Туркийн удирдагчид самуурсан бололтой

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Холбооны хуралд оролцож, илтгэл тавих үеэрээ “Аллах бурхан Туркийн удирдлагуудын оюун ухааныг самууруулсан бололтой” хэмээн мэдэгджээ. Путиний илтгэлийг сонсохоор сүйрсэн “Су 24” онгоцны нисгэгч, дэд хурандаа Олег Пешковын гэргий хүрэлцэн ирсэн байна. Ерөнхийлөгч харамсалтайгаар амиа алдсан баатрынхаа ардаас гашуудаж, нэг минут дуугаа хурааж, хүндэтгэл үзүүлжээ.
Хүндэтгэлийн дараа тэрбээр “Туркийн удирдлагуудад “Су 24” онгоцны ослын талаар байнга сануулж байх болно. Тэд тун удахгүй буруу зүйл хийснээ мэдэж, харамсах болно. Бид бууж өгөхгүй. Би Сирийн ард түмнийг хамгаалахын тулд цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Би амласнаа биелүүлэхийн тулд бүхий л бололцоогоо ашиглах болно. Бидний цэргийн ажиллагааг буруутгах, шүүмжлэх эрх хэнд байхгүй. Учир нь бид Сирийн ирээдүйг хамгаалахын тулд зэвсэг барьж байна. Мөн Сирийн цэргийн ажиллагаанаас гадна Орос Ойрхи Дорнодод энх тайванг авчрахаар зорьж байна. Террористууд Сириэс гадна Ливи, Ирак, Афганистан зэрэг улсыг заналхийлж байна. Энгийн иргэдийг хамгаалах нь бидний үүрэг” гэсэн байна.
Ерөнхийлөгч 1.40 цаг илтгэл тавьсан бөгөөд терроризм, авлига болон сонгуулийн будилаан, татварын өршөөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал зэрэг сэдвээр ярьжээ.
Илтгэлийн өмнөхөн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Белград хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ Оросын нисгэгчийн үхэлд харамсч буйгаа илэрхийлж, эмгэнэл илэрхийлсэн байна. “Су 24” онгоцны сүйрлийн дараа хоёр улсын удирдлагууд анх удаагаа уулзаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ