Үндсэн хуулиа өөрчлөх цаг мөн үү

img

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдаад өнөөдрөөс парламентаар хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Эцэг хуульдаа өөрчлөлт оруулах эсэхийг тойрсон улс төржилт үргэлжилсээр байна. Өнөөдрийн Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 23 жилийн турш үүргээ гүйцэтгэсээр ирэхдээ 2000 онд нэг удаа долоон зүйл заалт бүхий өөрчлөлт орсон байдаг. Хорь гаруй жил үйлчилсээр ирсэн энэ хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэж улстөрчид төдийгүй олон нийт ярилцдаг. Харин цаг хугацааны хувьд хэзээ, хаана ямар нөхцөлд өргөн барьж хэлэлцэх вэ гэдэг нь асуудал дагуулсаар ирсэн.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэх цаг үе нь мөн, бишээс эхлээд одоогийн 76 гишүүнийг 23-аар нэмэгдүүлж 99 болгон хугацааг нь нэг жилээр нэмсэн, Ерөнхийлөгчийг парламентаас болон орон нутгийн ИТХ-ын дарга нарын саналаар сонгох, сумын Засаг даргыг орон нутгийн иргэдээс томилох зэрэг төсөлд тусгагдсан заалтуудад нийгмийн нэлээдгүй хэсэг эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол нийтээр хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.  

 

Газар нутаг, хүн амынхаа тоотой харьцуулахад 99 гишүүнтэй байж болох хувилбарыг зарим хүн хүлээн зөвшөөрдөг юм билээ. Парламентат засаглалтай манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд УИХ-ын хүч хийгээд эрх үүрэг сул явж ирсэн гэж шүүмжлэх хэсэг ч байдаг. Тиймээс энэ хуулиар парламентат засаглалаа бэхжүүлэх үүднээс эрх үүргийн хуваарилалтыг нэмэгдүүлсэн гэж зарим ажиглагч хэлж байна лээ. Парламентын бүрэн эрхийн хугацааг таван жилээр нэмэгдүүлснээр гүйцэтгэх засаглал ч энэ хугацаанд эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамжтай болно гэж хууль санаачлагчид ярьж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэн тусгасан. Хэдийгээр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ гэж заасан байдаг ч сайд тус бүрийг парламентаар хэлэлцэн томилдог. Цаашлаад хэн нэг сайдыг нь огцруулах санал өргөн барих эрх УИХ-ын гишүүнд байдаг. Энэ нь Засгийн газрын тэргүүн нам, эвсэл, бүлэглэлийн хараанд орж, танхимаа өөрөө бүрдүүлж чадахгүй, бусадтай яриа хэлэлцээ, тохиролцоо хийх зайлшгүй нөхцөлийг бүрдүүлсээр ирсэн билээ. Харин Ерөнхий сайдыг парламентаас томилж, танхимаа өөрөө бүрдүүлэх эрх олгосноор Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа. Цаашлаад хэн нэг гишүүн сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж гүйгээд байх бус сайд алдаа гаргавал өөрөө огцордог байх улс төрийн соёл, жишиг тогтоохоор хуульчилжээ. Жишээлэхэд, Японы улсад Ерөнхий сайд, эсвээс хэн нэг сайд нь алдаа гаргалаа гэхэд өөрөө огцрохоо мэдэгддэг. Энэ жишгийг Засгийн газрын хуульд тусгах замаар хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм билээ.

 

Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийднэ. Харин ард иргэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн бол хуулийн хэлэлцүүлэг үргэлжилнэ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн УИХ болон ИТХ-ын дарга нар томилох заалтыг зөвшөөрөх эсэхийг парламентын 76 гишүүн шийдэх болоод байгаа. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогдог. Тиймээс ч миний ард түмэн гэж хэлэх эрхтэй эрхэм. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Атал  тухайн үеийн парламентад олон суудалтай улс төрийн хүчин, түүний өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ-ын дарга нарын саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч эрхэм өрсөлдөнө гэвэл өрөөсгөл зүйл. Ер нь намын эв нэгдлийг илэрхийлэгч болох талтай. Хууль санаачлагчдын хувьд Герман зэрэг бусад орны жишгийг, улс орны хөгжлийн ирээдүйг харж  тусгасан гэсэн тайлбар хийсэн байсан. 

 

Нөгөөтэйгүүр сумын Засаг даргыг нутгийн иргэдийн саналаар сонгуульбал ах дүү хамаатан садан, танил тал олонтой, бэлтэй, хөрөнгөтэй эрхэм сонгогдох магадлалтай гэж зарим улс төрийн хүчин үзэж байна лээ. “Орон нутгийн иргэдийн тухайд суманд хүртэл улс төржилт хийхээ болиоч ээ. Эхнэр нөхөр хоёр хүртэл гэртээ нам намаараа талцаж маргалдаад, ажил хийлгэхгүй байна” гэх санал ч гэх үү, гомдол ч гэх үү зүйлийг ярьдаг. Өнөөдөр төв суурин газарт хүн ам төвлөрч, хөдөө орон нутаг эзэнгүйдсэн. Үнэндээ тэнд хөгжил гэж ярихаас илүү хүн амтай, эзэнтэй байлгах төрийн бодлого үгүйлэгдэж байгаа нь чин үнэн. Тиймээс орон нутгийг эзэнтэй байлгах, хөгжүүлэх асуудлыг нутгийн иргэдээр өөрсдөөр нь шийдвэрлүүлэх алхмыг хуулиндаа тусгаж өгч, эхлүүлэх зорилго агуулсныг төсөл санаачлагчид дурдаж байсан.

 

Сар гаруйхны дараагаар сонгуулийн жил гарч, улс төржилт хүчээ авна. Харин өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцээд суух цаг мөн үү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл тусгай дэгээр хэлэлцэгддэг. Хэдийгээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой ч өнөөдөр тулсан, яаруу сандруу хэлэлцэх шаардлагатай юу гэж улстөрчид ч, олон нийт ч бие биенээсээ асууж, лавлаж байна лээ.

 

Ямартай энэ парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хоёр жилийн өмнөөс УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан ажилласан байна. Хууль боловсруулагчид өчигдөр биш, маргааш ч биш өнөөдөр л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг мөн гэж онцолж байсан. Учир нь УИХ-ын сонгуулийн өмнөх жил, Ерөнхийлөгч хуулиараа хоёронтоо сонгогдоод бүрэн эрх нь дуусч, шинээр нэр дэвшүүлэх үе. Хэрвээ Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дахин нэр дэвших эрхтэй байсан бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэхгүй. Харин өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл буцвал маргааш гэдэг нь найман жилээр хойшлогдоно, улс төрийн цаг, тохироо нь өнөөдөр бүрдсэн гэдгийг онцолсон.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ дахь АН-ын гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй бол МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл байр сууриа илэрхийлээгүй байгаа. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх эцсийн хариултыг Ард нийтийн санал асуулгаар буюу ард түмэн л шийдэх билээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НАМЫН ЖАГСААЛТ, ДАВХАР ДЭЭЛИЙГ АВЧ ХАЯХ ХЭРЭГТЭЙ:
УЛС ОРОН ХЯМАРСАН ГОЛ АСУУДАЛ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ДОРДУУЛСАН ХЭД ХЭДЭН ЗААЛТААС БОЛСОН. ТИЙМ УЧИР 1-Т ДАВХАР ДЭЭЛИЙН АСУУДАЛ БУЮУ УИХ-ЫН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БОЛДОГ АСУУДЛЫГ БОЛИУЛЖ БАС НАМЫН ЖАГСАЛТ НЭРИЙН ДОР АВИЛГАЧИД ТӨРД ШУРГАЛЖ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭР ХАМГААЛУУЛЖ ТӨР ЗАСГИЙГ УВИАГҮЙ ИДДЭГ АСУУДЛЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ДАВХАР ДЭЭЛ, НАМЫН ЖАГСААЛТЫГ ҮГҮЙ ХИЙГЭЭГҮЙ ЦАГТ ҮНДСЭН ХУУЛИАР ОРОЛДОХ ЭРХИЙГ АЛЬ Ч ЗАСАГЛАЛД ӨГӨХИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.
2015-11-17
za ene tengertei haritsdag gar ch dee:
Za end boo nertei Alia salbadai jalgand ochin boolson deer.ene lab chadbargiu nohor, ard tumen teneg bush. Erhem Ta mulguu baina.
2015-11-17
Зочин:
Bish
2015-11-17
Зочин:
yamar ch l baisan AH bol chadaxgui.oorsodiinxoo erx ashigiig bodson yum xiixees ard tumnii toloo xuruugaa ch xodolgoxgui yum bna gedegiig mongoliin ard tumen yas maxaaraa mederlee
2015-11-17