
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу Сууц өмчлөгчдийн холбоодуудад шалгалт хийлээ. Шалгалтын явцад нийтдээ 23 хэрэглэгч, оршин суугчдаас гомдол хүлээн авч тэдгээрийн 19-ийг нь шалгаж барагдуулсан бөгөөд гомдлын ихэнх хувийг байрны халаалт муу, халуун ус ихээр тасардаг, төлбөр, хураамжийг тодорхойгүйгээр нэмдэг зэрэг гомдол эзэлсэн байна.
Хяналт шалгалтын явцад тухайн СӨХ -ийн харьяалагддаг ОСНААК-ийн үйл ажиллагааны доголдол, дундын өмчлөлийн шугам сүлжээ ихээр муудсан байдал нь дулаан муу ирдэг, халуун хүйтэн ус байнга тасардаг зэрэг гомдлыг ихээр дагуулж хэрэглэгчдийн бухимдалыг төрүүлдэг нь тогтоогдсон байна.
Улаанбаатар хотод байгаа ихэнх дундын өмчлөлийн шугам сүлжээ муудаж, эдэлгээ даахааргүй болсон бөгөөд байнгын засвар үйлчилгээ хийгддэг ч төдийлөн үр дүнгээ өгдөггүй байна. Мөн СӨХ-г байгуулахад иргэдийн оролцоо муу байдагтай холбоотойгоор хэдхэн хүний өнгө үзэмжээрээ холбоо байгуулагдаж, СӨХ-д оршин суугчдын хяналт, иргэдийн хөндлөнгийн оролцоогүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж улмаар ямар нэг хууль бус үйл ажиллагаа эрхлэх нөхцлийг бүрдүүлдэг байна.
Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 610 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаагийн 485 нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд үүнээс 393 нь Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөл/МСӨХДЗ/-д гишүүнээр элсэн мэргэжлийн удирдлагаар хангагдаж, Барилгын тухай болон Монгол Улсын Иргэний хууль зэрэг 7 хууль, төрийн байгууллагаас гаргасан 17 тогтоол, дүрэм, журам, захирамж, албан тоотын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ