг бүлгийн, орлогогүй иргэдэд туслахыг хүссэн.

 

Ингэхдээ бэлэн мөнгө өгч биш, мөнгө олох арга замыг нь зааж өгч туслая гэж бид ярилцсан. Мөн орчин үеийн загвар, хэв маягийг монголын уламжлалт гар урлал эсгий урлалд шингээж, шинэ брэнд гаргахыг хүссэн. Нас хүйс, арьс өнгө, боловсрол харгалзахгүйгээр манай сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломтой.

 

-Монгол эсгийг ямар түвшинд хүртэл хөгжүүлэх вэ. Монгол эсгийний онцлог ямар байна?

 

-Монгол эсгийний чанар үнэхээр сайн юм. Мернусан хонины ноосноос илүү чанарлаг санагдсан. Харин эсгий урлалын хэв маяг, загвар нь жаахан хоцрогдсон юм болов уу гэсэн бодол төрсөн.

 

-Японы зах зээлд монголын эсгий урлалыг гаргана гэж сонсон. Хэзээнээс гаргах вэ?

 

-Ойрын хугацаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс өмнө Монголын зах зээлд гаргаж үзнэ. Болж байна гэж үзвэл, Япон руу нийлүүлэх арга хэмжээг авч эхэлнэ. Гол нь суралцагч нарын хийж буй зүйлээс маш их шалтгаална.

 

-Сургалтад хүмүүс хэр идэвхитэй оролцож байна вэ. Японы зах зээлд гаргаад эхэлбэл, суралцагч нараа тэр улсын жишигээр цалинжуулах уу?

 

-Хүмүүс маш идэвхитэй оролцож байгаа. Монгол хүн хүний хэлснийг маш хурдан сайн сурдаг, өөртөө итгэлтэйгээр сургалтад хамрагдаж чадаж байгаад их баяртай байгаа. Японы зах зээлд бараа бүтээгдэхүүн маань гараад ирвэл, тус бүтээлийг хийсэн хүмүүсийг цалинжуулж, урамшуулах болно.

 

 

 

 

 

 

 

 

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ