Хямралд хөтлөгдсөн төсөв

Энэ оны төсвийн тодотголын төслийг гишүүд ширүүхэн хэлэлцэж байна. Тэд тойрогтоо тусгагдсан санхүүжилт танагдсаныг шүүмжилж, нэмэхийг шаардаж байгаа юм.
“Манай Булган аймагт 640 суудалтай сургуулийн барилга баригджээ. Үүнээс 200 сая төгрөг хассан байна. Ажил нь явж байгаа зүйлийн мөнгийг нь хасчихаар ажил нь зогсчих аюултай. Ирэх онд тавигдах мөнгөн дүн нэмэгдэнэ. Булганы төв дээр байгаа цэцэрлэгийн төсөвт өртгийг Сангийн яамныхан янзалж өгөөгүй. Нэмж өгөх бололцоо бий юу”.
“Өнгөрсөн онд зураг төсөв нь бэлэн зайлшгүй барих шаардлагатай нэг объектийг ажил болж байж 2015 оны төсөв суутгасан. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын сургуулийн хүүхдийн дотуур байрны барилга 980 сая төгрөгийн өртөгтэй объект байсан. Худалдан авах газарт тендэр зарлатал 5-6 компани өрсөлдөж, нэг нь шалгарсан байна. Гэтэл шалгараагүй компаниуд нь хууль хяналтын байгууллагуудад шалгарсан компаниа өгч, шүүхээр явсаар байгаад ажил нь эхэлж чадаагүй байсан. Энэ объектийг төсвийн тодотголд тусгаад оруулжээ. Гэхдээ ирэх оны төсөвт алга.”
“Дорнод аймагт олон жил дуншиж байгаа 50 ортой шинэ эмнэлэг сарын дараа ашиглалтад орох гэж байна. Тоног төхөөрөмж дээр нь 80 сая төгрөг тавьжээ. Энэ нь хаанаа ч хүрэхгүй мөнгө. Тоног төхөөрөмжид 400 орчим сая төгрөг шаардагдана гэж байсан. Гэхдээ 300 сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг худалдан авахаар жагсаалт гаргаж өгсөн байсан. Тиймээс Эрүүл мэндийн яам Дорнод аймгийн 50 ортой шинэ эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайдын багцдаа тусгаач ээ.”
Гэхдээ тойрогтоо хийх бүтээн байгуулалтаас хасагдсан санхүүжилтийг нэмүүлэхээр улайрч байгаа түшээдийг буруутгах аргагүй. Учир нь тэд сонгогчдодоо өгсөн амлалт, төрийн элчийнхээ үүргийг л гүйцэтгэж байгаа хэрэг.
Ийнхүү төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх хүрээнд боловсруулагдан Засгийн газраас өргөн барьсан энэ оны төсвийн тодотголын төслийн танагдсан санхүүжилт нэмэгдэж батлагдахад гайхаад байхааргүй байна. Төсөлд нэгдсэн төсвийн нийт орлого 6.128 их наяд, зарлага 7.307 их наяд төгрөг болж, ДНБ-ий 5 хувьтай тэнцжээ.
Төсвөө танаж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газар улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны энэ оны сүүлийн 3 сарын цалинг 30 хувиар бууруулж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх саналыг тодотголд тусгасан. Хэдийгээр үрэлгэн зардлаа танахыг хууль боловсруулагчид дэмжиж байгаа ч төсвийн тодотголыг батлахад цалинг хасах, тойрогт тусгасан зардлыг танахыг эсэргүүцэн, хасагдсан мөнгийг нэмж тусгуулахаар байна. Тэгээд ч зарим гишүүн хямралд хөтлөгдөн эдийн засгаа хумьж, төсвөө танаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна лээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Эдийн засаг хэмнэлттэй байх ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ төр том байна, хасах хэрэгтэй, танах хэрэгтэй гэсэн логик яваад байгаа юм. Үнэн хэрэг дээрээ тэр нь гол асуудал мөн үү биш үү. Миний ойлгож байгаагаар төр чадамжтай юу үгүй юу, төр төрийнхөө ажлыг гүйцэтгэж чадаж байна уу, үгүй юу гэдэг л чухал. Ингэж хасч хэмнэснээр асуудлыг шийдлээ, реформ хийчихлээ гэж үзэх үү. Энэ нь огт ойлгогдохгүй байгаа. Энэ нь шийдэл мөн үү биш үү гэдгийг давхар давхар бодолцох ёстой байх. Мөн эдийн засгийн хямрал гэж гаргаж ирээд түүндээ хөтлөгдсөн төсөв оруулж ирээд байна. Улс орны ирээдүйг бодсон зүйл байх ёстой. Хэрвээ хямрал гэдэг юм байгаа бол түүнийгээ сөрсөн эдийн засгийн өсөлтийг бий болгох иш үндсийг тавьсан зүйл байх ёстой” хэмээж байлаа.
Эдийн засгаа тэлж байж хямралыг давах болохоос хумьж, хасч, танаснаар байдал дээрдэхгүй, хөгжлөөс хойш ухарсан үйлдэл болно гэж зарим эдийн засагч үзэж байна лээ.
Төсвийн тодотголыг хэлэлцэх үед орлогын эх үүсвэрийг гишүүд илүүтэй асууж, хайж, сураглаж байсан. Учир нь таналтууд алдагдлыг багасгахаас бус орлогод нэмэргүй. Тэгээд ч үлдсэн сарын хугацаанд татвараа цуглуулж цэгцлэхийг Засгийн газарт шаардана лээ. Хэдийгээр уул уурхайн цикль мөчлөг ард хоцорч, энэ салбарын хүч түрсэн хөрөнгө оруулалт зогссон ч Оюутолгой, Эрдэнэтээс оруулах татвар төсөвт нэмэртэйг, шатахуун импортлогчид улсаа бодолцох хэрэгтэйг сануулах хэсэг ч байна.
Төсвийн урсгал зардлаа танах хэдий ч хямралыг сөрж эдийн засгаа тэлэх бодлого үгүйлэгдэж байгааг хууль боловсруулагчид ирэх оны төсөв хэлэлцэхдээ анхаарна биз ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ