Монголчуудын морь уях их авьяасыг дэлхийд харууллаа

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хурдан хүлэг АНУ-ын "Breeders’ Cup" дэлхийн аварга шалгаруулах зэрэглэлийн морин уралдаанд түрүүлсэн. Энэ амжилт нь 32 дахь жилдээ зохион байгуулагдсан уг уралдаанд Ази тивээс авч буй хамгийн анхны түрүү гэдгээрээ онцгой байсан билээ.
Тэгвэл өнөөдөр тод манлай уяач Д.Ганбаатар “Mongolian Saturday” хүлгийнхээ дэлхийн уралдаанд үзүүлсэн амжилтыг талаар мэдээлэл хийлээ. “Mongolian Saturday” нь цэвэр цусны англи адуу аж. Дөрвөн жилийн өмнө энэ хүлгийг Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, Алдарч уяач Э.Ганбат нар дуудлага худалдаанаас Д.Ганбаатарт авч өгч байжээ.
Энэ үеэр Монгол Улсын тод манлай уяач Д.Онон "Энэ хүлгийг бид нар дааганы дуудлага худалдаанаас 2011 онд авч байлаа. Тухайн үед үндсэн махных нь чанарыг харж авсан юм. Дүү нар маань ингэж том амжилт гаргасанд их баяртай байна. АНУ-д морь уяж байгаа Ганбат маань морио эхний гурван байрнаас хойш гаргалгүй давхиулж байна гэдэг бол тэр хүний авьяас, эрдэм, мэдрэмжийн илэрхийлэл” гэж хэллээ.
“Mongolian Saturday” морины түрүүлсэн "Breeders’ cup turf sprint G-1" төрөл Канад, Дубай, Францын морьд уралдсан байна. Энэ нь тэмцээний хамгийн богино зайн төрөл учир хамгийн хурдан морьд уралддаг аж.
Д.Ганбаатар: "Breeders’s Cup"-ыг монголчууд чимлээ" гэж хэлсэн
Мэдээллийн дараа Тод манлай уяа Д.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Таны морь дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлж, эх орныхоо нэрийг дуудууллаа. Эзэн хүний сэтгэл өндөр байгаа байх?
-Үнэхээр сайхан үйл явдал боллоо. Монголчууд морьтой харьцахдаа, морь уяхдаа ямар их авьяастай юм бэ гэдгийг дэлхийд харуулах үүд хаалгыг нээсэндээ бид баяртай байгаа. Ер нь Монголчууд чаддаг юмаараа дэлхийд өөрсдийгөө харуулах нь бидний хийх ёстой ажил гэж ойлгодог, их сайхан байна.
-“Mongolian Saturday” энэхүү уралдаанд түрүүлэх магадлал хэр байсан бэ?
-Америкийн морины мэргэжилтнүүдийн дүгнэснээр эхний дөрөвт байгаагүй. Үнэхээр Монгол уяачийн ухаан, гендээ байна гэдгийг Ганбат тод томруунаар харуулж чадлаа.
-Тэгвэл “Mongolian Saturday” мэргэжилтнүүдийн таамгийг эвдэж түрүүлжээ. Тэр үед танд болон монголчуудад хандаж юу хэлж байв?
-Энэ удаагийн "Breeders’s Cup"-ыг Монголчууд та бүхэн чимлээ гэж олон хүн хэлсэн. Зохион байгуулагчид ч онцолж байсан.
-Цаашид монголчууд морин уралдааны зах зээлд олон жил байр суурь эзлэх байх.
-“Макс” группийн хувьд мэдээж сайхан хөдөлмөрийнхөө үр шимээр сайн сайхан явж байна. Надад олон том мөрөөдөл бий. Олон сайхан уяачид, бизнесүүд сайн явж байж Монгол сайн явна гэж би боддог. Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газрын хүүхдүүдэд өгөхөөр болсныг мэдэгдэж байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ