СЗХ: Ч.Ганхуягийн санаачилгыг хууль зөрчсөн гэв

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр цөөнгүй хүний "цөсийг хөөргөсөн". "Хас"-ын Ч.Ганхуяг цахим хуудсаар хөрөнгө босгох санал гаргаж, багагүй хүн нэг сая төгрөг шилжүүлсэн ч дуудлага худалдааны хугацаанд багтаж, материалаа өгч амжаагүй. Энэ нь монгол залуус нэгдэж чаддагийг харуулж, туршлага болсон гэдгийг санаачлагч хэлж байв. Харин энэ үйлдэл нь хууль бус гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулжээ. Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны анхааруулгад:
"Иргэн бүр хуримтлалаа нэгтгэж, тодорхой том төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой сангийн эх үүсвэрийг бий болгох, энэ чиглэлээр боломж байгаа талаар мэдээлэл өгч, иргэдэд таниулан ойлгуулах санаачилга гарч байгаа нь манай иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд танин мэдэхүйн ач холбогдолтой арга хэмжээ хэдий ч, энэ сурталчилгааны хүрээнд бодитойгоор иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тусгай дансанд байршуулж байгаа, тодорхой активт байршуулж, захиран зарцуулна гэж олон нийтэд зарлаж байгаа нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болох юм.
Хөрөнгө оруулалтын санд нэгж эрх эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хүрээнд хийх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэх ажил үйлчилгээнд хамаардаг.
Олон нийтээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх буюу crowdfunding хийх үйл ажиллагаа нь бусад улс орны хувьд тодорхой зохицуулалттай, эрх бүхий итгэмжлэлийн үндсэн дээр хийгддэг санхүүгийн ажил үйлчилгээ юм. Манай орны хувьд энэ төрлийн үйлчилгээ нь эрх зүйн хувьд хараахан зохицуулагдаагүй байгаа болно.
Иймд олон нийтийн сүлжээгээр санаачилга өрнүүлэн нийтэд санал гаргаж байгаа нэр бүхий иргэд, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл аваагүй, хөрөнгө итгэн удирдуулах эрх бүхий этгээд биш тул иргэд санаачилгыг нь дэмжиж болох хэдий ч мөнгөн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ