Амиа золиослогчид 27 хүн аминд хүрчээ

Чад улсын Коулфои хотноо байрлах худалдааны захад өчигдөр 12.00 цагийн орчимд гурван эмэгтэй амиа золиослосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагаар 27 хүн амиа алдаж, 80 хүн гэмтжээ. Амиа золиослогчид Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлд элссэн эмэгтэйчүүд байсан хэмээн Чад улсын цагдаагийн газраас мэдээлэв.
Халдлагын дараа хотын ойр орчимд хөл хорио тогтоож, зах болон худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус бүлэглэл халдлагаас хагас цагийн дараа олон нийтийн сүлжээгээр дамжуулан дахин халдлага үйлдэхээ сануулж “Эрх мэдлээ бидэнд өг” хэмээн мэдэгдсэн байна.
Хэт даврагчид өнгөрсөн оноос Чад улс руу халдах нь ихэссэн бөгөөд ойролцоогоор 200 гаруй хүний аминд хүрсэн талаар хүний эрхийн “Эмнести интернэйшнл” байгууллагаас уламжлав. “2009 оноос өнөөдрийг хүртэл хэт даврагчдын гарт 1700 иргэн амиа алдсан” гэж Чад улсын Засгийн газраас мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ