Бондын хөрөнгийг “үрэн таран” хийсэн компаниудыг зарлая-III

Экспортыг дэмжиж, импортыг орлох сайхан уриатай төсөл гараанаас гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Японы зах зээлд улсынхаа нэр нүүрийг худалдан байж арилжсан “Самурай” бондын хөрөнгийг /30 тэрбум иен/ төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нэрээр “салхинд хийсгэчихсэн” юм биш байгаа гэх хар ч төрж байгаа гэдгээ өмнөх нийтлэлдээ дурьдсан билээ. Тэгвэл “Самурай” бондын хөрөнгөөр ямар компаниуд санхүүжилт авсан талаар энэ удаагийн нийтлэлдээ хөндөхийг зорилоо. Эхний нийтлэлийг энд дарж уншина уу. Бондын хөрөнгийг “үрэн таран” хийсэн компаниудыг зарлая-II нийтлэлийг энд дарж үзнэ үү.
Эл төслүүдийн ач холбогдлыг экспорттой уялдсан худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ бий болж, зохих түвшний стандартыг нэвтрүүлэх, түүнд нийцсэн тэргүүний дэвшилтэт технологийг нутагшуулах. Үндэсний брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл сайжрах юм хэмээн тодорхойлжээ.
Экспорт, импорт: 200 тэрбум төгрөгийн зээл
Үнэхээр дээрх тодорхойлсон зорилгоо биелүүлж, эдийн засгийг тэтгэж чадсан уу. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг харьцуулж үзвэл төвөггүй ойлгох биз ээ. Учир нь, энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Хөгжлийн банкинд нийт 320.98 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 48 төслийн материал арилжааны банкуудаас ирүүлжээ. Улмаар Хөгжлийн банкны Зээлийн хороогоор 47 төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 198.3 тэрбум төгрөгийн 39 төслийн зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан олгохыг дэмжсэн байна.
Үүнээс зээлийн гэрээ, холбогдох барьцаа, баталгааны гэрээ байгуулан ирүүлсэн нийт 35 төслийн 172.7 тэрбум төгрөгийн зээлийг 9 арилжааны дамжуулан олгожээ. Харин 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилтийн хүсэлтийг 10 банкны 655 төсөл хэрэгжүүлэгчдэд 99.98 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-аар дамжуулан олгоод байгаа аж.
Энэ талаар Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр тухайн үед “Экспортыг дэмжиж, импортыг орлох төслийн нийт санхүүжилт 7.3 их наяд, үүнээс төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ 4.2 их наяд төгрөг буюу нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцэж байгаа. Хамгийн өндөр өртөгтэй нь 285 тэрбумын төсөл байсан бол бага нь таван сая төгрөг байна. Зээлийг тав хүртэл жилийн хугацаатай төгрөгөөр олгоно. Хүү нь жилийн есөн хувиас хэтрэхгүй байх юм. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байна. Төсөл санаачлагч өөрийн сонгосон арилжааны банкинд хандаж зээлээ авч болно” хэмээж байсан.
Экспортыг дэмжих төсөлд ашигт малтмал, хүнд үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг долоон салбарын төсөл ирээд буйг хэлж байв. Харин импортыг орлох төслийн олонх нь барилгын материал, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг найман салбарынх байснаа ч тухайн үед мэдэгдэж байсан билээ.
Дээрх төслүүд бүгдээрээ хэрэгжвэл жилд есөн их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлэх судалгааг Хөгжлийн банкнаас хийсэн байна. Гэхдээ бүгдээрээ хэрэгжих боломжгүй. Учир нь, төсөл санаачлагчдын хүссэн зээлийн эх үүсвэр манайд байхгүй. Нийт төслийн гуравны нэгийг “Чингис”, “Самурай” бондоос санхүүжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг их наяд төгрөгт багтаан санхүүжилт хийнэ гэсэн үг гэдгээ ч мэдэгдэж байлаа.
Эдгээр “мөрөөдөл” хэр биеллээ олов. Үүнд хариулт эрэх зорилгоор бондын хөрөнгөөс авсан компаниудын талаар сурвалжлага бэлтгэн хүргэх болно.
Үргэлжлэл бий.
Б.Болормаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ