Малайзын шүүх монгол эмэгтэйг буруугүй гэж үзжээ

Хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон цаазаар авахуулах ял сонсоод байсан Монгол Улсын иргэн Н.Золзаяагийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан өнгөрөгч 11 дүгээр 27-ны өдөр болж Малайзын холбооны шүүхээс түүний цаазаар явах ялыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.
Тэгвэл мөн улсад хар тамхины хэрэгт холбогдсон манай улсын иргэн Х гэгч эмэгтэйд холбогдох шүүх хурал өнгөрөгч 11 дүгээр сарын 30-ны өдөр болж шүүхээс түүнийг буруугүй гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд прокурор эсэргүүцэл бичихгүй бол манай улсын иргэн суллагдана гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Монгол Улсын иргэн Б.Х нь төрсөн эгч Б.Х-ынхаа хамтаар хар тамхины хэрэгт холбогдож байсан. Тэд БНХАУ-ын Гуанжоу, Хонконг, Малайз зэрэг улсад амьдарч, хууль бус үйлдэлдээ монгол охидыг ашиглаж, гэмт хэрэгтэн болгож байсан тухай мэдээлэгддэг.
Монгол Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон хүмүүстээ анхаарал хандуулан, тэдний эрх ашгийг хамгаалж, тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг. Иргэн Н.Золзаяагийн хууль эрх зүйн туслалцаа, өмгөөлөгч авах эрхийг хангаж, зардлыг Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөнөөс гаргаж өгсөн байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ