Солонгосын банкинд хадгаламж байршуулаагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, сөрөг хүчний асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Хуулийн төслийг УИХ ялгавартай хэлэлцэж байна. Тэтгэврийн зээлийг бууруулах асуудалд Засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?
-Ирэх сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийгмийн даатгалын өөрчлөлтийн асуудал багтана. Энэ парламент хууль эрхзүйн суурийг нь бэхжүүлж өгсөн. Тэтгэврийн зээлийн хүү бууруулахыг нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй барьцуулж болохгүй. Энэ сангийн менежментийг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь өөр. Энэ сан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуримтлал болохгүй. Тэтгэврийн зээлийн хүүгээ бууруулах цаад зорилго нь юу байх вэ? Тэтгэвэрийн зээлийн хүү хичнээн бага тогтоогдож байсан ч тэтгэвэр өөрөө банкны зээлд идэгдэж байх ёсгүй. Тэтгэврийн зээл авахыг бууруулах ёстой. Сумыг нь зөв зүг рүүгээ харуулах хэрэгтэй. Нийгмийн даатгалын сан дээр гарч байгаа асуудал сүүлийн 20 жилд хуримтлагдсан зүйл.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Тэтгэвэр ахмадуудын амьдралд хүрэлцэхгүй байна. Нөхцөл байдал хүнд байгаа. Гэтэл нийгмийн даатгалын орлого, зарцуулалттай холбоотой муу мэдээ их явж байна. Нийгмийн даатгалын сангийн ажилтнууд нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг. Арилжааны банкуудтай хуйвалдаж зээл авдаг гэж байна. Солонгосын 4 банкинд байршуулсан гэсэн үнэн үү? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв нэртэй байшин баригдсан ч өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь үнэн үү?
-Өнгөрсөн хугацаанд бид тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг шийдсэн. Тэтгэврийн доод хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Инфляцийн 40 орчим нэмэгдэл дээр өнгөрсөн хугацаанд 62.8 хувиар тэтгэвэр нэмсэн байлаа. Бид бодлогоо зөв талд нь барьж явна. Сүүлийн 2006-2015 онд гарсан зөрчил дээр хуулийн байгууллагаас гадна холбогдох байгууллага жил бүр 345 мянган хүний асуудал гараад 148 мянган хүний 164 сая төгрөгийн зөрчилтэй асуудал гарсан. 22 сая төгрөгийн зөрчлийн асуудал яригдаж байна. Авах ёстой арга хэмжээ, хариуцлагаа тооцоод явж байна. 2013 оноос цахим мэдээллээр хангагдсан учир зөрчил багассан. Сангийн менежментийн асуудал зөв зүг рүүгээ явж байгаа.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:
-Солонгосын ямар нэг банкинд хадгаламж байршиж байгаа асуудал огт байхгүй. Шонхор таур” гэдэг миний нэртэй ямар ч барилга байхгүй. Таныг ч гэсэн генералуудад зориулж Хандгайтад барьсан барилгатай чинь холбовол яах вэ? Бодолцох хэрэгтэй. Шагнал авдаг зөрчил гарч байсан. Одоо энэ асуудал байхгүй. Нийгмийн даатгалын үйл ажиллагаа үзүүлж байгаа нийт хүмүүсийг авлигачин болгож ярьдаг чинь буруу. Арилжааны ямар банктай үгсэн хуйвалдсаныг нотолгоогоор гаргаач ээ. Шалгадаг газар нь шалгуул. Түүнээс биш индэр, УИХ-ын чуулганы танхимыг ашиглаад гүтгэлэг хийдгээ боль. Манай нийгмийн даатгалын шилэн данс маш сайн ажилладаг гэж танай намын бүлгийн ажлын албаныхан чинь мэдээлж байгаа. Бүхэл бүтэн байгууллагын үйл ажиллагааг харлуулах гэдгээ боль. Энэ салбарт ажиллаж байгаа 5000 гаруй төрийн албан хаагчдыг гутаах гэж байдгаа боль.
Ийнхүү Ерөнхий сайдын мэдээллийн цаг дууслаа. Одоо Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ