Константин Мурахтин: Анд нөхрийнхөө өшөөг авах болно

Сири улсад цохилт өгөөд буцах замдаа сүйрсэн Оросын “Су 24” байлдааны онгоцны нисгэгч Константин Мурахтин өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад хариулсан билээ. Тэрбээр онгоц сүйрэх үед шүхрийн тусламжтай амьд үлдсэн ч босогчдод барьцаалагдсан юм. Түүнийг аврахын тулд Сири, Оросын тусгайгийнхан 11 цаг зарцуулж, эсэн мэнд аварчээ.
-Таны жолоодож явсан “Су 24” онгоц Туркийн хилийг зөрчиж, зөвшөөрөлгүй нэвтэрсэн учир гал нээсэн хэмээн тус улсын удирдлагууд мэдээлсэн. Тэр өдрийн талаар сонирхуулаач?
-Тэр өдөр цаг агаар сайхан, тэнгэр цэлмэг байсан. Бид даалгавраа гүйцэтгээд бааз руугаа буцаж явж байсан. Осол болохын өмнө бид 6000 метрийн дээр нислэг үйлдэж байсан. Гэнэт л Туркийн сөнөөгч онгоц ард гарч ирсэн. Хэсэг хугацааны дараа гал нээж, бид шүхрээ дэлгэхээс өөр сонголтгүй болсон. Бидэнд Туркийн хилийг зөрчих боломж гараагүй. Бүх зүйл дэндүү хурдан болсон. Амьд үлдэхийн тулд онгоцоо орхихоос өөр сонголт байгаагүй.
-Хил зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байна гэж үү?
-Дахин хэлэхэд, бид Туркийн хил зөрчөөгүй. Тус улсын хилийг нэвтэрсэн гэх мэдээлэл үндэслэлгүй. Бид өдөрт хэдэн арван удаа энэ газраар нислэг үйлддэг. Тиймээс бид энэхүү нислэг үйлддэг бүс нутгаа гарын хуруу шигээ сайн мэддэг болсон. Бид Турк бус Сирийн газар нутгаар нислэг үйлдэж явсан. Энэ бол баталгаатай үнэн.
-Туркийн сөнөөгч онгоц таван удаа анхааруулга өгсөн гэсэн?
-Туркийн хил зөрчсөн гэх анхааруулга бидэнд ирээгүй. Хилийн зурвас аль, аль улсын газар нутгаар нислэг үйлдэж буйгаа би сайн мэдэж байна.
-Таны биеийн байдал хэр байна. Шүхрээр буусны дараа юу болов?
-Би арай хожуу шүхрээр буусан. Хамтрагчийнхаа амиа алдаж буйг харсан. Энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Амьд үлдэж, өшөөгөө авах боломжтой болсондоо баяртай байна. Би нутаг буцахгүйгээр хамтран зүтгэгчийнхээ өшөөг авах болно.
-Нисгэгч дэд хурандаа Олег Пешков болон аврах ажиллагаанд оролцож байсан усан цэрэг Александр Позынич нар амиа алдсан. Аврах ажиллагааны дараа та нарыг төрийн одонгоор шагнасан?
-Харамсалтайгаар амиа алдсан анд нөхрийнхөө өшөөг авах болно. Энэ бол миний эцсийн зорилго. Би дарга, хамтрагч, анд нөхрийнхөө өмнөөс албаа үргэлжлүүлэн хаах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ