Ч.Сайханбилэг: Бид хамтрагчаа сөргөлдөгч болгож хувиргасан

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил хийгээд цаашид хийх зүйлсийнхээ талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Түүний мэдээллээс онцолж байна.
Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн газар нэг жилийн хугацаанд ажиллаж ирлээ.
Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан.
Дэлхий дахинд түүхий эдийн үнийн уналт, тэр дундаа манай голлох экспортын бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнийн эрс хямдрал үргэлжилсэн хэвээрээ л байна. Үүнээс шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж чадахгүй байсаар байна.
Тэр бүхнээс авдаг татвар багасч, тэр хэрээр татвараас бүрддэг төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ орохгүй байна.
Төсвийн бодлогоо шинэчилж чадлаа.
2015 оны төсвийн хоёр ч тодотгол, 2016 оны төсвийн хуулиа хэлэлцэн батлах явцад улсын нэгдсэн нэг төсөвтэй болох, төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн хэмнэлтийн бодлого баримтлах, орлого зарлагаа бодитой төлөвлөх, халамжийн бодлогоо хэрэгтэй хэсэгт нь буюу зорилтот бүлэгт онож чиглүүлэх зэрэгт томоохон ахиц дэвшил гаргаж чадлаа.
Ийм үндсэн зарчим, дэвшилттэй хандлагаа цаашид хадгалж чадвал улсын төсвөө ирэх онуудаас алдагдалгүй батлах боломжтой болно.
Томоохон төслүүдээ хөдөлгөж, бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүлэв.
Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө.
IV цахилгаан станцын хүчин чадал 123 мвт-аар нэмэгдэж, Амгалангийн 348 мвт дулааны станц айл өрхөд дулаанаа түгээж эхэллээ.
Жил бүр 70-100 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг эрчим хүчний салбар системийн зангилаа, бүрдэл хэсэг болгон дээрээ хэмнэлттэй ажилласнаар энэ онд анх удаа нэг ч төгрөгийн алдагдалгүй ажиллалаа.
Хөрөнгө санхүүжилтийн хүндрэлтэй байсан ч 12 чиглэлд 1061 км зам тавихаас 900 илүү км урттай шинэ замаа энэ жил тавьж чадлаа.
Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандууллаа.
Монголчуудын нэр хүнд, Монгол дахь бизнес орчныг байнга уруу татаж ирсэн 106 лицензтэй холбоотой он жилүүд дамнасан маргааныг эцэслэн шийдвэрлэж дууслаа.
Нэг орсон бол буцаад гарч болохгүй гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн “Нotel Mongolia” хэмээх нэр хоч, сөрөг буруу ойлголтыг засч залрууллаа.
Нутгийнх нь хишиг буянаас нутагт нь ахиу үлдээдэг шинэ хууль баталлаа.
Хөрөнгө оруулах сонирхолтой, хөрөнгө оруулалтын сан байгуулах гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож эхэллээ.
Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээнд хувийн компаниуд гарын үсгээ зурж эхэллээ.
Бизнес, баялаг бүтээгчиддээ хаяглаж хандсан бодлого, үйл ажиллагааг идэвхжүүллээ.
Эдийн засаг хүндрэлтэй үед зохион байгуулалттай, хавтгайруулж кампаничилсан бүх хяналт шалгалт явуулахыг зогсоолоо. Хяналт шалгалт хэтрэхээрээ хяхалт хавчилт болдог.
Он удаан жил хурсан татварын маргаанаа цэглэх боломжийг бүрэн дүүрэн ашиглаж шинэ оноо угтахыг Та бүхэндээ хандан дахин уриалж байна.
НӨАТ-ын 20%-иа буцаан авдаг шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.
Нэг жилд санхүүгийн тайлангаа нийтдээ 34 удаа гаргадаг байсан ААН-үүд одоо 4 удаа гаргадаг болсон.
Иргэд төрөөс үзүүлдэг 25 ажил үйлчилгээг одоо цахимаар оочер дараалалгүй авч байна.
Ирэх онд нэмж төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээний цахим хуудас болон ТҮЦ машинд нэгмөсөн шилжүүлнэ.
Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорациас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд 76-р байрнаас 56-р байр руу урагшилж, бүс нутагтаа анх удаа 5-р байрт эрэмбэлэгдлээ.
Монгол Улс олон улсын тавцанд амжилт арвинтай байна.
Япон улстай анхны чөлөөт худалдааны гэрээг амжилттай байгууллаа.
НҮБ-ын Хүний эрхийн комисст Монгол Улс хамгийн олон санал авч анх удаа сонгогдлоо.
АСЕМ-ийн дээд түвшний уулзалт Монголоо дэлхийд сурталчлах шинэ боломжийг нээж байна.
Мянганы Сорилтын Сангийн /цаашид МСС/ 2 дахь компакт гэрээнд хамрагдах цөөхөн орны тоонд Монгол Улс багтаж, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Бидэнд хийсэн ажил, шийдсэн асуудал, хүрсэн үр дүн багагүй байна. Бидэнд хийх ажил, шийдэх ажил ч их байна.
Бид нэлээд хичээл зүтгэл, их үнэ цэнээр төлбөрийн тэнцлээ ашигтай гаргаж, төлбөрийн урсгал тэнцлээ 27-гоос 6 хувь руу буулгаж, инфляцийг 14- өөс 3,4 хувь хүртэл бууруулж чадлаа.
Ирж байгаа 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, тодорхой үр дүнтэй ажлууд зохион байгуулахаар Засгийн газраас төлөвлөн бэлтгэлээ хангаж байна.
Удахгүй 12 дугаар сарын эхнээс түлш, шатахууны үнэ баруун 3 аймагт литр тутамд 230-260 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-150 төгрөгөөр буурна.
Танил тал, онцгой эрхийг халж, чөлөөт өрсөлдөөнд оруулж чадсанаар бид дэлхийн ханшаас 2-3 дахин нугалсан, дамын, шагийн ч гэмээр үнэтэй байсан онгоцны түлшний үнийг буулгаж чадлаа.
Цаашид хийх ажил
Тавантолгойгоос урагш болон зүүн тийш тавих төмөр замын бүтээн байгуулалтаа хавраас эхлүүлнэ.
Ирэх онд манай нутаг дэвсгэрээр 3 сая тонн нефть бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх гэрээг ОХУ-ын Роснефть компанитай байгуулж чадлаа.
Улаанбаатар хотод анхны хурдны зам Хөшигийн олон улсын нисэх буудлаас орж ирнэ. Замын хөгжлөө даган хот хоорондын зорчигчдыг тохь тухтай, унтаж амрах боломжтой шинэ 200 автобусаар хангах ажлыг зохион байгуулна.
“Монгол цэрэг-Бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг шинэ төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ.
Бөөрөлжүүт, Тавантолгойн Цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Эгийн голын Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөр их ажлыг ирэх барилгын улирлаар эхлүүлнэ.
Улаанбаатар-Мандалговийн 330квт-н цахилгаан дамжуулах шугам барих шийдвэрээ Засгийн газар гаргалаа. Ингэснээр Улаанбаатар хот Оюутолгойтой цахилгаанаар шууд холбогдоно.
Эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн давуу хамаарлаас гарах, нэг ёсондоо олон морьтой байх чиглэлийн ажлаа бид орхигдуулж болохгүй.
Манай Засгийн газар энэ жилээс анх удаа улаан буудайн үнийг улсаас зарладаг зах зээлийн бус аргаас татгалзсан.
Төсвийн хөрөнгө оруулалтаас гадна концессын зарчмаар 76 шинэ сургууль барина.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч халамжийн болон асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүллээ.
Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195 мянган төгрөгөөр тогтоолоо.
6400 өрх, 2 сургууль, 4 цэцэрлэг бүхий “Буянт-Ухаа-2” хорооллын эхний 1860 өрхийн орон сууцыг улсын комисс энэ өдрүүдэд хүлээн авч байна.
Залгуулаад 4000 өрх, сургууль, МСҮТ бүхий Яармаг хорооллын бүтээн байгуулалт эхэлнэ.
Гашуун сухайт, Шивээхүрэнгээс экспортлох Монголын нүүрс нэг үнэ, нэгдсэн нэг цонхны бодлогоор гарах ёстой.
Эрдэнэс Таван Толгой компаниас 1072 хувьцааг эзэмшигч иргэддээ илүү үр ашигтай хувилбарыг судлан сонгохоор Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж байна.
Засгийн газраас санал болгосны дагуу хоосон улс төр, хуурамч эх орончдод авталгүйгээр Гацууртын ордыг ил тодоор, хууль ёсоор, харилцан ашигтайгаар, төлөх татвартайгаар, нөхөн сэргээлттэйгээр ашиглах шийдвэрээ эцэслэн гаргана гэдэгт УИХ-ын гишүүдэд итгэж байна.
Үндсэн хууль маань өөрөө тогтвортой юм шиг ч, улс төр маань тогтвортой байж, Үндэсний хөгжлөө хангаж чадсангүй.
Ардчилсан Үндсэн хуулийн 23 жилийн хугацаанд нийтдээ 13 Засгийн газар ажилласнаас 2-хон л бүрэн эрхийн 4 жилийн хугацаагаа дуусгасан байх юм.
Арваннэгэн Засгийн газар ажилласан дундаж хугацаа 1,3 жил. Энэ 23 жилийнх нь талаас илүү хувь буюу 12 жил нь сонгуулийн жил байжээ.
Аливаа Засгийн газрын байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрмөгц Монголын онцлог улс төр эхэлдэг. Үүнийгээ бид улс төрийн тоглолтынхоо оргил үзэгдэл гэж үнэлдэг бөгөөд Засгаа унагаах, эсхүл аль нэг сайдыг огцруулах улиг болсон шантаажийн улс төр эцэс төгсгөлгүй үргэлжилдэг.
Зөвхөн энэ бүрэн эрхийн хугацаанд Засаг огцруулах санал 3 удаа, тухайн сайдыг огцруулах саналыг давхардсан тоогоор 12 сайд дээр гаргасныг УИХ-аар хэлэлцжээ.
Энэ бол бидний өнөөдрийн бодит дүр зураг. Монголын улс төрийн эмгэнэл.
Манай Засгийн газрын ч биш бүх Засгийн газрын эмзэг байдлын давтагдсан түүх. Унагах, нураах биш бүтээх дэмжих, өсгөх ажил хэрэгтэй байна.
Ийм бодит дүр зурагтай болохоор үе үеийн УИХ-ын нэр хүнд ч, үе үеийн Засгийн газрын нэр хүнд ч сонгогч иргэдийн дунд сайн байж ирж чадсангүй.
Ийм ч учраас энэ 23 жилийн хугацаанд сонгуульд ялсан нам дараалан 2 дахь удаагаа олонх болж ялж чадаагүй нь үүнийг шууд нотлон харуулна.
Бид төгс төгөлдрийн туйлыг хайсаар, түүндээ төөрч хий эргэсээр, 100 хувийн сэтгэл ханамж эрсээр, эргэж ирэхгүй алтан цаг, эгнэгт алдагдсан боломж, огт олж аваагүй ашиг, орлого, цалин болгон үрэгдүүлж асгасаар байна.
Улс төрд хийрхэл багатай, урагшлах ажилд амжилт ихтэй хамтдаа зүтгэцгээе.
Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ