Эдийн засгийн наад захын мэдлэгтэй хүн байна уу, энэ засагт

Хална, хасна, солино, цөөлнө, цомхотгоно. Манай Засгийн газрын сайд, дарга нарын амнаас гарч байгаа үг сүүлийн үед нэг иймэрхүү болчихоод байна. Цалин нэмэх энэ тэрийг бол зүүдлэх ч эрхгүй болчихсон. Эдийн засаг хүндрээд, төсөв мөнгө нь бүрдэхгүй байгаа нь ард түмний буруу юм шиг л аашлах боллоо.
Гэнэт л ухаан орсон юм шиг төрийн албан хаагчдыг цөөлнө, яам, тамгийн газрыг татан буулгана. Газруудыг чиг үүргийнх нь дагуу нийлүүлнэ. Төрд ажиллаж байгаа хүмүүсийг халж хаяад, хувийн хэвшилд ажилд оруулна ч гэх шиг. Ийм үлгэрийн юмыг хэн нь сэтгэж олоод, нүүр улайхгүй яриад байдаг байна аа. Ер нь эхнээсээ нэг хүнд, даргад, сайдад зориулсан яам, тамгийн газрыг байгуулж, баахан хүн ажилд авчихаад, одоо байхгүй болгоно ч гэх шиг.
Олон яамыг цөөлөх нь зөв, угаасаа тоог нь нэмэх шаардлагагүй байсан. Гэхдээ одоо цаг нь мөн үү. Яам татан буулгалаа гэхэд сайд нар хохирохгүй. Угаасаа ихэнх нь УИХ-ын гишүүн юм чинь саарал ордныхоо өрөөнд суучихна. Харин тухайн яаманд ажиллаж байгаа жирийн ажилчид, мэргэжилтнүүд л хохироод үлдэх нь. Яг үнэндээ төрийн алба данхайгаад, төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байгаа нь тэдний буруу биш биз дээ. Эрх барьж байгаа эрхтэн дархтануудын л завхрал. Тийм болохоор энгийн ажилчдын амьдралаар тоглож, өөрсдийнхөө хийсэн алдааг одоо цайруулах гэж байгаа жаахан хүлээ гэж л хэлмээр байна.
Тэгээд дээрээс нь эдийн засгийн наад захын онол мэддэг хүмүүсийн үгийг эрхэм сайд, дарга нар нэг сонсчих хэрэгтэй. Учир нь, ийм хямралтай үед хүмүүсийг олноор нь хална гэдэг тун ч буруу шийдвэр. Тэртээ тэргүй хямарч байгаа иргэд ажилгүй болбол яах болж байна аа. Манай Засгийн газрынхан төрийн албанаас халагдсан нөхдүүд хувийн хэвшилд ажилд ороод, бүтээмжийг нь сайжруулаад явна гэж яриад байгаа. Ийм юм гэж хаана ч байхгүй. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн өөрсдийгөө яая гэж байна. Том компаниуд ажилчдаа хэдэн зуугаар нь халж, цомхотгож байгаа. Өөрсдийнхөө ажлаа мэддэг, дадлага туршлагатай ажилчдаа халж байгаа хувийн хэвшлийнхэн төрийн албаныныг авлаа юу. Ёстой гонж байна аа.
Тийм болохоор эдийн засгаа улам хямраахгүйн тулд энэ чигээр нь зүтгүүлбэл дээр юм биш үү. Нэг ч гэсэн хүн ажилтай байгаад, бага болов цалин авч байвал эдийн засгийн эргэлт хурдтай байна. Нэг хүн ажилгүй, орлогогүй болохын хэрээр л эдийн засгийн эргэлт удааширч, цус нь гүйхээ болино биз дээ. Үгүй ээ бод доо, нэг хүн цалин гэж хэдэн төгрөг аваад, түүгээрээ талх, боорцгоо болов авна. Нэг талх илүү зарагдаж байвал үйлдвэрлэж байгаа компанид нь хэрэгтэй. Олсон мөнгөө дахиад нэг хүнд цалин гэж өгнө. Тэр цаашаа өөр худалдан авалт хийнэ. Гэх мэтээр эдийн засгийн гинжин холбоос явах ёстой. Үүнийг чинь л эдийн засгийн наад захын онол гээд байгаа юм.
Гэтэл манай Засгийнхан болохоор цомхотгол хийж эдийн засаг хэмнэх талаар яриад сууж байна. Хоёр, гурван яам татан буулгаад, хэдэн газрыг “арчлаа” гээд төсвөө айхтар хэмнээд, улс орон өөдөлчих үү. Харин ч эсрэгээрээ бөөн хямрал болох юм биш үү. Төрийн албаныхныг дэмжинэ, орон сууцны зээл өгнө энэ тэр гээд баахан хүнийг өрөнд унагасан. Одоо тэр хүмүүс ажилгүй болчихвол яах вэ. Чанаргүй зээлийн хэмжээ өснө, цаашлаад шат шатны хямар болох нөхцөл үүсээд байна. Тийм болохоор арай өөр аргаар төсвөө хэмнээд, хямрал гайгүй болтол энэ хэвээрээ зүтгэсэн нь дээр юм биш үү. Засгийн газарт энэ мэтийг бодох, сэтгэх толгойтой хүн байхгүй бол эдийн засагчдаасаа асуу л даа. Тэд нэгийг өгүүлж, хоёрыг хэлэх байх.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ