Дүгнэлтийн агуулгад нийцүүлсэн байна гэж Цэц үзэв

img

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн  байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.

 

Дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэц их суудлаар өнөөдөр хуралдав.

 

Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөн баталснаараа хэт өргөн хүрээнд тавьсан шаардлагыг тодорхой болгож Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийн агуулгад нийцүүлсэн байна гэж  Үндсэн хуулийн цэц үзлээ.

 

Мөн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч, иргэн Ч.Өлзийсайхан нь Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан дээрх өөрчлөлт нь түүний өргөдлийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж үзсэнийг Үндсэн хуулийн цэц  хуралдаанаас гаргасан тогтоолдоо дурдаад, Монгол Улсын Их Хурлын холбогдох тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ