Гэвш лам Дэнгэла: Хүмүүс мөнгө, бэлэг сэлт өгснөө буян гэж боддог нь буруу

img

Төвдийн их гэгээнтэн Дандар Лхарамба Ринбүүчийн гарын шавь, гэвш лам Дэнгэлатай хөөрөлдсөнөө хүргэе.



-Та монголоор их сайн ярих юм аа. Энд ирээд удаж байна уу?

-Би Монголд ирээд дөрвөн жил сууж байна. Өмнө нь багштайгаа 1993, 1995 онд ирж байсан. Монгол хэлийг сургууль ном хийж сураагүй. Хүмүүстэй харилцаж байгаад л ойлгодог болчихсон. Анх удаа зарим мэдэхгүй зүйлээ хүнээс асуух гэхээр санаа зовоод хүүхдэд чихэр өгөөд л энэ юу юм гээд асуухаар өнөөх хүүхэд наадах чинь аяга, ширээ гээд хэлээд өгөх жишээтэй. Ингэсээр байгаад сурчихсан. Хүнд ямар нэг зүйлийг өгөхөд түүний баярласан царай гэрэлтээд л ямар нэг үг хэлдэг байсан. Тэгэхээр нь энэ хүн баярлалаа гэж хэлж байна гэж бодоод цээжилдэг байсан. Хүний үйл хөдлөл, сэтгэл хөдлөл, хоорондын харилцаанаас л монгол хэлийг сурсан даа.



-Та анх Монгол Улсад 1993 онд ирсэн гэлээ. Тухайн үеийн Монгол Улс өнөөдрийн Монгол Улсын талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?



-1993 онд анх Улаанбаатарын нисэх онгоцны буудалд буугаад л тухайн үеийн монгол хүний зочломтгой, хүнлэг найрсаг зан чанар нь сэтгэлд маш сайхан санагдаж, Буддын шашнаа дээдэлсэн, сүсэг бишрэлтэй ард түмэнтэй улс болох нь мэдрэгдэж байсан.   Ардчилал хөгжөөд шашин шүтэх ёс нь нээлттэй болсон 1993 онд сүм дуган сэргээн засварлах, лам хуварга нарт сахил хүртээх ажлаар бид Монгол оронд ирж байсан нь саяхан юм шиг санагддаг шүү. Тухайн үеийг одоо үетэй харьцуулбал нийслэлийн хөгжил дэвшил сайн болсон ч хүний сэтгэлийн жудаг, хүн чанар жаахан муудсан юм уу даа. Үүнд би их харамсдаг. Хүн хүнээ хүндлэх, ахмад үеэ хайрлах ёс бараг үгүй болж байна уу даа. Сэтгэлээсээ ажиллах хүч нь муудаж, хууран мэхлэх арга замаар амьдрах арга нь ихэссэн байна. Хүн чанар л гээгдээд байх шиг санагддаг шүү.


-Та хэдэн настайгаасаа шашны ном сурч эхэлсэн бэ, нийт хэдэн жил бурхны ном судалж, бусдад буян үйлдэж байгаа вэ?


-Би таван настайгаасаа шашны ном үзэж, найман настай хийдэд шавилан одоог хүртэл бурхны номоо судалж сурсаар байна. Бурхны сургааль, багш нарынхаа заасан эрдэм, сурсан мэдсэн сургааль номоо бусдад айлдаж буяны их замналаа өчүүхэн хуварга би үргэлжлүүлэн дэлгэрүүлсээр явна даа. Буяны үйлд хэмжээ хязгаар гэж үгүй юм даа.


-Та гэвш цолныхоо утга, учрыг хэлж болох уу?


-Гэвш цолонд амархан хүрээгүй. 15-аас 20 жил тасралтгүй Чойрын номыг үзэж судалж маш их хичээж зүтгэсэний хүчинд энэ цолонд хүрнэ. Би 1998 онд онд гэвш цолоо хамгаалсан. Номын их багш маань ч 1998 онд таалал төгсч, миний цол хамгаалах үе давхардсан. Энэ үед надад маш хүнд байсан. Сэтгэлийн хат тэвчээр шаардсан он байсан. Гэвч би эцсийн амьсгал хураатлаа эрхинийхээ бөөрийг эргүүлэн энэ л биеэрээ шашинтай эгэлгүй сэтгэлээр холбогдож чадсан  Багшийгаа оройдоо залж, багшийнхаа хойтын буяныг үйлдэж 49 хоногийг нь хурааж дуусаад гэвш цолоо амжилттай хамгаалж чадсан нь багшийнхаа ачийг бага болов ч гэсэн хариулсан гэж боддог.



-Монголд ирээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Өөрийн нутаг, гэр бүлийнхнийгээ санах үе мэдээж гардаг байх?


-Өөрийн төрсөн нутаг, эцэг эх, гэр бүлээ санах үе мэдээж байлгүй яах вэ. Би бурхан шашны үйлийг эрхэмлэгч хуварга хүн болохоор өөрийн багш, шавь нараа илүү их санадаг. Бурхан багшийн мэндэлсэн газар очно гэдэг маш ховор завшаан гэлцдэг. 2010 оноос хойш шавь нарынхаа хамт Бурхан багшийн мэндэлсэн Балба улсад очиж буян үйлдэж, бурханд мөргөдөг уламжлалтай болсон. Жилийн 12 сарын турш орон орны хүмүүс бурхны орныг зорьж очдог. Сүсэгтэн олон маань хамгийн гол нь бодлоо цэгцэлж, сайн сайхан зүйлийг чин сэтгэлээсээ бодож, зөв бодол тээж явах нь чухал. Хэрвээ муу муухай юм бодож, сэтгэлээ жолоодож чадахгүй бол бурхны орныг зорих хэрэггүй. Учир нь түүнээсээ муу зүйл тохиолдох аюултай. Тийм зүйл тохиолдож байсан хүнийг би өөрийн нүдээр харж байсан. Буян даахгүй хүн гэж байдаг юм. Сүсэгтэн олон маань залбирч мөргөхдөө гагцхүү өөрийгөө гэх бус нийт ард түмний сайн сайхны төлөө залбирах хэрэгтэй. Монголын ард түмэн минь гэж залбирах хэрэгтэй, тухайн хүн өөрөө Монголын ард түмний нэг шүү дээ. Буян үйлдэхийг хүмүүс мөнгө болон бэлэг сэлт өгөх мэтээр төсөөлж, үүнийгээ буян үйлдлээ хэмээн боддог. Мөн хүмүүс хоол идэх, амарч зугаалах, унтах, дэмий ярихад цаг гаргаж чаддаг. Харин буян үйлдэхэд цаг гаргаж чаддаггүй. Сайхан сайхан зүйлийг чин сэтгэлээсээ бодож, бусдын өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж чаддаг байх нь маш том буян.



-Та маш олон монгол шавьтай. Шавь нарынх нь тоо одоо хэд хүрч байгаа бол?

-Би одоог хүртэл өөрийн шавь нараа тоолж үзээгүй юм байна шүү. Ар, Өвөрмонгол, Төвд, Энэтхэг гээд орон оронд миний шавь бий. Гагцхүү хол ойр хаана ч бай багш шавийн холбоо тасрахгүй бол болно. Тоолбол мянгаар тоологдох байх даа. Мөн танд шавь орвол болох уу гэсэн сүсэгтэн олон их ирдэг. Хариуд нь би “намайг сайн судлаарай” гэж хэлдэг юм.


-Багш шавийн барилдлага нь маш нарийн ёс жаягтай гэж сонссон. Тухайн хүн шавилан орсон бол ямар ёс заншлыг эрхэмлэх вэ?


-Замбуулин хорвоод хамгийн нандин зүйл бол багш шавийн барилдлага байдаг. Тиймээс багш болох хүнээ сайтар судалж үзэх хэрэгтэй. Багш шавь болох ёсыг зарим хүмүүс сайтар ойлгодоггүй зүгээр л хадаг, зул бариад өнгөрөх төдийд боддог. Угтаа бол барьж буй шар хадаг нь багш шавийн гүн холбоог бататгаж, зул нь гэрэл гэгээтэй ариун байх сэтгэлийг илтгэж байгаа юм. Гэтэл “намайг сайн судлаарай” гэж хэлэхэд гайхах хүн зөндөө. Учир нь бид хуульд захирагдаж амьдардагийн  адил багш болох хүн нь төгс, худал хуурмаг байх ёсгүй. Шашны ёс ариун байх ёстой. Шавь болох хүн ямар байх ёстой вэ гэсэн асуултад хариулахдаа жишээ болгон амьд бурхан болсон эхийгээ энэ хорвоогоос алдаад сэтгэлээр унан нулимсаа барьж ядан надтай учирсан шавийнхаа сэтгэлийн холбоосыг сийрүүлж айлдая. Үүнээс шавь болсон хүн ямар байх ёстойг ойлгох болов уу.


“...Хүмүүний энэ орчлонд эхийн хэвлийгээс төрөхдөө ээжийгээ би уйлуулж төрсөн Ээжийгээ энэ хорвоогоос холдоход уйлан байж амьдралд би сөхөрсөн
Эрхиний бөөр шиг эргэх эрээн бараан амьдралд
Эхийн сэтгэлийг орлох эрдэм их, эгэл даруу
Эрхэм номын их багшид золгосноор
Энэ орчлонд дахин би төрсөн
Энгүй энэ орчлонд дахин төрснөөр
Буяныг бадруулагч багш тандаа шавь болж
Буяны их замналаа улам ихээр өргөжүүлсэн
Энэ л биед буян их дутдагийг
Эрдэмт багшийн сургаалиас эрхгүй ихийг мэдэрч
Буяны хотол чуулган бүгдийг үүсгээд буянтай бүхнийг холбож өгсөн
Бурхан сэтгэлт багш тандаа бадамлан асах зулаа өргөсөөр
Багш таныгаа хурайлан залъя. Багшдаа өргөсөн зул минь бөхсөн ч
Багшаа дээдлэх сэтгэлийн зул минь хэзээ ч бөхөхгүй...” гэсэн байдаг юм.


-Сүүлийн жилүүдэд Монголд бөөгийн шашин нэлээд дэлгэрч, бараг л айл болгон бөөтэй болсон гэхэд хилсдэхгүй байх. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?



-Бөөгийн шашин бол монголчуудын эрт дээр үеэсээ шүтэж ирсэн шүтээн юм. Ямар ч шашны эцсийн уулзвар буян гэсэн зам юм. Би бөөгийн шашныг үгүйсгэхгүй. Сүүлийн жилүүдэд бөө, удган маш ихээр төрөн гарч байна. Би юуны төлөө онгод сахиустай болж байна гэдгээ ч сайн ойлгохгүй хэт их туйлширч, зан үйлээ үл хүндэтгэсэн зүйл олшрох болсон. Энэ бол маш буруу. Ер нь ганц бөө ч биш номтой, номгүй нь мэдэгдэхгүй лам орхимж өмссөн лам хуварга ч ихэсч байна уу даа. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд сайн сайхны оргилд хүрэх замыг нээж өгөх нь хуварга хүний үүрэг байх ёстой гэдгийг л сайтар ойлгох хэрэгтэй юм.



-Та олон газар очиж буян үйлддэг. Монголд ирээд очоогүй аймаг үлдсэн үү?



-Буддын шашин нь сэтгэлдээ зөв ариун дадлыг бий болгодог хамгийн энэрэнгүй бие, хэл, сэтгэл гурвыг амирлуулан амар амгаланд хөтөлдөг. Буяны сэтгэлд хол, ойр гэсэн зааг байхгүй. Монгол орны олон аймагт очиж буянаа түгээсэн. Баруун аймгуудаар явж амжаагүй байгаа. Номын их багшийн маань буяны ерөөл Монгол Улсад байдаг бололтой шүү. Багш маань Монгол орныг шашин номын их ерөөл шингэсэн орон гэж дандаа ярьдаг байсан юм. Би хүн малын хөл хүрэх, хүрээгүй газраар буян номын үйлээ түгээхийг хүсдэг. Гэвч би ганцаараа дийлэхгүй шүү дээ. Иймд сүсэгтэн олон шавь нар минь эгэлгүй сэтгэлээр буяныг даган баясч, бие сэтгэлээрээ байнга тусалж дэмжиж байдаг. Шавь нарынхаа хамтаар хүүхдийн болон эмэгтэйчүүдийн хорих ангиудад очиж сургааль номоо айлдахаас гадна шавь нарынхаа сэтгэлийн өглөгийг түгээж нэг өдрийн өмнө ч гэсэн сайхан, эрх чөлөөтэй амьдралд хүрэх ерөөл тавьдаг.



Мөн жил бүр өөрийнхөө хорвоод мэндэлсэн өдрөөр Төв аймгийн Батсүмбэр дахь ахмадуудын асрах газар очиж, насны ном ерөөл айлдаж, сүсэгтэн олон, шавь нарынхаа сэтгэлийн өглөгийг түгээж нэг өдрийг өнгөрөөдөг уламжлалтай. Энэ өдрийг ч гэсэн тэд маань тэсэн ядан хүлээдэг гэсэн. Мөн жил бүр тохиох их дүйчэн өдрүүдээр хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын төвшин доогуур айл өрхөд буяны үйлийг түгээх ажлыг уламжлал болгон хийсээр ирлээ. Энэ жилийн хувьд Булган аймгийн Могод сум, Ноён хутагт Данзан Равжаагийн мэндэлсэн газар Дорноговь аймгийн Хөвсгөл сум болон Сайн шанд хотуудад буян номын үйлийг хурлаа.


-Хүн энэ хорвоод мэндлэхэд амьдралын зураг нь зурагдчихсан,  тэрхүү зураг төөргөөрөө амьдардаг гэж гэж ярьдаг. Энэ талаар..?



-Энэ замбуулинд хүний төрлийг олж төрнө гэдэг дээдийн заяа юм. Хүнд өөрийн амьдралын зурлага гэж байна. Хүн ер нь бурхны зурсан заяа төөргөөр  л явж байна гэдэг. Сайтар бодох хэрэгтэй. Аав ээж нь төрж буй үр хүүхдээ хэзээ ч муу заяанд төрөөсэй гэж хүсэхгүй шүү дээ. Үүний тулд эхийн хэвлийд үрээ бий болохоос өмнө сэтгэлээ ариун байлгаж, зөв дадлыг бий болгох нь хамгийн чухал. Амьдралын зурлагаа маш зөв замаар жолоодох нь тэр хүний гарт л бий. Хүн ямар үр тарина  түүнийгээ л хурааж авна шүү дээ.



-Таны сэтгэлийг юу их эмзэглүүлдэг вэ?


-Бурхны сургаалийг ойлгож мэдсэнээр өчүүхэн төдий ч буяны сэтгэлийг биедээ шингээж, хорт муу санаа сэтгэлээсээ зайлсхийж, бие сэтгэлээ ариун байлгах нь чухал. Одоо цагийн хүмүүс өчүүхэн төдий нэр алдар, магтаалын төлөө зүтгэж байна. Энэ нь зүгээр л нэг асаад унтардаг лааны гэрэл адил. Хүний амьдрал бодлынхоо дагуу хөдөлж байдаг. Бурхан багшийн сургааль, айлдварт амаараа сайхан үг ярьж ажил хэрэг дээрээ биелүүлдэггүй хүн бол үнэргүй цэцэгтэй адил хэмээн зүйрлэсэн байдаг. Мөн бие, хэл, сэтгэлийн үйлээр үйлдэх нүгэл нь энэ нас хийгээд дараа насанд ч үл арилах үйлийн үр болно. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, бурхан сахиус багш нарын өмнө ариун сүсэгтэн аугаа адил залбирлыг үйлдээд буруу харж үгээр илэрхийлэх бузрыг бусдад түгээж худал хуурмагийн үзэл шингэсэн өнгө мөнгөөр бусдыг ноёлсон явцуу бодолтонгууд өчүүхэн төдий гэмээ ухаарч бурхны ариун сургаалийг бишрэн явахыг сүсэгтэн олондоо хүсч байна. Нүцгэн ирээд нүцгэн буцах нь хүмүүний жам юм.


-Та өнөөдрийг хүртэл гэр бүлгүй байна. Ер нь огт гэрлэх бодолгүй байдаг уу. Монгол лам нарын ихэнх нь гэр бүлтэй байдаг болохоор ингэж асуусан хэрэг л дээ?


 

-Тийм ээ, би гэр бүлгүй. Учир нь би сахил хүртсэн хуварга хүн. Монгол оронд маань эрдэм мэдлэгтэй, бурхны сургаалийг номлогч хуварга олон байдаг. Гэр бүлийн талаар сахилын асуудал байдаг болохоор тэр замаараа л явж байгаа болов уу. Гэхдээ лам орхимж өмсөөд бурхны сургааль номлолыг дагагч нь ариун үзэлтэн тул тэдний үйлийг даган баясах нь чухал байдаг.


-Тун удахгүй буюу энэ ням гарагт Зулын 25” буюу Шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын их дүйчэн өдөр тохиох гэж байна. Сүсэгтэн олонд хандаж та юу хэлж, захимаар байна?


-Сүсэгтэн олондоо би үргэлж талархан, тэднийхээ зам мөрийг ариун байлгах нь бурхны сургаалийг дагагч  хуварга миний ариун үйл юм. Газар газраас янз бүрийн үзэл бодолтой намайг зориод ирсэн сүсэгтнүүдээ би жимсний модтой зүйрлэдэг. Учир нь амтат жимсийг хурааж авахын тулд түүнийгээ сайтар арчлан хамгаалах хэрэгтэй биз дээ. Яг үүний нэгэн адил хуран цугласан сүсэгтнүүд минь буяны сэтгэлийг биедээ шингээж, нэгнийгээ хайрлах энэрэх үйлийг үргэлж төрүүлж байгаасай. Нэгнийхээ сэтгэлийг ойлгож, нэг ч гэсэн ариун үйлийг биедээ бий болгосноор харанхуйг гэрэлтүүлж байгаа гэсэн үг юм шүү. Бусдын хийсэн буяныг даган баясч өчүүхэн төдий ч муу үйлийг тэвчиж чадвал сайны үр нь нэмэгдэж чадна гэж захимаар байна. Мөн энэ сарын шинийн 25-нд “Зулын хорин таван” буюу Богд Зонхова их дүйчэн өдөр тохиох тул сүсэгтэн олон тухайн өдөр маань мэгзэм сайн уншиж, муу үйлийг тэвчиж өчүүхэн төдий буяныг бусаддаа түгээгээрэй гэж аминчлан захимаар байна. Дахин хэлэхэд сэтгэлээ л ариун байлгаарай гэж дахин дахин хүсмээр байна. Хүний сэтгэл ариун бус бол ямар нэг үйл нь бусармаг болж, зовлонгоос ангижирч чадахгүй шүү. Сэтгэлээ ариун байлгах нь маш чухал гэдгийг л сайтар тунгаан бодоорой.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Э.Туул
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баярмаа:
Жинхэнэ гэгээнтэн, багш лам юм шүү. Аль ч орны лам багшид хүндэтгэлтэй хандаж байгаач монголчууд аа. Таны ирээдүйд болох амьдралыг чинь хүртэл мэднэ.
2017-04-27
зочин:
хамгийн гол нь хүн муу үйл хийхгүй үүнд бие хэл сэтгэл гурваар үйлдэх байх явдал гэж бодох юм, ингэж чадвал хүн өөрөө бурхан болох байх, түүнээс бурхан гэж гарт баригдах үгүй, нүдэнд үзэгдэх үгүй ...
2015-12-05
unshigch:
gazar gazriin shulaach nar naad munharsan uhruudee shul. zov. ooriin geh soiol irgenshilgui hunii iumaar gaihuulagch maluudiig ulam munhruulj shul. gadaad setertei buh iumand nugasgui durtai maluud daa.
2015-12-05
xm:
za yarshigaa gadniixan maniig surgaxad yasnii durgvi mongolchuud mini uuruuruu l amidarax amttai
2015-12-05
Зочин:
Монголын лам нар хоорондоо эв муутай шалтгаан нь Дэнгала мэтийн төвдийн цагаачид хов зөөж талцуулдаг юм шүү дээ Манайхаан Төвдүүдээс хол бай Ухаалаг ард түмэн алдаагаа дахин давтахийг хүсдэггүй юм
2015-12-05
turuu:
mongol lamaar hugzhdug bol udiid aziin bar bolchihson bga.odoo lam duuchin 2 tsadig aa aldlaa
2015-12-05
Зочин:
Энэ гэвштэй танильцах юмсан хаана амьдардаг юм бол хаяг, утсыг нь үлдээн өгвөл тун баярлана шүү. Хэрэв үнэнхүү шуналгүй хүн бол энэ ламд шавь орж улстөрчдөд сүнс гэж байдаг юм хүн дахин төрдөг юм гэдгийг туршилтаар батлан харуулж авилгал, эд хөрөнгөнд хэт шунах үзлийг устгах гэсэн гол зорилготой юм шүү.
2015-12-05
zochin:
tegbel gar khooson ochij murguj dee ene lamd...
2015-12-05
zochin:
hudlaa huts l daa muu teneg lam. Uhej daldarmar.
2015-12-04
Зочин:
mongo togrog avdguun bol sn lam bn daa
2015-12-04
zochin:
tegbel gar khooson ochij murguj dee ene lamd...
Солонгосоос мэндчилж байна!:
Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье! Буяны үйлс тань дэлгэрч яваг ээ!
2015-12-04
Зочин:
ENE JILIIN TSAGAAN SARAS EHLEEED BELEG OGHOOO BOLITSGOOYOO HEDEN HOGSHCHUULEE BODOTSGOOY L DOOOOOO
2015-12-04
lobor:
Ганган гэвш байна даа.
2015-12-04
Баярмаа:
Жинхэнэ гэгээнтэн, багш лам юм шүү. Аль ч орны лам багшид хүндэтгэлтэй хандаж байгаач монголчууд аа. Таны ирээдүйд болох амьдралыг чинь хүртэл мэднэ.