”10 дугаар ангийн хүүхдүүд ч нам байгуулахаар байна”

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Иргэний танхимд болсон. Энэ хэлэлцүүлэгт бусад улс төрийн намын төлөөлөл оролцсон юм.
Улс төрийн намын тухай хуулийн төсөлд одоогийн намуудыг татан буулгаж, шинээр дахин бүртгэнэ. Намуудыг Улсын дээд шүүх биш ИБМУТ, СЕХ хамтран бүртгэнэ. 16 нас хүрсэн Монгол Улсын иргэн намын гишүүнээр элсэж болох аж. 801 хүний гарын үсэг цуглуулснаар Улс төрийн нам бүртгүүлэх эрхээ авдаг. Харин шинэ хуулийн төслөөр 31 хүний гарын үсэг зурсан тохиолдолд улс төрийн хүчнийг бүртгэхээр тусгажээ. Улс төрийн намын тухай хуулийн төслийг бусад улс төрийн хүчнүүд эсэргүүцэж хэвлэлийн хурал хийж, байр сууриа илэрхийлэв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
-Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УДШ-д бүртгэлтэй 24 намын төлөөлөл бүрэн оролцож чадсангүй. Хэлэлцүүлгийн үеэр намын төлөөлөл 1 минутад байр сууриа илэрхийлнэ гэж заасан. Энэ нь намын төлөөллүүдийг байр сууриа илэрхийлэх боломж олгосонгүй. Хуулийн төслөөр өнөөдрийн улс төрийн намуудыг татан буулгаад шинээр СЕХ, ИБМУТ хамтран бүртгэнэ гэжээ. УДШ биш СЕХ намуудыг бүртгэж байгаа нь нэг намын хараат болгож байна. 801 хүний гарын үсэг зурснаар намыг бүртгэдэг. Үүнийг өөрчилж 31 хүний гарын үсэг цуглуулж нам бүртгүүлж болох юм байна. Түүнчлэн 16 нас хүрсэн хүн намын гишүүн байж болно гэсэн. Энэ нь 10 дугаар ангийн хүүхдүүд нийлээд нам байгуулж болох хэмжээний асуудалд хүргэж байна. 18 нас хүрсэн иргэн сонгуульд саналаа өгдөг. Тиймээс 16 нас гэдэг нь бусад хуулиудтай зөрчилдөж байгаа зүйл.
Намын гишүүн нь ёс суртахууны хариуцлага тооцуулсан бол, 3 удаа захиргааны шийтгэл хүртсэн бол тухайн улс төрийн хүчнийг татан буулгана гэжээ. Намыг татан буулгахын тулд гишүүдийнх нь ёс суртахуунтай харьцуулж болохгүй. Мөн улс төрийн намын өмчийг цэгцэлнэ гэжээ. Аль ч улс оронд нам өмчтэй байдаг. Өмчгүй тохиолдолд хэн нэг хүний байрыг түрээсэлж, мөнгөтэй хүний хараат болох магадлалтай гэсэн юм. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж:
-Ерөнхийлөгчийн өргөн барих Улс төрийн намын тухай хуулий төслөөс их зүйлийг хүлээж байлаа. Гэтэл хүний эрх эрх чөлөө, ёс зүйтэй холбоотой олон заалт зөрчжээ. Улс төрийн намын асуудал бүрийг хуульчлах гэж зорьсон байна. Улс төрийн тоталитари дэглэм рүү явж байна. Улс төрийн намыг татан буулгахын тулд бүхий л аргыг хуулиар хэрэглэхийг зорьжээ. Энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэх боломжгүй гэлээ.
Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг Монгол-Хөдөлмөрийн нам, МНН-ын удирдлагууд энэ хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхгүй байхыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ