Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах стандартыг батлуулжээ
2015-11-10

Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны 18001 стандартыг хэрэгжүүлэх заавар 18002 стандарт”-ыг батлуулжээ.  МАОЭНХ,  Стандарт хэмжилзүйн газар Хөдөлмөрийн яамтай хамтран 2012 онд OHSAS 18001 стандартыг  үндэсний стандарт болгон батлуулсан. Уг стандарт хэрэгжээд гурван жил өнгөрсөн ч манай улсын 10 гаруй байгууллага л үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг аж. Иймд Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос тус стандартыг хэрэгжүүлэх заавар стандартыг орчуулан бэлтгэж Стандартчиллын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн, есдүгээр сард батлуулжээ.

 

 

Уг стандартын талаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатараас тодрууллаа.

 

-OHSAS 18001 стандартын талаар мэдээлэл өгөөч?

-Энэ стандарт нь аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хэрэгждэг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт юм. Энгийнээр хэлбэл, зах зээлийн эдийн засагтай нийгэмд ажил олгогч эзний бий болгосон ажлын байранд ажилтан аюулгүй ажиллах нөхцлийг хангаж, зохицуулдаг стандарт гэсэн үг.

 

-Тэгвэл OHSAS 18002 стандарт?

-OHSAS 18002 стандарт бол OHSAS 18001 стандартыг хэрэгжүүлэх заавар. Аюулгүй ажиллагааг сайжруулах, ажилчдын мэдлэг чадварыг хэмжих, удирдлагын тогтолцоонд аюулгүй ажиллагааг хэрхэн суулгаж өгөх зэрэг тогтолцоог уг стандарт зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, өглөө ажилдаа гарсан хүн орой үр хүүхэддээ эрүүл очих баталгаат орчин нөхцөл бүрдэнэ гэсэн үг. OHSAS 18001 стандартыг манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай 10 гаруй уул уурхайн компани л үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг.

 

-Стандартыг компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-OHSAS 18001 стандарт нь түүнийг хэрэгжүүлэх заавар OHSAS 18002 гэсэн 2 цувралаас бүрддэг. Заавар бүхий цуврал стандартыг нь бид даруй үргэлжүүлэн гаргаж чадаагүй. Тиймээс аж ахуй нэгж байгууллагууд стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэхээр хүндрэл, бэрхшээл тулгарсан байж болох юм. Харин одоо стандартыг Монгол улсад хэрэгжүүлэх нөхцөл бүрэн бүрдсэн гэдгийг нийт ажил олгогчиддоо дуулгамаар байна.

 

-Нэвтрүүлснээр аж ахуй нэгж байгууллагуудад ямар ач холбогдолтой  вэ?

-Тогтвортой хөгжлийг бий болгох, ашиг орлого нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол аваарыг 60-70 хувиар бууруулж, аюулгүй ажиллагааг үр дүнтэй удирдах боломжтой болно. Мөн ХАБЭА-ны эрсдлийг бууруулж, хянах тогтолцоотой болсноор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин багассахаас гадна олон улсын төсөл, тендерүүдэд өрсөлдөх давуу талтай юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин