Гавьяат тамирчин Г.Болдбаатар хэсгээ тэргүүлэн барилдана

Абу Дабигийн "Гранд Слам" өнөөдөр эхэлнэ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 16 бөх хүч үзэхээр АНЭУ-ын нийслэлийг зорьсон билээ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг--ын жингийн барилдаан болно.
Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар "D" хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, Мексик, Хонгконгийн бөхчүүдийн хожсонтой эхний барилдаанаа хийхээр оноолт таарчээ. Мөн 60 кг-д Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүч үзнэ. Манай бөх "В" хэсэгт оржээ. Эхний барилдаанаа Болгарын Янислав Герчевтэй хийнэ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд залуу тамирчин Н.Мөнхбаяр хүч үзнэ. Тэрбээр эхний барилдаанаа Канадын бөхтэй хийхээр сугалаа таарчээ. 73 кг-д барилдах Ганболдын Балсанлхүндэв Колумбын бөхтэй эхний тойрог учраа таарсан байна.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт Ганбаатарын Наранцэцэг ОХУ бөхтэй, Эрдэнэцогтын Гэрэлмаа БНХАУ-ын бөхтэй эхний тойрогт барилдах оноолт таарчээ. 52 кг-д барилдах Пүрэвсүрэнгийн Буянхишиг Францын Присила Гнетотой хүч үзэх бол Батсүхийн Алтанцэцэг АНУ-ын бөх Анжелика Дельгадотой барилдана.
АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 30-ны өдрөөс ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх "Гранд Слам" тэмцээнд 88 орны эрэгтэй 300, эмэгтэй 189 тамирчин Их дуулгын аваргын төлөө хүч үзэхээр цугларчээ. Манай тамирчдын дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэцэгмаа болон Монголын жүдо академийн багш Дамдинсүрэнгийн Батсайхан нар оролцож байгаа юм.
Тэмцээний медалийн төлөөх барилдаануудыг ETV, С-1, SPORT BOX телевизүүд өнөөдрийн /X.30/ 21:00 цагаас эх орон даяар шууд дамжуулан хүргэх юм байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ