Сүхбаатар аймагт сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болж байна

img

 

Монголчууд багийн спортоор амжилт гаргах бүрэн боломжтойг сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан нотолсон. Дан ганц үндэсний шигшээ багаар тогтохгүй орон даяар энэ спортыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр болохуйц нэгэн үйл явдал болж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв (САОЗХТ) ТББ-ын арван жилийн ойн хүрээнд тус аймгийн залуучуудын сагсан бөмбөгийн анхдугаар лигийн тэмцээн албан ёсоор нээлтээ хийсэн юм. Лигийн тэмцээний тоглолтууд өнгөрөгч есдүгээр сарын 15-наас эхлээд байсан бөгөөд ирэх 12 дугаар сарын нэгнийг  хүртэл үргэлжлэх юм. Ингэхдээ Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад аваргаа тодруулж, тэмцээн өндөрлөнө. Тус лигийн хэмжээнд эрэгтэй шилдэг найман багийн 100 тамирчин өрсөлдөж буй. Тамирчдын дунд “Спрайт” супер болон хөгжлийн лигийн тамирчид багтаж, багуудаа тэргүүлэн тоглож байгаа юм. Мөн энэ хүрээнд эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус тэмцээн энэ сарын дундуур болох юм байна.

 

Дашрамд сонирхуулахад, энэ оны наймдугаар сард 21 аймгийн шигшээ багуудын дунд зохион байгуулсан цомын аварга шалгаруулах тэмцээнд тус аймгийн баг хоёрдугаар байр эзэлсэн нь Сүхбаатар аймгийнхны сагсан бөмбөгийн спортоор гаргасан хамгийн өндөр амжилт юм. Тиймээс ч тэд амжилтандаа урамшиж, аймаг, орон нутгийн тамирчдын дунд тэр бүр зохион байгуулаад байдаггүй лигийн тэмцээнийг санаачлан хэрэгжүүлж буй нь энэ аж.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ