Али Хоусров: Спортоор дайтах нь буу барьж тэмцэхээс илүү

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий шагналт байр, өсвөрийн ААШТ-ий алт, Залуучуудын ААШТ-ий хүрэл медальт, Йемен улсын шигшээ багийн тамирчин Али Хоусров манай оронд хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд, өчигдөр нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Намайг энд бэлтгэл хийхэд бүх талын дэмжлэг үзүүлсэн Монголын жүдо бөхийн холбоонд баярласнаа илэрхийлье. Хэдий буцах болсон ч миний сэтгэл маш хангалуун байна. Олимп, дэлхийн аварга бэлтгэсэн энэ агуу багт бэлтгэл хийнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Монголын жүдочдоос их зүйл сурч, ойлгож авлаа.
-Монголын цаг агаарт дасахад хэр байна вэ?
-Монголд өдийд их хүйтэн байдаг гэж сонссон болохоор дулаан хувцас бэлтгэж ирсэн. Өмд, цамц гурав давхарласан ч даарч байна шүү. Хөлдөөгчинд орсон мэт л санагдаж байна (инээв). Цас бол миний амьдралын хамгийн сонин содон зүйл байлаа. Өмнө нь Узбекистанд өвөл очиж байсан болохоор мэднэ, Монгол илүү хүйтэн юм. Хүмүүсийнх нь зочломтгой байдал надад халуун дулаан мэдрэмж төрүүлсэн.
-Жүдо бөхийн спортоор хэдэн оноос хичээллэж эхэлсэн бэ?
-1995 оноос. Намайг зургаан настайд ах маань энэ спортод хөтөлж оруулсан. Жүдогийн татамид хөл тавьснаас хойш 20 жил өнгөрсөн байна. Найзууд маань жүдогоор хичээллэдэг нь ч нөлөөлсөн байх аа.
-Багш тань хамт ирсэн үү?
-Тийм хамт ирсэн. Гэхдээ өмнө нь Л.Лувсандэмбэрэл гэж Монгол хүн миний багшаар 2010 оноос хойш жил гаруй ажилласан шүү. Би нэг зүйл хэлье. Намайг “Лондон-2012” олимпийн наадамд оролцох эрх хүртсэний дараа харамсалтай нь дасгалжуулах хүн үнэндээ олдоогүй. Олимпод оролцох тамирчин дасгалжуулагчгүй, өөрийгөө бэлдэхэд тун хэцүү юм билээ. Гурван цаг бэлтгэл хийх үе байхад заримдаа 30-хан минут хийх үе ч гарна. Энэ хэцүү үед Л.Лувсандэмбэрэл багш намайг дасгалжуулахаар Йеменд ирж байсан юм. Надад их түшиг тулгуур болсон доо. Харамсалтай нь эх оронд минь иргэний дайн болж Л.Лувсандэмбэрэл багш Монгол буцахаас өөр арагүй болсон. Би Монголын бөхчүүдийн барилдаанч чанар, хүч, техникийн арга барилаас нь ихийг ойлгож суралцахыг хичээсэн.
-Л.Лувсандэмбэрэл багшийнхаа тухай ярихгүй юу?
-Жүдогийн төгс мэдлэгтэй, надад сэтгэлээ зориулж ажилласан. Энэ их үймээнтэй газрыг зорьж ирнэ гэдэг тэр хүний спортод хандах хандлага ямар вэ гэдэг нь харагдаж байгаа биз.
-Йеменд болж буй зэвсэгт мөргөлдөөн, бослого спортын хөгжлөөс хэр чангаадаг вэ?
-Йеменд ганц жүдо гэлтгүй бусад спортын төрлүүд сүйрч маш хүнд байдалд орсон. Дотоодын мөргөлдөөн иргэний дайны хор уршгаар цөөн тооны тамирчин л үлдэж өөр улсад бэлтгэлээ хийж байгаа. Би Япон, Узбекистан, Монгол гээд өөр улсад бэлтгэл хийж явж байна. Энэ дайн намайг болон миний ард түмнийг үнэхээр туйлдуулж байна. Тэнд айдасгүй бэлтгэл хийх өдөр тун цөөн байдаг.
-Тэгэхэд танд спортоо орхих бодол төрж байсан уу?
-Йеменд улс төрийн үл ойлголцлоос болж иргэний дайны эхлэл тавигдсан. Би 2011 онд олимпийн наадамд оролцох эрх авчихаад Казахстанд олон улсын тэмцээнд оролцож байв. Тэндээсээ Монголд бэлтгэл хийхээр ирэх төлөвлөгөөтэй байсан гэтэл нутагт маань Засгийн газрын эсрэг хүчтэй тэмцэл өрнөж улмаар ирж чадалгүй шууд Йемен буцсан даа. Тухайн үед олимпийн бэлтгэлээ ид хийж байсан ч ард түмнийхээ тэмцэлд нэгдэхээс өөр арга байгаагүй. Нутагтаа очоод босогчдын хамт Йемен улсын тугийг бариад төв телевизийн байр руу дайрч орохдоо хэвлийдээ сумны хүнд шарх авсан. Тэгэхэд маш олон хүн буудуулж үхсэн. Төв эмнэлэгт шархатсан хүн олон, хөл тавих зайгүй байхыг хараад сэтгэл эмтэрсэн. Би эмнэлэгт хоёр удаа хагалгаанд орж, долоон сар гаруй эмчлүүлээд 2-3 сарын дараа олимпод зодоглосон доо.
-Спорт үнэхээр л эв нэгдлийн хамгийн том хүч юм даа. 2008 оны олимпийн өмнө Монголд бас үймээн болж таван эрдэнэт хүний амь хохирч байлаа. Удалгүй “Бээжин-2008” олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Н.Түвшинбаяр алтан медаль хүртэхэд монголчууд эвлэлдэн нэгдэж чадсан...
-Гайхалтай. Манайд хэрэв хэн нэгэн спортын талбарт ялалт байгуулж, өндөр амжилт гаргавал миний ард түмэн эвлэлдэн нэгдэж магадгүй л юм. Спорт бол эв нэгдлийн хамгийн том хүч юм билээ. Би буу барьж тэмцэхээс илүү спортоор дайны эсрэг дайтах нь зөв гэдгийг ойлгосон. Надаас дайны эсрэг хамгийн хүчтэй зэвсэг юу вэ гэж асуувал спорт гэж хэлнэ. Би энэ зэвсгээр барилдаж чадахаа больтлоо тулалдана.
-Хэрэв 2011 онд сумны шарх аваагүй байсан бол Лондонгийн олимпод илүү амжилт үзүүлэх байсан уу?
-Тэр талаар ёстой бодож байгаагүй юм байна. Л.Лувсандэмбэрэл багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг байхдаа 2010 оны Токиогийн ДАШТ-д шагналт байрт орсон. Тэр барилдаанд өөрийгөө хамгийн сайн барилдсан гэж боддог.
-Тэгэхэд та бүхний тэмцэл үр дүнд хүрсэн үү?
-Хүрсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч огцорч, засгийн эрхэнд очсон хүмүүс бидний талд зогсч ард иргэд маань нэгдэж тайван амгалан болох болов уу гэсэн бодол төрж байлаа. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч барууны оронд суурьшиж байгаа гэж дуулдсан ч Йеменд барууны нөлөөг ашиглах санаатай нь андашгүй болж манай оронд цэрэг, иргэний дайн дахин хүчтэй дэвэрч хүнд байдалд эргээд орсон. Шалтгаан нь манай орны газар нутагт маш их газрын баялаг их хэмжээний нефтийн нөөц олдсонд байгаа юм. Намайг бага байхад Йемен улс дайн байлдаангүй, амар тайван сайхан орон байлаа.
-Уучлаарай, сэдвээ бага зэрэг өөрчилье. Танд “Лондон-2012” олимпийн наадмаас “Рио-2016” хүрэх зам хэр санагддаг вэ?
-Бэлтгэл жигдэрч, өмнөхөөсөө илүү туршлагатай болсон гэж хэлье. Мөн манай баг хамт олон надад их тусладаг.
-Монголын жүдочдоос хэнтэй нь дотно нөхөрлөдөг вэ?
-Миний жингийн хүчтэй өрсөлдөгч Д.Амартүвшин. Энэ мундаг хүнээс их зүйл сурч, мэдсэн. Түүнтэй их дотно нөхөрлөж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.ЖАВХЛАН
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ