Зүрхэнд минь хайр сэтгэлд минь гэгээ байгааг анзаараач

img

 “Энэ юу вэ багшаа?, “Наадах чинь ширээ”, “Ширээ ямар байдаг вэ”...Тэдний хооронд ийм яриа өрнөв. Гэмгүй, буруугүй...Гэхдээ харанхуйг л харж, харанхуйд л амьдарч яваа 116-р сургуулийн энэ хүүхдүүд “Эвий дээ” гэж эрхгүй санаа алдахад хүргэлээ. Цагаан таягтнуудын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  тус сургуулийн 11А ангийн сурагч Б.Баттөрийг олж уулзахаар зорьж очсон юм.16 нас хүртлээ бичиг үсэг сураагүй ч энэ сургуульд ирснээр бичиг үсэг, тоо тоолол бүгдийг сурсан. “Jet” англи хэлний сургалтын төвөөс зарласан эсээ бичлэгийн уралдаанд оролцож жилийн хугацаанд үнэ төлбөргүй англи хэл сурах эрхээр шагнуулсан түүнтэй ярилцсанаа хүргэе. Тэр харахгүй ч, хамгийн гэгээн, хамгийн гэрэлтэй бүхэн түүний л сэтгэлд байх шиг...

 

-Эхлээд хоёулаа танилцъя?

-Намайг Б.Баттөр гэдэг. Би 116-р сургуулийн 11А ангид сурдаг. Арваннайман настай.  Сүхбаатар аймгаас ирсэн. Хөдөөний малчин айлын хүүхэд.

 

-Хараагүй хүүхдийн тусгай сургууль байдаг гэдгийг хаанаас мэдсэн бэ?

-Би арванзургаан нас хүртлээ ямар ч сургуульд сураагүй. Хүн шилжилтийн насан дээрээ ирэхээр их юм бодож эхэлдэг юм билээ. Би ер нь цаашдаа яаж амьдрах вэ? Аав ээж хоёр минь мөнх биш, яаж хүнд хэрэгтэй хүн байх вэ? гээд л олон юм боддог байсан. Бодох тусам ямар нэгэн юм хиймээр, өөрийгөө хөгжүүлмээр санагддаг байлаа. Сүхбаатар аймгийн хараагүйчүүдийн холбооны зөвлөлийн дарга Золзаяа гэж хүн байсан. Тэр хүн л намайг энэ сургуультай холбож өгсөн.Тэрнээс ийм сургууль байдаг гэдгийг мэддэггүй байсан.  Тэр хүнд үнэхээр их баярлаж явдаг юм аа.

 

-Энэ сургуульд хэдэн жил суралцаж байна вэ?

-2012 онд анх ирж байсан юм.Намайг анх ирэхэд тухайн үед байсан сургуулийн удирдлагууд нас хэтэрсэн, бичиг үсэг мэдэхгүй гээд суралцуулах боломжгүй гэсэн. Тэр үед “Би үнэхээр хичээнэ ээ” гэж гуйсаар байгаад үлдэж байсан юм.  Гурван жилийн хугацаанд би 35 үсэг сурсан, тоо бодож сурсан. Англи хэл сурж байна.  Дөрөвдүгээр ангид сурч байхдаа наймдугаар ангийн шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд шууд наймдугаар анги руу дэвшсэн.

 

-Англи хэлний сургалтын төвөөс зарласан эсээний уралдаанд байр эзэлж үнэгүй сурах эрхтэй болсон гэсэн?

“Jet” англи хэлний сургалтын төвөөс Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагчдын дунд “20 жил 20 хүсэл” нэртэй аян зохиосон. Тэр аяныхаа хүрээнд “Миний хүсэл мөрөөдөл” сэдэвтэй 3000 үгтэй эсээний уралдаан зарласан. Энэ уралдаанаас байр эзэлж “Jet”сургалтын төвд бүтэн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болсон. Товгор үсгээр 3000 үгтэй эсээ бичнэ гэдэг цаг хугацааны хувьд  хүнд байсан. Хүн чинь нийгмийн харилцаа нь өөрчлөгдөөд ирэхээр шал өөр болдог шүү дээ. Би сургуульд сурахгүй байж байгаад энэ сургуульд орсон. Өөрчлөлт гарсан. Одоо сургуульд сурахын хажуугаар сургалтын төвд сурахаар  бас нэг өөрчлөлт гарж ирж байна. Энгийн хүүхдүүд ингэж сурдаг юм байна, юмыг ойлгохдоо хурдан юм байна гэдгийг ойлгож өөртөө тусгаж авж байна.  Тэнд сурж байгаа хүүхдүүд, тэнд багшилж байгаа багш, тийшээ явах зам, тэнд тусаж байгаа нарны тусгал хүртэл нэг л өөр бүх юм цоо шинэ ертөнц шиг санагддаг.

 

-Шинэ ертөнцийн зүг алхах замд нь саад байна уу? Явган хүний замд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор хавтанг суурьлуулсан байдаг.  Зарим замд байхгүй харагддаг л даа?

-Сургуулиас багш хүргэж өгдөг юм. Гэхдээ байнга хүн гуйгаад байж болохгүй. Тийм болохоор ганцаараа явах шаардлага гардаг л юм. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор хавтан байхгүй бол үнэхээр хүндрэлтэй байдаг шүү. 100 айлын автобусны буудал дээр бууна. БСБ хүртэл саадгүй явна. БСБ-ээр хойшоо эргээд алхахаар товгор зам байхгүй.  Тэгэхээр зарим үед би буруу эргээд  Сити тойлет руу биш Герентлогийн эмнэлэг руу эргэчихдэг юм. Тэгээд машины чимээ хажууд биш ард талд гарахаар буруу явсанаа мэддэг юм. Бас явган хүний зам дээр  машин тавьчихсан байдаг. Гэв гэнэт машин тээглэхээр буруу явчихав уу, будилчихав уу гээд эргэлзэх тохиолдол зөндөө гардаг юм. Хараагүй бид чинь сурсан замаараа, энд юу байна, тэнд юу байна яг цээжилчихдэг.

 

-Тэгвэл автобусанд суухад бас асуудал тулгарах уу?

-Урьд нь автобусанд суугаад явахад кондукторууд их тус болдог байсан. Буудлаа зарлана. Зарлахгүй бол  кондуктороос асуудаг байсан. Одоо харин кондукторгүй болчихсон чинь аль буудал дээр ирж байгаа, хаана яваагаа мэдэхгүй болчихлоо.  Хүнээс асууж болно л доо. Гэхдээ аль болгоныг асуухав дээ. “Буух гэж байгаа хүмүүс хаалгандаа ойртоорой”,  “Одоо тэнд ирж байна” гээд хэлчихдэг бол хүмүүст хүндрэл учруулахгүй буугаад явчихна.

 

-Одоо хүмүүс хэлж өгч тусалж байна уу?

-Хэлж өгнө өө. Гэхдээ би хүнд саад болохгүй байхсан гэж боддог юм аа. Би л нэг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шиг таяг барьчихаад л асууж шалгаагаад л, автобусанд үнэгүй суугаад л. Би зүгээр бусдын л адил амьдармаар байна. Одоо би автобусны карт авна гэж бодож байгаа.

 

-Баттөр юу хүсэж мөрөөддөг вэ? Ихийг хийж бүтээхсэн гэж боддог чинь чиний  ярианаас анзаарагдаж байна?

-Би дууны найруулагч болохыг л  мөрөөддөг юм. Янз бүрийн дуу чимээ, өнгө аясууд надад их сонирхолтой сонсогдоно. Энэ дуу чимээг хооронд нь холбовол ямар аялгуу гарах бол гэж их бодно. Англи хэлээ сайн сураад сургуульдаа Англи хэлний багш болохсон гэж хүртэл мөрөөддөг юм. Ер нь хараагүй бидэнд нэн шаардлагатай сурах зүйл бол Англи хэл, компьютер хоёр л байна. Энэ хоёр зүйлийг сурахгүй л бол хөгжлөөс хоцрох гээд байна шүү дээ ер нь бид ч гэлтгүй залуу хүмүүс. Тийм болохоор бид ч гэсэн хоцормооргүй л байна.

 

-Үүдэнд компьютер харагдаж байсан. Та нар компьютер ашиглаж чаддаг уу?

-Чадна. Би фэйсбүүктэй шүү дээ /инээв.сур/. Компьютер дээр ажиллахаар дэлгэц уншдаг программ байдаг. Компьютер дээр юм хийхэд дуу авиагаар нь хэлж өгдөг, дэлгэцэн дээр гарж байгаа бүх үйлдлийг Англиар хэлж өгдөг юм. Тийм болохоор л Англи хэл сурах чухал байна.

 

-Уучлаарай. Төрөлхийн харааны бэрхшээлтэй гэсэн үг үү?

-Эхээс төрөхдөө зүгээр гарсан гэсэн. Тэгээд 4 сартайдаа нэг нүдэнд хавдар бий болж Улаанбаатарт ирээд үзүүлсэн чинь нүдний доторх алимыг нь авахгүй л бол хавдар биеэр нь тархаж эхэлнэ гэсэн юм билээ. Хэн ч  гэсэн хүүхдээ алдахыг хүсэхгүй. Тэр нь дор хараагүй ч гэсэн амьдруулъя гээд л авхуулсан юм билээ. Нэг ой хүртэл нөгөө нүд маань хардаг байсан ч нөгөө хавдартай байсан нүд нөгөө нүдрүүгээ нөлөөлөөд бас л алимаа авхуулж  тэрнээс хойш ямар  ч хараагүй болсон. Тэгээд л асаж байгаа гэрлийг, өглөө мандаж байгаа нарыг ч мэдрэхгүй таг харанхуй ертөнцөд амьдарч байна. Тавилан л юм байлгүй дээ.

 

-Чи харанхуйд амьдарч байгаа ч чиний хүсэл мөрөөдөл чинь хамгийн гэгээн байна шүү дээ. Чамаас би олон сайхан чанарыг харж байна.

/Бодлогоширов.сур/ Хүмүүс биднийг “Эд нар хараагүй юм чинь” гээд бүр тусгаарлаад ойлгочихдог. Зарим нь их гадуурхдаг. Гэхдээ л зүрхэнд минь хайр, сэтгэлд минь гэгээ байдаг гэдгийг хүмүүс анзаараасай гэж би хүсдэг юм. Би залуу байна шүү дээ. Би яагаад бусдын адил гудамжаар алхаж, бусдын адил хайрлаж, дурлаж, хийж бүтээж болохгүй гэж. Хүмүүс л боломжгүй гэж боддог болохоос би л хувьдаа чадна бүтээнэ  гэж боддог юм. Миний хувьд  одоо сурч мэдсэн зүйл жаахан чамлалттай санагдаад байгаа. Би энэ сургуулийг эрт мэдэж, эрт ирсэн бол илүү ихийг сурж мэдчихсэн байх байсан. Арваннайман настайдаа 11 дүгээр ангид сурна гэдэг тийм их амжилт биш л дээ.

 

-Хоолондоо орох цаг нь болчихсон байна. Хоёулаа нэлээн удаан ярилцчихлаа. Сүүлд нь асуухад чи ээжийгээ ямар хүн байгаа гэж төсөөлдөг вэ?

-Ээжийгээ юу /санаа алдав.сур/. Сайхан хүн л байгаа гэж бодож байна. Тэгээд их хөөрхөн. Харин таныг би намхан хүн байгаа гэж бодож байна.

 

Төдийгөөс өдий хүртэл амьдрахдаа хаа нэгтээ гээсэн хүн чанарын сорви хөндүүрлэх шиг. Хэзээ ч билээ дээ хараагүй хүнтэй таарчихаад “Ээ чааваас даа” гэж өрөвдмөөр аялаад л зөрсөнөөс биш зорилготой, зорилгодоо хүрэх цуцашгүй тэмүүлэл тээж явдгийг нь анзаарсан бил үү. Баярлалаа Баттөрөө.

 

 Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Huurhii doo ! Mongoliin Tur iim l humuusee halamjlah yostoi yum sh dee!
2015-10-18
B:
Horvoo horvoo yaltai ch wm be d ter ohin haratai ohintoi bolosoi ged boljde
2015-10-17