Төсөв царцвал төлөвлөгөө ч тасалдана

Энэ оны төсвийн тодотгол хоёронтоо хөрвөх гэж байна. Намрын чуулган нөгөөдөр нээлтээ хийнэ. Энэ өдөртэй зэрэгцээд Засгийн газар хуулийн дагуу 10 дугаар сарын нэгний дотор ирэх оны төсвөө өргөн барих заалттай. Атал энэ оны төсөвтөө тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсээд байдаг. Энэ оны төсөв хуулийн дагуу батлагдаад, шинэхнээрээ байхад Шийдлийн Засгийн газар байгуулагдан, нэгдүгээр сард тодолтгосон. Гэвч өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал хагас их наядад хүрч, дахин тодотгохоос аргагүй байдал үүсээд байгаа. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэлээс өмнө энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах болоод байна. Цаг хугацаа Засгийн газрын хүлээхгүй. Иймд өнөө, маргаашийн дотор эсвээс ирэх оны төсвийг өргөн барихтай зэрэгцэн Засгийн газар энэ оны төсвийн тодотголоо УИХ-д өргөн барих нь. Засгийн газарт энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг өргөн барихад 72 биш ажлын 24 цагийн хугацаа үлдэж.
Ер нь эдийн засгийн хямралын сургаар иргэд аль хэдэн жилийн өмнөөс бүсээ чангалсан. Хямрал төр, засгийнханд энэ оноос л мэдрэгдэж байгаа бололтой, төсөв царцааж, төр, захиргааны байгууллагын төлөвлөгөөг тасалдуулан гацаав. Оны эцсээр төр, захиргааны байгууллагууд төлөвлөгөө, нормоо бүрэн биелүүлэхээр чармайж байдагсан. Гэтэл энэ удаад төсөвт тодотгол хийхтэй зэрэгцээд төлөвлөгөө нь ч тасалдах нь. Төсөвт тодотгол хийгдэнэ гээд яам, тамгын газрынхан төсөл, төлөвлөгөөний санхүүжилт зогссон сурагтай. Санхүүжилт зогсохын хэрээр ажил зогссоно. Цалин, тэтгэврээс бусад санхүүжилтийг царцаан зогсоож байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш үү. Орлогоо нэмэгдүүлэх боломж, эх үүсвэрийг эрэлхийлж, төлөвлөсөн санхүүжилтээсээ хэмнэнэ үү гэхээс төсвийг царцааж, төлөвлөгөөгөө нураан байж улсыг хөгжүүлнэ гэдэг юу л бол.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болорыг хүлээн авч уулзахдаа “өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай байна” гэсэн аль ч Засгийн үед ярьдаг жижүүрийн үг дайсан байсан.
Хямралын жил, оны сүүлийн улиралд албан байгууллагынхаа эд хогшлыг шинэчлэх төсвийн мөнгө үрэн таран хийх төсвийн ерөнхийлөн захирагч байхгүй биз. Шинээр томилогдсон сайд, дарга нар л будаг нь ханхалсан шинэ өрөө тасалгаа, ширээ сандал дээр тухална гэж давилахгүй бол. Тэгээд ч энэ оны төсвийг анх тодотгохдоо л “урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон” гэж дуугарч байсан санагдах юм. Төсвийн хоёр дахь удаагийн тодотголыг хийхэд Сангийн сайд Б.Болорыг шинээр томилогдсон болохоор нь анхааруулсан гэж бодъё. Атал шинэ сайд Б.Болор Төсвийн байнгын хорооны дарга, өөрөө энэ оны төсвийг батлалцах болон тодотгоход ахалсан. Түүнд ч бас шинэ мэт сонсогдоогүй л байх.
“Гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэргийг тэвчье” гэх үгийг олон нийт улиг болтлоо сонслоо. Оны эцэс болоход хэдээр хэмнэгдэж, танагдаж, тэвчээр гаргасан тооцоо судалгаа байдаггүй, төсвийн орлого тасалдсан хэвээр байна.
Өнөөдөр Засгийн газар оны бүх зардлыг царцаах зарчим барьжээ. Тэгэхээр энэ онд улсын байгууллага ажлаа дүгнэхдээ төсвийн алдагдал, дээрээс ирсэн захирамж, хууль тогтоомжийн дагуу хийгдэж байсан ажил дуусаагүй, царцсан гэсэн дүн мэдээг оны эцсээр хөврүүлэх нь. Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтанд хамаарах Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын гурван сарын цалинг 30 хувиар бууруулах санал гаргасан. Энэ бүхнээс хичнээн төгрөг хэмнэхээр байгааг парламентаар төсвийн тодотгол хэлэлцэх үед дуулдана биз.
Харин төсвөө хэмнэж, тэвчиж, царцаавал улсын төлөвлөгөөгөө тасалдана. Соц үед улсын төлөвлөгөөг тэдэн хувиар дамуулан биелүүллээ гэх мэдээллүүд их гардаг байж билээ. Харин эдүгээ хямралаас үүдээс улсын төлөвлөгөө нийтээрээ тасалдахад хүрэх нь үү дээ. Эдийн засгийг хумьж биш тэлж хямралыг давна гэж эдийн засагчид ярьж байна лээ. Төсөв царцааснаас улс хөгжих байтугай хөлжихгүй болов уу?
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ