ХААИС-ийн удирдлагууд оюутнуудынхаа урамшууллыг “халаасалсан уу”

Энэ үеийн оюутнууд шиг жаргаж байгаа хүмүүс алга. Сар бүр 70 мянган төгрөгийн цалин авчихна. Жаахан тооцоотой оюутан бол энэ мөнгөөр сарынхаа амьдралыг ч болгочихож магадгүй. Хэрвээ онц сурвал урамшууллын тэтгэлэг болгож, 50 хувь болон 75 хувиар нэмж тэтгэлэг авах боломжтой болсон. Хичээлдээ шамдаж, сайн суралцаж байгаа оюутнууд сардаа 100 гаруй мянган төгрөг халааслаад л сууж байх боломжтой гэсэн үг. Хичээж, зүтгэж, сайн суралцаж байгаа оюутнуудыг дэмжиж буй энэ бодлого нүдээ олсон гэж хэлэхэд буруудах юун.
Гэтэл зарим сургуулийн удирдлагууд онц сурсан оюутнуудын урамшууллын тэтгэлгийг өгөхгүй, тэр хавиараа зохицуулчихдаг бололтой юм. Захирал халаасандаа авч хийчихээд, үнэтэй ресторанд хоол идээд сууж байж ч болох. Тухайлбал, ХААИС-ийн удирдлагууд оюутнуудын урамшууллын мөнгийг өгөхгүй байгаа тухай мэдээлэл байна. Гэхдээ нийт оюутнуудынх биш л дээ. Магистрын ангид суралцаж байгаа оюутнуудын онц сурсны нэмэгдлийг өгөхгүй байгаа аж. Оюутнуудын 70 мянга хоёрдугаар сард нэг, зургадугаар сард дахин нэг орсон. Үндсэндээ бөөгнүүлж байгаад нэг хийдэг гэсэн үг. Одоо энэ сард бас орох ёстой ажээ. Гэтэл өмнөх хоёр удаа 70 мянган төгрөг ороход урамшууллын мөнгийг нь огт өгөөгүй байна.
Тэгэхдээ өмнөх жилийн сурлагын голчийг нь устсан гэсэн утгатай тайлбар хийсэн юм байх аа. Ямар ч байсан 4.0 голчтой нэг оюутны дүнг нь устсан гэж хэлээ, өөрсдөө 3.2-оос доош гэж тооцож, урамшууллыг нь шууд автоматоор хассан байна. Нэг иймэрхүү аргаар магистрын ангид суралцаж байгаа оюутнуудын урамшууллын мөнгийг нааш цааш нь болгож байгаа сурагтай. Уг нь 3.2-оос дээш дүнгийн голчтой оюутан 50 хувь, 3.6-аас дээш голчтой бол 75 хувийн нэмэгдэл авах ёстой. Дүрэм журам нь аль хэдийнэ гарсан. Гэвч энэ дүрэм, журам зарим нэг газар хог болж байна шүү дээ.
Ердөө л оюутанд “Чиний өнгөрсөн жилийн голч чинь устсан байна лээ” гэж хэлээд л гүйцээ. Сургуулийн захиргаа тэгж байхад яах юм. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод л дуусна. Уг нь оюутанд олгодог 70 мянган төгрөгийг үнэхээр онц сурч байгаад нь л өгөх хэрэгтэй гэж үзэх хүн олон байгаа. Хасах саналтай хүн бүр ч их. Гэтэл онц сурлагатай оюутнуудаа дэмжээд, урамшууллын бодлого гаргаад ирэхээр сургууль нь энэ мэтээр хавчаад байвал хэрэг юу байна. Энэ мэт жишээ ганц сургуульд ч гараад байгаа юм биш. 70 мянган төгрөгөө өгөөгүй, урамшууллыг нь олгоогүй гэх хэл ам байсгээд гарч байгаа. Тийм болохоор холбогдох байгууллагууд нь нэг шалгачихад гэмгүй байх.
Оюутуудын яриад байгаа үнэхээр үнэн байна уу. Голч дүн нь яагаад устав. Санаатай юу, үгүй юу гээд л шалгах асуудал их л байна даа.
Н.Пунцагболд
эх сурвалж: mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ