Лу.Батнасан: Өвөг дээдсийн үлдээсэн гээгдмэл орон зайг судална

“Евро Азийн нутгаар” олон улсын морин аяллын тухай мэдээлэл түгсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл тун саяхан “Хүннү экспедиц” багийнхан ирэх сарын 6-нд аяллаа эхлэх болсон талаар дуулгасан юм. Энэ талаар тодруулахаар аяллын багийн гишүүн, судлаач Лу.Батнасантай уулзаж ярилцлаа.
-“Евро Азийн нутгаар” морин аялал 10-аад хоногийн дараа эхэлнэ гэж сонслоо?
-Аяллаа ирэх арваннэгдүгээр сарын 6-нд эхлүүлнэ гэж төлөвлөж байна. Гэвч нэг саад гарлаа. Олон улсын мал амьтдын эрүүл мэндийн “ОAI” гэж байгууллага байдаг. Энэ байгууллагад манай улс 1989 онд гишүүнээр элссэн. Гишүүн орны хүлээх үүргийн хувьд өвчин гарсан тохиолдолд 72 цагийн дотор мэдэгдэх үүрэг хүлээдэг юм билээ. Тиймээс Баянхонгор аймгийн Алтай суманд гарсан шүлхий өвчнийг аравдугаар сарын 16-нд бүртгүүлсэн. Үүнээс үүдээд ОХУ-ын мал эмнэлгийн газраас Цагааннуурын бомтоор гарах байсан бидний аяллыг “боломжгүй” гэж мэдэгдсэн. Тэгээд Сэлэнгийн Алтанбулагийн бомтоор гарахаар мал эмнэлэг үржлийн газартай хамтран албан бичиг явуулсан байгаа.
-Тэгэхээр 6-нд аялал эхлэх нь баттай биш гэсэн үг үү?
-Удахгүй хариу нь ирнэ. Нааштай хариу ирсэн тохиолдолд бид арваннэгдүгээр сарын 6-нд Чингисийн талбайгаас аяллаа эхлүүлнэ. Бусад зүйлийн бэлтгэл хангагдсан гэж үзэж болно.
-Бэлтгэл хангагдсан гэхээр төсөв санхүү бүрэн шийдэгдсэн үү?
-Төсөв санхүүгийн хувьд нийтдээ 644 орчим сая төгрөг төсөвлөгдсөн байгаа. Үүнээс 252 сая нь бараа бүтээгдэхүүн солилцох шугамаар ерөнхийдөө шийгдэгдсэн. Үлдсэн зардал хараахан шийдэгдээгүй байна.
-252 сая гэдэг гуравны нэг нь гэсэн үг. Тэгэхээр үлдэгдэл төсөв мөнгийг яаж шийдэх вэ?
-Томоохон корпораци, байгууллагууд бидэнд шаардлагатай зүйлсээр чиглэл чиглэлээрээ хамтарч ажиллах боломжтой. Бидний үйл хэргийг “Эх орон”, “TV5”, “МҮОНРТ” дэмжиж ажиллахаар болсон. Тиймээс хамтарч ажилласан байгууллагууд маркетингийн сурталчилгаагаа эдгээр сувгаар дамжуулан буцаан авах боломжтой. Бидний аяллын зарим зардлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлын яам ирэх жилийн төсөвтөө суулгана гэсэн нааштай мэдээ дуулгасан.
-Аялал наадмын дараа эхэлнэ гэж байсан ч өдий хүртэл хойшлогдлоо. Санхүүгийн асуудлаас болов уу?
-Манай улс олон улсад мал амьтантай холбоотой хорио цээрийн зөвшөөрлийн хувьд хэр түвшинд байгааг харуулж байна. Албан бичиг явуулахад зарим тохиолдолд хоёр сар хүлээгдэх явдал байсан. Гэтэл зарим улс албан бичиг солилцохдоо 24-72 цагийн дотор хариу нь ирдэг юм билээ. Юуг хэлэх гээд байна вэ гэхлээр манайх Америк, Япон шиг улс биш. Гэвч бид тэдэн шиг улс болох ёстой гэдгийг сануулж байгаа хэрэг. Бас нэг зүйл. Хямрал нэрээр компаниуд халхавч хийж байна. Хямралгүй, энхийн цагт “нийгмийн хариуцлагын хүрээнд” гэж ярьдаг компаниуд ийм цаг үед халхавчгүй байгаасай гэж хэлмээр байна. Энэ бол зүгээр аялах гэж байгаа асуудал биш. Монгол орны нэр хүнд, улсаа дэлхий дахинд сурталчлах үйл хэрэг. Тиймээс аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын яам хүртэл үүнд маш нухацтай хандах хэрэгтэй.
-Та судлаачаар явна. Европын орнуудаас юуг судалж, таньж мэдэж ирэхийг зорьж байна вэ?
-Би МУИС-ийн филисофийн тэнхимд “Өрнөд Европ дахь уран сайхны соёлын асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Тиймээс би энэ чиглэлээр гурван зүйлийг сонирхож байна. Эхнийх нь даяаршил. Даяаршил улс болгоны үүдийг, хүн бүрийн тархийг тогшиж байна. Тиймээс даяаршил гэдэг Монгол хүн битгий хэл улс орон болгоны хүн бүрийн санаа зовох, бэлтгэх ёстой зүйл. Энэ үүднээс би онгоцоор дүүлэн нисээд өнгөрөх биш. Нэгжиж, нарийвчилж судлана гэж бодож байгаа. Хоёрдугаарт, язгуур соёлыг судлана. Евро Азийн суурин тосгон болгоноор урлаг соёлыг нэгжиж, соёлын эх үүсвэр язгуур чанарыг хайна. Гуравдугаарт, эзэнт гүрний үеийн, өвөг дээдэс дайтаж явах үедээ тэнд үлдээсэн гээгдмэл орон зай, чухаг чухаг санаа юу байна. Тэр бүгдийг хайж судлана. Тэр нь буцаад бидний тэр даяаршилд бэлдэхэд ямар ач тустай вэ гэдгийг тэмдэглэж ирнэ дээ. Мөн аян замын тэмдэглэлийн ном бичихээс гадна телевизийн цуврал нэвтрүүлгийг хариуцаж явах юм.
-Урлагийн тоглолт, соёлын өдрүүд зохион байгуулах учраас СУИС-ийн багш нараар хичэээл заалгаж байгаа гэж сонссон?
-Анх аяллаа төлөвлөсөн ёсоор соёлын өдрүүд, соёлын уулзалт, суртал ажиллагаа зохион байгуулья гэж ярилцаад соёл, урлагийн хүмүүс авч явахаар болсон. Гэвч асар их хөрөнгө мөнгөний шаардлага тулгарсан. Тиймээс “Яагаад бид өөрсдөө сурч болохгүй гэж” хэмээн шийдээд хөөмий, тууль, монгол бичгийн уран бичлэг, цуур хөгжим, хэл аман хуур, морин хуур зэрэг Юнескод бүртгэгдсэн биет бус соёлын өвөөс суралцаад явах гэж байна. Юнескод манайхан зөвхөн цаасан дээр бичүүлж, бүртгүүлээд л хаячихдаг. Тийм болохоор бид өөрсдөө суралцаж, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж, соёлын өвийг сурталчлахыг эрхэм зорилго болгосон юм. Төгс сурчихсан гэж ойлгож болохгүй. Суралцаад л явах гэж байна.
-Очсон улс болгондоо соёлын өдрүүд зохион байгуулах уу?
-Очсон хот болгондоо соёлын сурталчилгаа, уулзалтаа бол хийнэ. Харин гадаад хэргийн яамтай хамтраад Халимаг, Герман, Франц, Эрхүү гэсэн дөрвөн улсад соёлын өдрийг зохион байгуулж 35 минутын тоглолт хийнэ. Тоглолтод маань зориулаад Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай “Орчлонд ижилгүй нутаг” гэдэг дуугаа бидэнд албан ёсны эрхтэйгээр өгсөн. Энэ дуугаар тоглолтоо нэрлэнэ.
-Аяллын замд морьд эцэж, цуцах эрсдлийг тооцсон байх. Хичнээн морьтой гарах вэ?
-Гурван хүн нэг, нэг сэлгээ морьтой нийтдээ зургаан морьтой аялалд гарна. Уул, хад, асга ихтэй газруудад хоёр хоног яваад нэг өдөр морио амраах зэргээр явахаар төлөвлөсөн байгаа. Эхнээсээ морио ядраахгүй, хөлийг нь улдаахгүй, цуцаахгүй. Энэ бол хурдны аялал биш. Асар хол замыг туулах учраас “сүүл хөдөлгөх” гэдэг нэршил байдаг. “Үнэгэн шогшоо ч” гэж хөдөөнийхөн нэрлэдэг. Үнэгэн шогшоогоор, бараг хатирахгүй, давхихгүйгээр маш алгуур явж энэ аяллыг туулна. Тэгж байж бид зорьсон газраа саадгүй хүрэх учиртай.
-Нийт хэдэн км замыг мориор туулахаар төлөвлөсөн бэ?
-Бид мориор Франц хүртэл нийт 10056 орчим км зам туулахаар төлөвлөж байгаа. Хэрэв чадахгүй бол Герман. Герман хүрч чадахгүй бол Польшийн хил хүрнэ гэж эрсдэлийг тооцоолж ерөнхийдөө гурван үе шаттайгаар төлөвлөсөн. Орчин үеийн Европын орнууд мал амьтантай холбоотой хорио цээрийг маш хатуу дэглэмээр авч үздэг болсон. Үүнтэй холбоотой бид ингэж эрсдэлээ тооцоолж байгаа. Францаас морио буцаагаад цаашаа аяллаа машинаар үргэлжлүүлэх юм. Нийтдээ 13 улс, орноор бид аялна.
-Тэгвэл өдөрт хэдэн км зам туулах вэ?
-Янз янз. Хад асга ихтэй, уул хадтай газар бол бид нар магадгүй зарим өдөр 15-20 км зам туулахыг үгүйсгэхгүй. Байгаль цаг агаар сайхан, морь мал сайн үед бол 80-90 км явах ч боломжтой. Дунджаар өдөрт 50 орчим км явна гэж тооцоолсон.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ