Г.Алтанхүүг суллаж, хохирлын 22 саяыг гаргуулахаар шийдвэрлэлээ

Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Гонгоржавын Алтанхүүг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, тарчлаасан, бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 3 жилийн хорих ял, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 2 жил, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар дээрх оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 22.327.972 төгрөгийг шүүгдэгч Г.Алтанхүүгээс гаргуулж хохирогч Д.Дуламсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сүрэнхорлоо нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ